sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /CNBC/. Даваа гаргийн арилжаа хаагдах үед “Tesla” компанийн хувьцааны ханш 9 орчим хувиар өссөнөөр тус компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай нягт харилцаатай Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш өсөлт үргэлжиллээ. Ингэснээр ханшийн өсөлт урьдчилсан таамаглалаас давсныг “Wedbush” фирмийн шинжээчид мэдэгдээд төсөөллөө ахиулсан байна. Өнгөрсөн долоо хоногт “Tesla”-гийн хувьцаа ойролцоогоор 30 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд ам.долларын босгыг дахин давсан юм.


“Трампын ялалт нь “Tesla”, Маскийн автомат жолоодлогын систем болон хиймэл оюун ухааны технологийн хувьд ойрын жилүүдэд томоохон өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэлтэй байгаа тул бид “Tesla”-гийн хувьцааны өсөлтийн төсөөллийг 300 доллараас 400 доллар болгож байна” гэж “Wedbush”-ийн шинжээчид бичжээ.


Д.Трамп сонгуульд ялснаас хойш хэдхэн өдрийн дотор И.Маскийн хөрөнгө 300 тэрбум доллароос давж, дэлхийн тэргүүн баян хэмээх цолоо улам бататгасан нь сонгуулийн дараах технологи, криптовалютын салбарын өсөлтийн давалгаатай зэрэгцэн тохиож байна. Д.Трампын сонгуулийн кампанит ажилд дор хаяж 130 сая доллар зарцуулсан И.Маск түүний хоёр дахь засаг захиргаанд албан тушаал хаших уу, эсвэл ойрын хүрээллийнх нь хүний хувиар бодлогын шийдвэрт нь нөлөөлөх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.


Гэхдээ аль ч замыг нь сонгосон бай И.Маск өөрийнх нь компаниудтай байгуулах засгийн газрын шинэ гэрээнүүдээс олон тэрбумыг олох боломжтой юм. Мөн түүний компаниудтай холбоотой 19 нэхэмжлэл, мөрдөн шалгах ажиллагааны заримыг нь эсвэл бүхэлд нь дуусгаж, хэрэгсэхгүй болгох магадлалтай.


“Илон Маск Ерөнхийлөгч Трамптай улам нягт харилцаа холбоотой болж байгаа нь “Tesla”-д ямар ашигтай болохыг дүгнэхэд хэцүү байгаа хэдий ч үүнийг сайтар хянаж байх хэрэгтэй” гэж “Bank of America”-гийн шинжээчид өнгөрсөн долоо хоногт бичжээ. Тэд “Tesla”-гийн хувьцааны өсөлтийн төсөөллийг 265-аас 350 доллар болгон өсгөсөн байна. Д.Трамп цахилгаан тээврийн хэрэгслийн татварын хөнгөлөлтийг бууруулж магадгүй гэж мэдэгдэж байсан удаатай. Ийм хөнгөлөлт нь “Tesla”-гийн автомашины борлуулалтыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Гэхдээ Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр И.Маскт “засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хянахыг” санал болгосон байна. Мөн хоёр хоногийн өмнө Д.Трампыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярих үед И.Маск байлцжээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг