sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 16 /Fox News/. Багийн бүрэлдэхүүнд нь трансжендер тоглогч багтсан тул АНУ-ын таван их сургуулийн волейболын эмэгтэйчүүдийн багууд Сан-Хосе хот дахь Калифорнийн их сургуулийн багтай тоглохоос татгалзжээ. 

Сан-Хосегийн баг энэ улирлын 12 тоглолтын есөд нь хожсон байна. Одоо төгсөх курсийн оюутан, трансжендер Блэр Флеминг тус багт гурав дахь жилдээ тоглож байгаа ажээ. 10 дугаар сарын 26-нд Рино хот дахь Невадагийн их сургуулийн баг Сан-Хосегийн багтай тоглох ёстой боловч татгалзсан байна. Үүнээс өмнө Өмнөд Ютагийн их сургууль, Бойсе хот дахь Айдахогийн их сургууль, Вайомингийн их сургууль болон Ютагийн их сургуулийн эмэгтэй волейболчид тус багтай тоглохоос татгалзаж байгаагаа мэдэгджээ.  




"Бид Сан-Хосе дахь Калифорнийн их сургуулийн багтай хийх тоглолтод оролцохоос татгалзаж, Өмнөд Ютагийн их сургууль, Бойсе дахь Айдахогийн их сургууль, Вайомингийн их сургууль болон Ютагийн Их сургуулийн волейболын багтай нэгдэж байгаагаа илэрхийлж байна. Талбай дээр аюулгүй, шударга өрсөлдөх эрхээ хүндэтгэхийг бид шаардаж байна. Бид эмэгтэй тамирчдад шударга бус хандсан аливаа тэмцээнд оролцохоос татгалзаж байна" гэж Рино хот дахь Невадагийн их сургуулийн баг мэдэгдсэн байна. 




Ийм шийдвэрийг тамирчид өөрсдөө гаргасан бөгөөд их сургуулийн байр суурийг илэрхийлээгүй гэдгийг Их сургуулийн удирдлага онцолсон байна. Невадагийн их сургуулийн удирдлага тоглолтыг зохион байгуулна гэж төлөвлөсөн хэвээр байгаа, гэхдээ “тоглолтод оролцохгүй гэж шийдсэнийх нь төлөө тамирчдад сахилгын шийтгэл оноохгүй" гэж мэдэгджээ.

Флемингийн багийн гишүүн болох Брук Слюссер гэдэг тоглогч мөн түүнийг талбай дээр тамирчдыг эрсдэлд оруулж байна гэж мэдэгдэж, оюутны тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд трансжендер тамирчин оролцож байгааг шүүмжилжээ. Слюссер Оюутны спортын үндэсний холбооны /NCAA/ эсрэг гаргасан гомдолд нэгдсэн байна. Трансжендер тамирчдын талаарх тус холбооны бодлого нь эмэгтэйчүүдийн спортын цэвэр, шударга байдлыг алдагдуулж, эмэгтэйчүүдийг эрсдэлд оруулж байна гэж гомдол гаргагчид үзэж байгаа аж. 




"Флемингийн цохисон бөмбөг цагт 80 гаруй милийн хурдтай байсан. Охид Флемингийн хүчтэй цохьсон бөмбөгөөс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийсэн боловч өөрсдийгөө бүрэн хамгаалж чадаагүй" гэж Слюссер гомдолдоо дурджээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг