sonin.mn

КОПЕНХАГЕН, 2024 оны аравдугаар сарын 24 /Reuters/. Дэлхийн дулаарлаас үүдэн Атлантын далайн урсгалд томоохон өөрчлөлт гарахаас урьдчилан сэргийлэхийг уур амьсгалын чиглэлээр судалгаа хийдэг 40 гаруй эрдэмтэн Скандинавын орнуудын сайд нарт уриалжээ. Ийм өөрчлөлт нь цаг агаарын төлөв байдлыг огцом өөрчилж, экосистемийг сүйтгэж болзошгүй байна.


Эрдэмтдийн үзэж буйгаар, Хойд Атлантын далай руу бүлээн усыг зөөвөрлөж, Европыг зөөлөн уур амьсгалтай болгож өгдөг Атлантын далайн урсгалын систем сүйдэх нь Арктикийн бүс болон бусад орны хүмүүсийн амьдрах нөхцөлийг эрсдэлд оруулж болзошгүй ажээ.


“Далайн урсгалын ийм өөрчлөлт нь ялангуяа Скандинавын орнууд төдийгүй дэлхийн бусад хэсэгт сүйрлийн, эргэлт буцалтгүй нөлөө үзүүлнэ” гэж эрдэмтэд Дани, Швед зэрэг таван улсаас бүрддэг Скандинавын орнуудын Сайд нарын зөвлөлд илгээсэн захидалдаа дурджээ. 


Уг захидалд мөн дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахыг уриалсан арга хэмжээнүүдийг авахыг зөвлөлд хандан уриалжээ. Өмнө нь хийсэн судалгаануудаар Атлантын далайн урсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг маш дутуу үнэлсэн гэдгийг эрдэмтэд онцлоод, ойрын хэдэн арван жилд түүнээс сэргийлэх боломж байгааг дурдсан байна.


Захидалд гарын үсэг зурсан Копенхагены их сургуулийн профессор Питер Дитлевсен хэлэхдээ, хэрэв Их Британи, Ирланд улсууд Норвегийн хойд хэсэг шиг болбол энэ нь асар их үр дагавартай гээд, бидний тогтоосноор магадлал тийм ч бага биш байна гэлээ. “Энэ бол амархан дасан зохицож чадах зүйл биш” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Далайн урсгалын систем сүйдвэл дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст илүү хүйтэн болж, Атлантын далайн түвшин нэмэгдэж, Европ, Хойд Америкт унах хур тунадасын хэмжээ багасаж, Өмнөд Америк, Африкт борооны улирал өөрчлөгдөнө гэж Их Британийн Цаг уурын албанаас мэдээлсэн байна.


Олон улсын валютын сангийн мэдээлснээр, 2022 онд дэлхийн олборлодог түлшний татаас долоон их наяд ам.долларт буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Ийм татаас нь уур амьсгалын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх найдвартай хүчин чармайлт байхгүйг харуулж байна гэж Германы Потсдам дахь Уур амьсгалын нөлөөллийн судалгааны хүрээлэнгийн профессор Стефан Рахмсторф хэлсэн байна.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг