ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Флорида муж улсын сенатч Марко Рубиог нэр дэвшүүлжээ. Уг албан тушаалд М.Рубиог томилох төлөвтэй байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Д.Трамп цахим шуудангаар хийсэн мэдэгдэлдээ, “Марко бол өндөр нэр хүндтэй удирдагч бөгөөд эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо маш хүчтэйгээр илэрхийлдэг хүн. Тэрбээр манай үндэстний төлөө зүтгэх хүчирхэг хамгаалагч, холбоотнуудын маань үнэнч анд нөхөр, харин дайснуудын хувьд хэзээ ч ухарч няцахгүй, аймшиггүй дайчин байх болно” гэж бичжээ.
М.Рубио Сенатын Тагнуулын хорооны дэд даргын албыг хашдаг бөгөөд Гадаад харилцааны хороонд ажилладаг. Түүнийг Иран болон Хятадын эсрэг хатуу байр суурь баримталдаг гадаад бодлогын “шонхор” гэж тодорхойлдог байна.
Украиныг дэмждэг хэдий ч тэрбээр өмнө нь Орос-Украины дайныг дуусгах хэрэгтэй гэж хэлж байсан удаатай. М.Рубио, Д.Трамп нар 2016 онд Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд ширүүн өрсөлдөж байлаа. Тэд янз бүрийн асуудлаар, ялангуяа цагаачлалын асуудлаар санал зөрөлдөж, улмаар бие биеэ шүүмжилж, Трамп сенатчийг “бяцхан Марко” гэж нэрлэж байсан бол Рубио Трампыг “том биетэй мөртлөө жижиг гартай” гэж шоолж байв. Гэвч хэсэг хугацааны дараа М.Рубио өрсөлдөгчөө дэмжих болж, 2024 оны сонгуулиар түүний төлөө сурталчилгаа хийсэн юм. Тэрбээр мөн дэд ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд багтаж байсан боловч бөгөөд энэ албан тушаал Ж.Д.Вэнсэд очсон билээ. Кубын цагаач ажилчны хүү М.Рубио анх 2010 онд Сенатын гишүүнээр сонгогдож байжээ.
Мөн Д.Трамп Конгрессын гишүүн Мэтт Гетцийг Ерөнхий прокуророор, Үндэсний тагнуулын газрын захирлаар Тулси Габбардыг нэр дэвшүүлжээ. Тэднийг томилоход Д.Трампын Бүгд найрамдах нам олонх болоод буй Конгрессын дээд танхим болох Сенатын зөвшөөрөл шаардлагатай юм.
Түүнчлэн Өмнөд Дакота муж улсын сенатч Жон Туныг Сенатын олонхын бүлгийн даргаар сонгожээ. Уг албан тушаалыг одоогоор Кентукки муж улсын сенатч Митч Макконнель хашиж байна. Үүнээс гадна, бүгд найрамдахчууд Конгрессын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимд мөн хяналтаа тогтоожээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Укр гэж уйлагнан жүжиглэдэг масктай нөөваар хуяа троллуудын гитад эзэдийг чинь нам дарах нь дээ, ккк
Кубын хатуу хориг зөөлрөх байх. Ухаалаг, боловсролтой хүн. Зөв сонголт байна.