sonin.mn

РИО-ДЕ-ЖАНЕЙРО, 2024 оны арванэгдүгээр сарын 18 /TASS/. Рио-де-Жанейро хотноо даваа гарагт буюу өнөөдөр эхлэх “Хорийн бүлэг”-ийн (G20) дээд хэмжээний уулзалтад 40 гаруй орны төлөөлөгчид оролцоно гэж Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва мэдэгдэв.


"Дээд хэмжээний уулзалтад 42 орон оролцож байгаа нь чухал. Бид өлсгөлөн, ядууралтай тэмцэх талаар ярилцахаас гадна эрчим хүчний шилжилтийн талаар, мөн дэлхийн засаглалын тухай ярилцах болно. НҮБ-ын шийдвэрийг дагаж мөрдөнө гэдэгт баталгаа гаргахын тулд шинэчлэл хийх шаардлагатай байна" гэж тэрбээр олон нийтийн X сүлжээнд бичжээ.


Лула да Силва дээд хэмжээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Анголын Ерөнхийлөгч Жоау Лоуренсу, Вьетнамын Ерөнхий сайд Фам Минт Тинь, Египетийн Ерөнхийлөгч Абделл Фаттах ас-Сиси, Малайзын Ерөнхий сайл Анвар Ибрагим, Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоза нартай, мөн Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, АНЭУ-ын төлөөлөгчидтэй ням гарагт уулзжээ. Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро нар дээд хэмжээний уулзалтад оролцохоор Бразилд хүрэлцэн иржээ. ОХУ-ыг Гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөлөн оролцоно.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг