БЕРЛИН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /DPA/. Германы Социал демократ нам (SPD), “Ногоон" нам болон Чөлөөт ардчилсан нам (FDP)-аас бүрдсэн эрх баригч эвсэл задран унасантай холбогдуулан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг Бундестагт аль болох хурдан хэлэлцүүлэхийг тус улсын сөрөг хүчнийхэн Канцлер Олаф Шольцод хандан уриалжээ.
“Итгэл үзүүлэх эсэх асуудлыг аль болох хурдан хэлэлцүүлэх шаардлагатай. Хоосон засгийн газар Германы хувьд сонголт биш юм. Бид шинэ сонгууль явуулахад бэлэн байна" гэж Бундестаг дахь Христийн нийгмийн холбооны бүлгийн дарга Александр Добриндт мэдэгдсэн байна.
Ийм мэдэгдлийг мөн сөрөг хүчний Христийн ардчилсан холбоо ба Христийн нийгмийн холбоо намуудын (CDU/CSU) Бундестаг дахь фракцын дэд дарга Маттиас Мидельберг хийжээ. "Олаф Шольц одоо нэн даруй энэ асуудлаар хүсэлт гаргах ёстой. Ингэснээр бид шинэ, бүрэн дүүрэн чадавхтай засгийн газрыг түргэн байгуулах боломжтой болно" гэж тэрбээр хэлсэн байна.
Баварийн Ерөнхий сайд, Христийн нийгмийн холбоо намын дарга Маркус Зёдер мөн сонгуулийг ойрын хугацаанд явуулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. "Эрх баригч эвсэл задран уналаа. Одоо цаг алдаж болохгүй” гэж тэрбээр онцлоод, Германд шинэ сонгууль, шинэ засгийн газар яаралтай хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр О.Шольцод хандан итгэл үзүүлэх эсэх асуудлаарх саналаа Бундестагт өмнө нь мэдэгдсэнчлэн ирэх оны нэгдүгээр сарын дундуур бус нэн даруй хүргүүлэхийг уриалжээ. О.Шольц Сангийн сайд Кристиан Линднерийг албан тушаалаас нь огцруулсан тухай “Der Spiegel” сэтгүүл эх сурвалжаас эш татан лхагва гарагт буюу өчигдөр мэдээлсэн байна. Лхагва гаргийн орой эрх баригч эвслийн хорооны хуралдаан болж, улс орны эдийн засгийг хямралаас гаргахтай холбоотой санал зөрөлдөөнөө арилгахыг оролджээ. Төсөв, санхүү, эдийн засагтай холбоотой асуудлуудаар санал зөрөлдсөний улмаас эрх баригч эвсэл дотор хагарал үүссэн байна.
Улмаар О.Шольц Сангийн сайдыг огцруулах саналыг Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт хүргүүлснээ мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тухай саналаа Бундестагт ирэх оны эхээр хүргүүлнэ гэдгээ бөгөөд парламентын ээлжит бус сонгууль ирэх оны гуравдугаар сарын сүүлчээс өмнө болж магадгүй гэдгийг мэдэгджээ.
О.Шольцыг дээрх мэдэгдлийг хийсний дараа Бундестаг дахь Чөлөөт ардчилсан намын бүлгийн дарга Кристиан Дюрр намынх нь сайд нар эрх баригч эвслийн бүрэлдэхүүнээс бүрмөсөн гарч байгааг мэдэгджээ. Тус намын төлөөлөгчид засгийн газарт Сангийн сайд, Хууль зүйн сайд, Шинжлэх ухааны судалгаа, боловсролын сайд, Зам тээврийн сайд гэсэн дөрвөн албан тушаалыг хашиж байв.
Д.Жаргал
Эх сурваж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Германы канцлер Шольц Сангийн яамны сайдаа ажлаас нь халав. Шольц 2025 оны 1-р сард Германы ард түмнээс өөрт нь итгэл хүлээлгэх эсэхийг асууна гэнэ. Мэдээж тэд үгүй гэж хэлнэ. За тэгээд Гадаад улсад Германыг шившгэлдэг Гадаад хэргийн сайд Баербок, Эдийн засгийн сайд Харбек (дунд талын нөхөр) гээд бүгд цувраад ажлаа өгөх биз ээ. Францын Макроны зам мөн адил бүрхэг байна.
орсод дагаар орцгоо баыгалын баялаггүй байж мөс зүсэгч ленин чукотск якут хөлөггүй байж гадаад далайгаар худалдаа хийнэ гэж байхгүй тэгж байгаад хөрш орсоосоо салж сэвж яваад бусдын гарт орвоо ард түмэн чинь зүүн герман нь ална шүү