sonin.mn

Ирэх оны нэгдүгээр сарын 5-наас эхлэн Нью-Йорк хотын зарим замаар зорчиход төлбөр ногдуулна гэдгийг тус хотын захирагч Кэти Хочул мэдэгдлээ.


Энэхүү шийдвэр нь “хотын гудамжнуудад үүсдэг түгжрэлийг арилгах, бохирдлыг багасгах, олон сая нью-йоркчуудад нийтийн тээврийг илүү хүртээмжтэй болгоход чиглэсэн” болохыг тэрбээр онцолсон байна.


Зарим зорчигч ба бизнес эрхлэгчдийн хүсэлтээр 6 дугаар сард хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байсан уг төлөвлөгөөг хотын захирагч К.Хочул түр зогсоожээ. Харин төлөвлөгөөг шинэчилснээр Манхэттэн дүүрэгт нэвтрэх автомашинуудаас авах хураамжийн хэмжээг анх төлөвлөснөөс доогуур тогтоожээ. Гэсэн хэдий ч шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп хураамж авахыг эсэргүүцэж байна.


Энэхүү хураамжийг Нью-Йоркийн төв болох 60 дугаар гудамжнаас эхлэн Манхэттэн дүүргээр зорчих үед авах юм. Хураамжийн хөтөлбөр нь хотын метро, автобус болон нийтийн тээврийн бусад үйлчилгээг зохицуулдаг Хотын тээврийн газрын үйл ажиллагаанд зориулан хөрөнгө мөнгө босгох зорилготой ажээ.


Өчигдөр хотын захирагч хэлэхдээ, анхандаа 15 доллар байхаар тогтоосон автомашины хураамжийг 9 доллар болгож бууруулсан гэдгийг мэдэгджээ. Манхэттэн дүүрэг рүү нэвтрэхийн тулд ачааны жижиг машинууд ба нийтийн тээврийн бус автобусны жолооч нар 14.40 доллар, том оврын ачааны машин болон жуулчдын автобусны жолооч нар 21.60 долларын хураамж төлөх ажээ.


Лхагва гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр К.Хочул хэлэхдээ “Вашингтонд хэн засгийн эрхийг барьж байгаагаас үл хамааран би төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн байна.


Харин түгжрэлийн хураамж авах шийдвэрийг АНУ-д бүх нийтийн сонгууль болсноос хойш долоо хоногийн дараа гаргасныг зарим хүмүүс шүүмжилжээ.



Б.Адъяахүү