ТОКИО, 2024 оны аравдугаар сарын 30 /NHK/. Японы зүүн хойд нутгийн Мияги муж дахь атомын цахилгаан станцын /АЦС/ оператор компани 2011 оны газар хөдлөлт, цунамийн гамшгаас хойш 13 гаруй жилийн дараа буюу мягмар гарагт нэг реактороо дахин ажиллуулж эхэлжээ.
2011 онд нүүрлэсэн байгалийн гамшгийн улмаас хоёрдугаар реактор гадаад эрчим хүчний олон эх үүсвэрээс таслагдаж, газар доорх байгууламж нь усанд автжээ. Улмаар Tohoku Electric Power Company компани гамшгийн эсрэг арга хэмжээ авч, үйлдвэрийн далангуудыг далайн түвшнээс дээш 29 м өндөр болгосон байна. Уг реактор нь 2020 онд Цөмийн зохицуулалтын газраас хийсэн хяналт шалгалтад тэнцжээ. Үүний дараа аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг авч, улсын шалгалт хийсэн байна.
Мягмар гаргийн орой Tohoku Electric реакторыг дахин ажиллуулж эхэлсэн бөгөөд 11 дүгээр сарын эхээр эрчим хүч үйлдвэрлэж эхлэх төлөвтэй байна. Хоёрдугаар реактор нь халуун усны реактор бөгөөд сүйдсэн “Фүкүшима-1” станцад ашигладаг байсан реактортой ижил төрлийнх юм. Ингэснээр 2011 оны газар хөдлөлт, цунамийн дараа дахин ажиллаж эхэлсэн энэ төрлийн реактор болсон бөгөөд гамшигт нэрвэгдсэн бүс нутагт үйл ажиллагаагаа сэргээсэн анхны реактор болж байна.
Засгийн газар нүүрстөрөгчийн ялгаралгүй нийгмийг цогцлоох, эрчим хүчний тогтвортой нөөцийг хангахын тулд цөмийн эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Мөн “Симане” станцын хоёрдугаар реакторыг 12 дугаар сараас дахин ажиллуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь мөн халуун усны реактор юм. Уг станцыг Chugoku Electric Power компани хариуцдаг.
Эрчим хүчний компаниуд орон нутгийн иргэдийг мэдлэг ойлголттой болсны дараа Ниигата муж дахь “Кашивазаки-Карива” АЦС, Ибараки муж дахь “Токай” АЦС зэрэг улс даяарх бусад станцын үйл ажиллагааг сэргээхийг зорьж байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0