sonin.mn

МОСКВА, 2024 оны аравдугаар сарын 30 /DW/. ОХУ-ын стратегийн цөмийн тогтоон барих хүчин "дайсны цөмийн цохилт"-ын хариуд "бөөн хүчээр цөмийн цохилт" өгөх сургуулилалтыг мягмар гарагт хийлээ. Сургуулилалтын талаар ОХУ-ын Батлан хамгаалах сайд Андрей Белоусов Ерөнхийлөгч Владимир Путинд илтгэсэн хэмээн тус улсын төрийн мэдээллийн агентлагууд мэдээлжээ. 


А.Белоусовын мэдэгдсэнээр, "ОХУ-ын Зэвсэгт хүчнийг удирдах сургуулилалтыг" В.Путиний удирдлага дор явуулсан байна. Сургуулилалтад “цөмийн гурвал”-ыг бүрдүүлдэг хуурай зам, тэнгисийн болон агаарын цэргийн хүчнүүд оролцсон байна. 


Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, тив хоорондын "Ярс" баллистик пуужинг Архангельск мужид орших төрийн мэдлийн “Плесецк” сансрын хөлгийн туршилтын буудлаас Камчатка дахь Кура туршилтын талбай руу хөөргөжээ.


"Синева" болон "Булава" баллистик пуужингуудыг Баренцын тэнгисээс "Новомосковск" стратегийн пуужинт шумбагч хөлөг онгоцноос, Агнуурын тэнгисээс "Князь Олег" цөмийн шумбагч онгоцноос тус тус харвалаа гэж тус яам мэдээлсэн байна. 


Сургуулилалтад мөн алсын бөмбөгдөгч “Ту-95МС” нисэх онгоцууд оролцож, агаарт далавчит пуужингуудыг харвах сургууль хийсэн байна. Пуужин харвах сургуулийг ОХУ-ын Үндэсний Батлан хамгаалах хяналтын төвөөс хянаж байв.


Цэргийн удирдах байгууллагуудын бэлэн байдал, удирдах ба оператив бие бүрэлдэхүүний өөрсдийн харьяалал дахь хүчнийг удирдах ур чадварыг шалгалаа. Даалгавруудыг бүрэн гүйцэт биелүүлж дууссан, бүх пуужин байндаа туссан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ. 


Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн Д.Песковын мэдэгдсэнээр, эдгээр нь тогтмол хийдэг төлөвлөгөөт сургуулилалтууд юм. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг