sonin.mn

ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий сайдаар дахин сонгожээ. Ш.Ишибагийн Сайд нарын танхим даваа гаргийн өглөө огцорсны дараа санал хураалт явуулсан байна. Эрх баригч эвсэл өнгөрсөн сарын сүүлчээр болсон бүх нийтийн сонгуулиар парламентын доод танхимд олонх болж чадаагүй юм.


Даваа гаргийн үдэд доод танхимд анхны санал хураалт явагдахад эрх баригч Либерал-Ардчилсан намын /ЛАН/ дарга Ш.Ишиба 221 санал авсан бол сөрөг хүчин болох Үндсэн хуулийн ардчилсан намын дарга Ёшихико Нода 151 санал авч, сөрөг хүчний бусад удирдагчид цөөн санал авсан байна.


Ийнхүү нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй тул Ш.Ишиба, Ё.Нода нарын хооронд хоёр дахь шатны санал хураалт явагджээ. Энэ нь 1994 оноос хойш доод танхимд явуулсан хоёр дахь шатны анхны санал хураалт байлаа. Энэ шатанд Ш.Ишиба 221 санал авсан бол Нода 160 санал авчээ.


Өмнө нь Ш.Ишиба дээд танхимын санал хураалтад 142 санал авч ялсан юм. Дахин сонгогдсоныхоо дараа тэрбээр ЛАН-ын эвслийн хамтрагч Комэйто намын дарга Тэцүо Сайтотой уулзаж, шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулжээ.


Ш.Ишиба Кейсүкэ Сүзүкиг Хууль зүйн сайдаар, Такү Этог Хөдөө аж ахуйн сайдаар томилсноор тэд бүх нийтийн сонгуулиар суудлаа алдсан хүмүүсийн халааг авсан байна.


Мөн Т.Сайтогийн оронд Комэйтогийн Накано Хиромасаг Газрын асуудал эрхэлсэн сайдаар томилсон байна. Харин бусад сайд нар албан тушаалаа үргэлжлүүлэн хашихаар болжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг