ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялсны дараа тус улсын хөрөнгийн зах зээлийн индексүүд огцом өсжээ.
Тодруулбал, “Dow Jones” индекс лхагва гарагт 1507 нэгжээр буюу 3.57 хувиар өссөнөөр түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Ингэснээр 2022 оны 11 дүгээр сараас хойш анх удаа нэг өдрийн дотор 1000-аас дээш нэгжээр өсөв.
Мөн “S&P 500” болон “Nasdaq” индексүүд 2.5 хувь, 2.95 хувиар тус тус өссөнөөр түүхэн дээд үзүүлэлтүүдээ шинэчилсэн байна. Үүний зэрэгцээ ам.долларын бусад валюттай, тухайлбал фунт, евро, иентэй харьцах ханш 1.65 орчим хувиар өсжээ.
Д.Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр криптовалютын салбарыг дэмжинэ гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор мөн биткоины ханш 6600 гаруй ам.доллароор өсөж, түүхэн дээд үзүүлэлтэд /75 999 ам.доллар/ хүрсэн байна.
Ерөнхийлөгч асны криптовалютын талаарх байр суурь нь крипто фирмүүдийн эсрэг өргөн цар хүрээтэй тэмцэл өрнүүлээд байсан Жо Байдены засаг захиргааныхаас эрс ялгаатай байгаа юм. Д.Трамп өмнө нь АНУ-ыг “дэлхийн криптовалютын нийслэл болгоно” хэмээн мэдэгджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Америкчууд зөв хүнээ ерөнхийлөгчөөр сонгосноор америкийн хөрөнгийн зах зээлийн индекс эрс өсч байна. Ардчиллын ард байгаа сатануудыг сонгосон бол америкийн хөрөнгийн зах зээл эдийн засаг өсөхгүй.
хоосон худлаа өсгөж бусад улсын кармааг ухдаг хүн шаарууд дахиад эхэллээ
АНУ-д очиж хөрөнгийн зах зээл, биткойнд хөрөнгө оруулалт хийдэггүй л юм бол өөр улс орноос америкийн хөрөнгийн зах зээл, биткойнд хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөнө гэвэл худлаа луйвар.