sonin.mn

ХОНКОНГ, 2024 оны аравдугаа сарын 16 /TASS/. АНУ-аас Тайваньд 163.7 сая ам.долларын өртөг бүхий 1000 орчим “Switchblade 300” болон “ALTIUS 600M-V” загварын камиказе дрон нийлүүлэх гэрээг талууд байгуулсан тухай арлын төв мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, хоёр гэрээний талаарх мэдээлэл Тайванийн эрх баригчдын худалдан авах ажиллагааны цахим хуудсанд нийтлэгдсэн байна. Эхний гэрээ нь нийт 54 сая ам.долларын өртөгтэй бөгөөд явган цэрэг эсэргүүцэгч 720 ширхэг "Switchblade 300" нисгэгчгүй онгоцыг нийлүүлэх тухай юм. Дронуудыг 2029 оны 11 дүгээр сарын эцэс гэхэд Тайванийн армид хүлээлгэн өгөх ёстой байна.




Хоёр дахь гэрээний дагуу 109.7 сая ам.долларын өртөг бүхий, хуягт машиныг устгах зориулалтай "ALTIUS 600M-V" загварын 291 ширхэг дрон нийлүүлэх бөгөөд дронуудыг 2027 оны эцэс гэхэд Тайванийн армид шилжүүлэн өгөх аж.




Тайваньд "ALTIUS 600MV" болон "Switchblade 300" дронуудыг нийлүүлнэ гэдгээ Төрийн департамент өнгөрсөн зургаадугаар сард мэдэгдсэн юм. Мэдэгдэлд дурдсанаар, гэрээний өртөг нь 360.2 сая ам.доллар байх ёстой. Үүний зэрэгцээ Тайванийн тал хөөргөх цогцолбор, газраас удирдах систем, зэвсэг тээвэрлэх тээврийн хэрэгсэл хүлээн авна. Гэрээний хүрээнд мөн Тайванийн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сургахаас гадна, сэлбэг хэрэгслээр хангаж, засвар үйлчилгээ үзүүлэх ажээ. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг