ТЕЛЬ-АВИВ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Туркийн тал Израилын Ерөнхийлөгчийн нисэх онгоцыг агаарын орон зайгаараа нэвтрүүлэхээс татгалзсан тул Ерөнхийлөгч Ицхак Герцог Азербайжанд болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хуралд (COP29)-д оролцох боломжгүй болжээ.
Энэ тухай Израилын “Yedioth Ahronot” сонин Азербайжаны нэрээ нууцалсан албан тушаалтнууд мэдээлснийг ням гарагт уламжилжээ. Эх сурвалжууд өмнө нь “Caliber.az.” мэдээллийн цахим хуудсанд гарсан мэдээллийг баталсан байна.
Израилын Ерөнхийлөгч Боинг 767 загварын шинэ нисэх онгоц болох “Wing of Zion” гэдэг нэртэй онгоцоор Азербайжан руу нисэх гэж байжээ. Харин чуулганд оролцож буй Израилын сайд нар Гүржээр дамжин арилжааны нислэгээр Бакуд хүрчээ.
Дипломат шугамаар хэдэн өдрийн турш эрчимтэй хэлэлцээ хийсэн боловч үр дүнд хүрээгүй гэж дээрх сонины эх сурвалж хэлээд Азербайжаны тал бага хуралд оролцох бүх нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэдгийг дурдсан байна.
Аюулгүй байдлын үүднээс НҮБ-ын бага хуралд оролцох айлчлалыг цуцалсан гэж Израилын төрийн тэргүүний ажлын албанаас өмнө нь мэдэгджээ.
Мөн Азербайжаны Гадаад хэргийн яамны өндөр албан тушаалтан “Caliber.az.” цахим хуудсанд мэдээлэхдээ, И.Герцог Туркийн эрх баригчдын байр сууринаас шалтгаалан бага хуралд оролцох боломжгүй болсон гэжээ.
COP29 бага хурал Баку хотноо энэ сарын 11-нд эхэлсэн бөгөөд 22-ны өдөр өндөрлөх юм. Энэ удаагийн бага хурлаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг 2025 оноос хойш санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд шинжээчид жилд хамгийн багадаа нэг их наяд ам.долларын санхүүжүүлт шаардлагатай гэж тооцоолжээ. Үүнээс гадна, агаар мандалд хаягдаж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээний талаар ярилцана.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0