sonin.mn

Ням гарагт Бразилд хүрэлцэн ирсэн Ерөнхийлөгч Жо Байден Амазоны ширэнгэн ойд очсон Америкийн анхны ерөнхийлөгч болж байна. Энэ бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг түүний хийж буй тэмцлийн "өв"-ийн нэгэн хэсэг юм гэж Цагаан ордон мэдэгдлээ. Байден дэлхийн хамгийн том ширэнгэн ойн захад орших Амазонас мужийн нийслэл Манаус хотод нисэх онгоцоор хүрэлцэн иржээ.


Тэрбээр мэдэгдэхдээ, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд жил бүр 11 тэрбум доллар зарцуулна гэсэн зорилтоо түүний засаг захиргаа биелүүлсэн төдийгүй давуулан биелүүлснийг дурдлаа. 


“Гараг дэлхийгээ хамгаалах тэмцэл бол ирээдүй хойч үеийнхний төлөөх тэмцэл юм. Бүх улс орон, нийт хүн төрөлхтөнд учирч буй оршин тогтнохтой холбоотой цорын ганц аюул нь уур амьсгалын өөрчлөлт байж магадгүй” гэж Манаус дахь дархан цаазат газарт очиж үг хэлэхдээ Байден онцлон тэмдэглэсэн байна. Лима хотод болж буй Ази-Номхон далайн эдийн засгийн холбооны, Рио-де-Жанейрод болж буй “Их20”-ийн дээд хэмжээний уулзалтуудад оролцоод завгүй байгаа Ерөнхийлөгч Ж.Байден Манаус хотод богино хугацаанд зочилж үг хэлэхдээ, АНУ-ын зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэд хэдэн хөтөлбөрт хөрөнгө оруулсны дотор Амазоны санд 50 сая доллар хандивласан гэдгийг онцлон дурдлаа. Тэрбээр нисдэг тэргээр Амазоны ширэнгэн ойн дээгүүр нисэж, уугуул омгуудын удирдагчидтай уулзжээ. Нислэгийн үеэр Байден Рио-Негро гол, Амазон мөрний бэлчир болон эргийн эвдрэл ба ойн түймэр Амазонд асар их хөнөөл учруулсныг харжээ.


Дээд хэмжээний уулзалтуудад оролцож буй зарим дипломат эх сурвалж ярихдаа, шинэ засаг захиргааны үед энэ чиглэлд гаргаж буй АНУ-ын хүчин чармайлт мэдэгдэхүйц суларна гэдэгт санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Сонгуульд ялсан Д.Трамп ирэх оны нэгдүгээр сард албан тушаалдаа орно. Тэрбээр өмнө нь ерөнхийлөгч байхдаа уур амьсгалын асуудлаарх Парисын гэрээнээс АНУ-ыг гаргаснаар байгаль хамгаалах хөдөлгөөний идэвхтнүүдийг гайхшруулж байсан бөгөөд уг асуудлыг “санаанаасаа зохиосон хуурамч зүйл” гэдгийг хэдэнтээ хэлж байв.


Өөрт нь хоёрхон сар ажиллах хугацаа үлдсэн гэдгийг Байден хэлээд, өөрийг нь залгамжилж буй хүнд “хэрвээ хүсэх аваас тулж түшиж болох бат бөх суурийг бий болгож өгсөн” гэдгээ дурдав.


“Америкт өрнөж буй цэвэр эрчим хүчний хувьсгалыг хэн нэгэн хүн үгүйсгэж магадгүй, гэхдээ хэн ч гэдрэг ухрааж чадахгүй” гэж Ж.Байден хэлээд, цэвэр эрчим хүчний хөгжлийг урагшлуулахыг хоёр нам хоёулаа дэмжиж байгаа бөгөөд бусад улс орон эдийн засгийн хөгжил дэвшилдээ ашиглаж байгааг дурдлаа. 



Б.Адъяахүү