sonin.mn

КИЕВ, 2024 оны аравдугаар сарын 17 /BBC/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Дээд Радад үг хэлэхдээ “ялалтын төлөвлөгөөгөө” танилцуулжээ. Өнөөг хүртэл энэ төлөвлөгөөг албан ёсоор, мөн олон нийтэд танилцуулаагүй байсан юм.

"Путин бусад бүх хүний хувьд дүлий, гэхдээ украинчууд Орос улсыг энх тайвныг тогтоохоос өөр аргагүйд хүргэхийн тулд нөхцөл байдлыг өөрчлөх ёстой" гэж тэрбээр үгийнхээ эхэнд хэлжээ. Тэрбээр хэлэхдээ, Оросын тулган шаардалтууд бүгдээрээ утга учиргүй бөгөөд төлөвлөгөө хэрэгжвэл ирэх жил дайн дуусаж магадгүй" гэв. 

В.Зеленскийн “ялалтын төлөвлөгөө” нь таван заалт, гурван нууц хавсралттай аж. Эхний заалт нь геополитикийн агуулгатай. Тодруулбал, Украин улсыг "яг одоо" НАТО-д урих тухай юм.


Хоёр дахь заалтад Оросын нутаг дэвсгэрт ажиллагаагаа үргэлжлүүлэх, Оросын нутагт цохилт өгөх хязгаарлалтыг цуцлах, Оросын нисэх онгоцуудыг түншүүдтэйгээ хамтран устгах, нисгэгчгүй онгоц, пуужингуудыг хэрэглэх цар хүрээг өргөжүүлэх, холбоотон орнуудын тагнуулын мэдээлэлд нэвтрэх тухай агуулгатай байна. Энэ заалт нь нууц хавсралттай ажээ. "Оросуудад дайн гэж юу болохыг ойлгуулж, үзэн ядалтыг Кремлийн зүгт эргүүлэхийн тулд Оросын иргэдэд дайныг дахин мэдрүүлэх явдал юм" гэж В.Зеленский энэ заалтаа тодорхойлов. 

Гурав дахь заалт бол тогтоон барих хүчтэй холбоотой. Украин улс өөрийн нутаг дэвсгэрт Оросоос ирэх цэргийн аливаа аюулаас хангалттай хэмжээнд хамгаалах цөмийн бус стратегийн зэвсгийг байрлуулахыг санал болгож байгаа юм. Энэ заалтад АНУ, Их Британи, Их Британийн удирдагчдад өгсөн нууц хавсралттай байна. Франц, Итали, Герман улсуудын эрх баригчдад аль хэдийнэ хүлээн авсан гэж "РБК-Украин" цахим хуудсанд мэдээлжээ. 




Дөрөвдүгээр заалт нь Украины эдийн засгийн нөөц боломжийг хөгжүүлэх, хориг арга хэмжээг чангатгах тухай байна. Энэ заалтын нууц хавсралтыг АНУ, Европын Холбоонд өгч байгаа аж. 




Тавдугаар заалтыг дайны дараах үеийг тооцож боловсруулжээ. Тодруулбал, Украины арми НАТО болон Европын батлан хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд туршлагаа ашиглах боломжтой. Украины цэргүүд Европын орнуудад байрлаж буй Америкийн цэргийн хүчний анги нэгтгэлтэй ээлж солих боломжтой гэж В.Зеленский хэлэв.

"Орос улс Украинд тавих хяналтаа үүрд алдах ёстой, түүгээр барахгүй ийм хяналт тавих хүсэлгүй болох ёстой. Энэ бол украинчуудын хувьд амьдралын баталгаа, Европын хувьд энх тайвны баталгаа юм. Энэ бүхэнд хүрэхийн тулд би та бүхнийг Украины төлөө, Украин дахь эв нэгдлийн төлөө түншүүдтэйгээ хамтран ажиллахыг, түншүүдээ итгүүлэн үнэмшүүлэхийнх тулд цөхрөлтгүй ажилладаг байхыг хүсэж байна" гэж В.Зеленский мэдэгджээ. 




Уг төлөвлөгөөг Дээд Радад танилцуулах үеэр Ерөнхий сайд Денис Шмыгаль, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров, Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский, Аюулгүй байдлын газрын дарга Василий Малюк, Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов нар байлцсан байна. 

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков В.Зеленскийн төлөвлөгөөг "нэг өдрийн настай" гэж мэдэгджээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг