sonin.mn

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь удаагийн уулзалт 2024 оны 10 дугаар сард Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны жилийн уулзалтын үеэр Америкийн Вашингтон хотод зохион байгуулагджээ.


Уулзалтыг Хятадын Ардын Банкны дэд Ерөнхийлөгч Шуань Инэн болон Америкийн Сангийн яамны туслах сайд Брент Нейман нар хамтран даргалжээ. Уулзалтад Хятадын Үндэсний банк санхүүгийн хяналт удирдлагын ерөнхий газар, Хятадын Үнэт цаасны зохицуулах хороо, Үндэсний гадаад валютын удирдлагын газар, Америкийн Холбооны Нөөцийн Сан, Үнэт цаасны биржийн хяналтын газар, Холбооны хадгаламжийн даатгалын корпорац зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.


Талууд хоёр улсын макро эдийн засаг, банк санхүүгийн нөхцөл байдал, мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, зохицуулалт, хөрөнгийн зах зээл, мөнгө угаах болон терроризмын санхүүжилтийн эсрэг арга хэмжээ болон бусад сонирхсон банк санхүүгийн бодлогын асуудлуудаар мэргэжлийн, бодитой, илэн далангүй, бүтээлч яриа өрнүүлжээ. Хятадын тал эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор банк санхүүгийн зохицуулах байгууллагуудаас хэрэгжүүлж буй бодлогын багцыг танилцуулсан байна. Тодруулбал Хятадын Ардын Банкнаас хөрөнгийн зах зээлийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой хоёр хэрэгслийг танилцуулжээ. Эдгээр нь үнэт цаас, сан, даатгалын компанийн своп солилцоо (SFISF) болон хувьцааг эргэн худалдан авах, нэмэгдүүлэх зээлийн хэрэгсэл гэнэ. Уулзалтын үеэр техникийн шинжээч мэргэжилтнүүдийн баг олон улсын төлбөрийн тэнцлийн тайлангийн боловсруулалт, дэлхийн системийн чухал банкнуудын (G-SIBs) хямралын үеийн харилцаа холбоо, уур амьсгал болон даатгалын салбарын эрсдэлийн асуудлаар танилцуулга хийж, хоёр тал хилийн чанад дахь санхүүгийн үйлчилгээний зохицуулалтыг хэрхэн сайжруулах талаар санал солилцсон байна.


Г.Бямба