sonin.mn

БЕРЛИН, 2024 оны аравдугаар сарын 15 /DW/. Израил, Ливаны "Хезболла" бүлэглэлийн мөргөлдөөн Ливаны өмнөд нутагт үүрэг гүйцэтгэж буй НҮБ-ын энхийг сахиулагчдын амь насанд аюул учруулж байгааг Герман, Их Британи, Итали, Францын Гадаад хэргийн сайд нар буруушаав. 

Ливан дахь НҮБ-ын Түр хүчний (ВСООНЛ, UNIFIL) бие бүрэлдэхүүнд халдсан аливаа халдлага "олон улсын хуулийг зөрчиж байна" гэж Анналена Бербок, Дэвид Ламми, Антонио Таяни, Жана-Ноэль Барро нарын хамтарсан мэдэгдэлд дурджээ. Гадаад хэргийн сайд нар “Израил болон мөргөлдөөнд оролцогч талуудад хандан UNIFIL-ийн ажилтнуудын аюулгүй байдлыг ямар ч үед хангах үүргээ биелүүлэх", мөн энхийг сахиулагчдад "үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх боломж олгохыг" уриалжээ.  




"Израилын Батлан хамгаалах арми Ливан дахь НҮБ-ын энхийг сахиулагчдад халдсан" явдлыг Европын Холбооны дипломат албаны тэргүүн Жозеп Боррель мөн буруушаав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик ийм халдлагыг "дайны гэмт хэрэг гэж үзэж болно" гэж мэдэгджээ. 




НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл мөн "Израилын батлан хамгаалах армийн цэргүүд Ливан дахь UNIFIL-ийн хэд хэдэн байгууламж руу гал нээсэнд" ихээхэн түгшиж байгаагаа даваа гарагт илэрхийлсэн байна. Гал нээсний улмаас хэд хэдэн энхийг сахиулагч шархадсан гэдгийг Аюулгүйн Зөвлөлийг одоо тэргүүлж байгаа Швейцарын төлөөлөгч тэмдэглэжээ. 

Ливаны өмнөд нутаг дахь UNIFIL-ийн төв байр руу танкаар буудсан гэж НҮБ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт буюу аравдугаар сарын 10-ны өдөр Израил улсыг буруутгаж, үүний улмаас Индонезын хоёр энхийг сахиулагч шархадсан гэж мэдэгджээ. НҮБ-ын мэдээлснээр, Израилын цэргүүд мөн UNIFIL-ийн бусад байрлал руу гал нээсний дараа шархадсан энхийг сахиулагчдын тоо таван болж нэмэгдсэн байна.




Аравдугаар сарын 13-нд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришт хандан UNIFIL-ийн энхийг сахиулагчдыг Ливаны өмнөд хэсэг дэх Израилын цэргийн ажиллагааны бүсээс “нэн даруй” гаргахыг уриалсан байна. Нетаньяху хэлэхдээ, “Хезболла” бүлэглэлийнхэн UNIFIL-ийн ажилтнуудыг "амьд бамбай" болгон ашиглаж байна гэжээ. Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати Израилын Ерөнхий сайдын уриалгыг зэмлэн буруушааж, "олон улсын хэм хэмжээг зөрчсөн үйлдэл" гэж мэдэгдсэн байна. 

НҮБ-ын энхийг сахиулах хүчний тэргүүн Жан-Пьер Лакруа аравдугаар сарын 14-ний даваа гарагт болсон Аюулгүйн Зөвлөлийн хурлын үеэр хэлэхдээ, Израилын тал уриалсан хэдий ч НҮБ-ын энхийг сахиулах хүчнийхэн Ливаны өмнөд хэсэг дэх байрлалуудаа орхихгүй гэж мэдэгджээ. 




UNIFIL-ийн энхийг сахиулагчид Ливанд 1978 оноос хойш байрлаж байгаа бөгөөд 10 мянга гаруй цэргийн албан хаагч болон энгийн иргэн байдаг. Израил-Ливаны мөргөлдөөнийг зогсоох зорилгоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 2006 оны наймдугаар сард 1701 тоот Тогтоол баталсны дараа энхийг сахиулагчдын үүрэг даалгаврын хүрээ нэлээд өргөжжээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг