sonin.mn


ПРАГА, 2024 оны аравдугаар сарын 17 /ВВС/. Шөнийн цагаар гадаадын жуулчид Прага хотын шар айрагны газруудаар бөөнөөрөө хэсэж буйг хориглох тухай шийдвэрийг тус хотын захиргаа гаргажээ. Учир нь, чимээ шуугиан, хог хаягдал ихсэж, тав тух алдагдаж буйд хотын оршин суугчид дургүйцэх болжээ.  Дээрх шийдвэрийн дагуу гадаадынханд зориулсан паб-турыг 22:00 цагаас 6:00 цаг хүртэл зохион байгуулахыг хориглосон байнаХотын орлогч дарга Иржи Поспишил хэлэхдээ “төрөлх хотоо соёлтой, олон нийтийн орон зайг хүндэтгэдэг хот болгох нь нэн тэргүүний зорилт мөн” гэжээ. Согтуу жуулчид нь хотын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна хэмээн хотын эрх баригчид үзэж байгаа аж.  




Прагаас гадна Венец, Амстердам, Барселона зэрэг хотуудын захиргааны зүгээс чимээ шуугиан тарьдаг жуулчидтай тэмцэхэд чиглэсэн дээрхтэй адил аргуудыг хэрэглэж байгаа юм.




Ялангуяа ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн объектууд байрладаг Прага 1 гэдэг төвийн дүүрэгт шар айрагны газрууд, зоогийн газруудын ихэнх нь үйлчилгээ явуулдаг тул дүүргийн захиргаа дээрх шийдвэрийг талархан хүлээж авсан байна. Харин жуулчдыг пиво бааруудаар “аялуулдаг” Prague Pub Crawl компанийн зүгээс хотын захиргааны шийдвэрийг “популист алхам” гэж нэрлээд, хотын цагдаагийн бие бүрэлдэхүүн дутмаг байгаа гэх зэрэг бодитой асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байгааг нь шүүмжилжээ.  



Прага хот 1,3 сая оршин суугчтай бөгөөд жилдээ 7,4 сая жуулчныг хүлээн авдаг байна. Жуулчид Прага хотын түүхэн дурсгалт газруудыг сонирхдог төдийгүй зарим пабад уснаас ч хямд байдаг шар айргийг нь амтлахыг ихэд хүсдэг гэнэ.  


Б.Адъяахүү