sonin.mn

СӨҮЛ, 2024 оны аравдугаар сарын 25 /CNN/. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын эрх баригчид “хэн ч ганцаарддаггүй хотыг бий болгохоор” төлөвлөж байна. Тодруулбал, эрх баригчид хотын оршин суугчдын дунд ганцаардлын түвшин нэмэгдэж байгааг бууруулахын тулд ирэх таван жилийн хугацаанд 451.3 тэрбум вон (327 орчим сая ам. доллар) зарцуулахаар төлөвлөжээ.


Өмнөд Солонгосын нийгэмд ганцаардлын асуудал олон жилийн турш хурцаар тавигдаж байгаа юм. Жил бүр тус улсад олон мянган хүн, голдуу дунд насны эрчүүд гэр бүл, найз нөхдөөсөө тусгаарлагдан, ганцаар байсаар нас бардаг.


Заримдаа тэдний цогцсыг хэдэн өдөр, хэдэн долоо хоногийн дараа олох нь бий. Өмнөд Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамнаас мэдээлснээр, 2023 онд 3660 гаруй ийм тохиолдол бүртгэгдсэн байна. Ийм үзэгдлийг солонгосчууд “ганцаардсан үхэл” гэж нэрлэдэг. Хотын эрх баригчдын хэрэгжүүлэх гэж байгаа шинэ санаачилгууд бол 24 цагийн шууд утсаар дамжуулан ганцаардлын талаар зөвлөх үйлчилгээ бий болгох, мөн үүнтэй төстэй цахим платформыг бий болгох ажээ. Ийм үйлчилгээнүүдийн тусламжтайгаар ганцаардлаас болж зовж шаналж буй хүмүүс мэргэжилтнүүдэд хандаж, зөвлөгөө авах боломжтой болно. 


“Ганцаардал, тусгаарлагдмал байдал нь хувь хүний асуудал биш, харин нийгэм хамтдаа шийдэх ёстой асуудал юм. Бид ганц бие хүмүүсийг "эдгээж, нийгэмд эргэн ирэхэд нь" туслахын тулд "хотын бүх нөөц бололцоог дайчилна" гэж Сөүл хотын дарга О Се Хун мэдэгджээ. 


Сөүлийн эрх баригчид мөн сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийг өргөжүүлэх, амралт чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламжуудыг илүү ихээр бий болгох, дунд болон өндөр настай оршин суугчдад зориулсан хоол хүнс тараах хөтөлбөр гаргах, тусламж хэрэгтэй ганцаардсан иргэдийг олж тогтоох тусгай системийг хөгжүүлэх, мөн цэцэг ногоо тарих, спортоор хичээллэх, номын хэлэлцүүлэгт оролцуулах зэргээр ганцаардсан хүмүүсийг гадуур явах, нийгэмшихэд нь туслах янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах ажээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг