sonin.mn

 (дурьдатгал эссе)



Баян-Өлгий аймагт «Шакизада бөх» гэвэл хэн ч үл мэддэг нь үнэн л дээ. Харин миний бие Шакизада бол ер бусын хүчтэн болохыг зарим хүмүүс болон өөрийнх нь амнаас нь сонсоход бүх нийтээрээ мэддэг улсын заан Абдгаж, улсын начин Хожагапан, улсын начин Нурхадил, улсын харцаг Бахыт, аймгийн цолтонгууд Айдаубай, Түсип Бахый, Борбан, Азкей, Нажкей, Зухай, Оналхан, Х.Хурметхан, Мурат, Канат, Капшан Хурметбек, хамгийн сүүлд улсын заан хүртсэн Серик, сүүлийн жилүүдэд улсад барилдаж байсан Асен, Айдос, Береке, Еркебулан, Ерболат, Мустапа нараас хүч нь дутахгүй биз гэж бодоод гайхаж байлаа. 

Ингээд Шакизада маань олон түмэнд яагаад танигдалгүй үлдсэн бол доо хэмээн учир шалтгаан руу өнгийж эхлэх нь энэ.

  Бодоод үзэхэд Алтайг нутагласан хасгийн керей омог нь одоо бидний «спорт» хэмээн нэрлэдэг болсон бөхийн урлагт тийм ч анхаарал тавиагүй бололтой. Юу гэвэл тэдний аман домогт бөхийн тухай үг маш цөөн боловч баатрын тухай хангалттай яригддаг. 

Мөн Баян-Өлгийд хөрш Увс аймгийн дөрвөд угсаанаас улсын хамгийн өндөр цол хүртсэн бөхчүүд олон гарчээ. Он удаан жилийн турш бөхийн барилдаанд «далай даян, дархан аварга» баян-өлгийчүүдээс ганц ч төрөөгүй мөртлөө увсынхнаас хэдэн арваар тоологддог. Яагаад тэр вэ? Энэхүү хөрш аймгийн хүмүүсийн бие галбир аль ч талаараа ялгаагүй. Газар зүй, цаг уурын нөхцөл байдал нь ч онцын ялгаагүй, идэж уух юм нь ч адилхан. 


Тэгээд ямар учиртай юм бэ? Бодож бодсоор тэд бөхийн урлагт чин зүрх сэтгэлээсээ автаж үндэсний спортын онцгой урлаг гэж ойлгосон бөгөөд түүнийг бүх талаара дэмждэг, үхтлэн зүтгэдэг байв. 


Харин керей омгийн хасгууд тийм биш байжээ. Би өөрөө хүүхэд ахуйнаасаа дээр нэр дурдсан бөхчүүдийг сумын болон аймгийн наадамд барилдсаныг үргэлж үзсэн тул сайн таньдаг ба зарим нь манай нутгийн хүмүүс билээ. Улсын начин Хожагапан гуай Булган суманд насаа элээсэн болохоор дүр зураг нь миний нүдний минь өмнө илхэн байна. Тэр хүний унаж яваа морь нь гаднаас харахад даагын чинээ үзэгддэг тийм лут том биетэй байлаа. Дөчөөд оны эхээр Хужирт-Булганы хэдэн багийн иргэд Алтайн шинжаан руу дүрвэсэн хилийн будилаантай холбоотой хорь орчим настай Хожагапан хилс хэрэгээр баривчлагдан удаан жилийн ялаар шийтгэгджээ. Тэрээр Зүүнхараагийн хорих газарт байжээ. 

Тэнд аливаа нэг өдөр улс төрийн хэрэгтнүүдийг машин дээр ачаад Оросын Сибирь рүү явуулах гэж байтал Хожагапаныг хорихын дарга өөр хүнтэй сольж авч үлдсэн гэнэ. Учир нь тэр дарга урьд өмнө баруун бүсийн барилдаанд өөрийг нь өвдөг шороодуулсан Увс аймгийн бөх хүн байж л дээ. Тэр ч ялтан байгаад хожим цагаатгагдаад тэндэхийн даргаар дэвшсэн хүн байв.


  Хожагапан бол хорих газарт өөртөө оногдсон ажлыг гурван хүний хэмжээнд амжуулж байсан хүч чадлыг мэдсэн дарга нь нэг улсын наадамаар нийслэлд нууцаар хүргүүлэн барилдуулахад «Маршал Чойбалсаны бөхийг давж дахин хэрэгт орох дөхсөн удаа бий» гэсэн дурдатгалыг сонсож билээ. Ингэж явсаар үүрэгт ажлаа давуулан биелүүлсэний ачаар эртхэн суллагдсан ч нас гуч гарчихжээ. Суллагдмагцаа улсын наадмаар барилдах гэж талбайд гарахад хашир нэгэн засуул түүнийг хараад, «Энэ эр даан ч хожимдож дээ. Хорин насанда ирсэн бол аварга болох л байсан залуу. Одоо начин цолоос халихгүй ээ» гэсэн нь онож Хожагапан тэр удаа улсын начин цол хүртжээ. Монгол бөхийн засуулууд нүүдэлчдийн нэрт уяач, шинжээч нарын адил тун мэргэн цэцэн байдаг нь гайхалтай биш үү.


  Манай аймгаас түүний дараа улсын начин цол хүртсэн бөх Т.Нурхадил байсан. Тэр хүнтэй би Булган суманд эмч байхдаа танилцсан. Хүү Төнкей нь тэнд багшилж байхад тэднийд ирсэн үеэр манай эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн билээ. Гайхмаар том биетэй, яриа хөөрөө илэн далангүй хүн байлаа. Эмнэлэгийн үзлэгийн өрөөнд хос таяг тулсан, хөндлөн бие нь метр орчим, хүн чулуу мэт бүдүүн өвгөн ороод ирэв. 


«Хүү минь чи нэг эмчлээд үз дээ. Өлгийн эмч нар элэг чинь элэгдээд гүйцсэн, өөх тос бүү ид, энэ тэрээс холд гэж шаардсаар өлбөрч үхэх дөхлөө. Тэгээд худалдааны дарга Хавшан дээр очсон чинь агуулахаас дөрөв таван шуудай хонины сүүл гаргуулж өгөв. Тэрнийг аваад очтол самган маань чанахыг чанаж, хуурахыг хуурч өгтөл бүхэл биенээс минь хөлс асгарч нэг жаргав аа. Хүү минь яаж эмчилсэн ч хоолноос бүү татгалзуулаарай» гэж байна. 

Тусгай палатад ганцаарангий нь хэвтүүлээд, элэг сайжруулдаг эм бүхнийг бэлдэв. Эмнэлгийн хатуу дэглэмээс гадуур, хүмүүс гаднаас хоол, цай чөлөөтэй оруулахыг зөвшөөрөв. Гялайсанаа илэрхийлэн дахин давтан ерөөл айлтгасаар байв. Өндөр нас, хүнд эмгэгэнд дарагдлаа ч хад чулуу мэт лут бие нь аль ч бөхөөс дутуугүй байлаа. Энэ бол хүч чадал нь суларсан өтөл насных нь үе. Залуу зандан насандаа ямаршүү бие, тэнхээтэй байсныг төсөөлж болно. Харамсалтай нь улсын начингаас дээгүүр цол хүртээгүй нь манай нутгийнхан дасгалжуулан бэлтгэх, дэмжин өөдлүүлэх талаар маш дутмаг байсаныг гэрчлэнэ. 

Абдгаж нэртэй улсын заанг бид үзээгүй ч Баян-Өлгий аймгаас 1946 онд төрж гарсан улсын цолтой анхны бөх байжээ. Тэрний дараа гучаад жил өнгөрөөгөөд О.Бахыт улсын начин, харцага цол, түүнээс гучин жилийн дара Б.Серик улсын заан цол хүртэв. 

Эдгээр он удаан жилийн дотор Дагис, Борбан, Азкей, Нажкей, Зухай, Оналхан нарын бөхчүүд аймгийн арслан цолноос ахиж чадаагүй. 

Эдгээр хүчтэнгүүдийг бид бөх гэж нэрлээд хүндэтгэдэг байлаа. Хэрэв тэднийг тэртээх далай даян дархан аварга Түвдэндорж, Дамдин, Мөнхбат, Баянмөнх, Батэрдэнэ нартай зэрэгцүүлэн зогцоовол бие бялдараараа тэднээс дутуугүй, тэдэнтэй «үзэлцэхээр» хүчтэнгүүд байлаа. Харамсалтай нь манай нутгийнхан бөхийн урлагийг ойшоож үздэггүй байж. 


Харин улсын харцага О.Бахыт бол залуу ахуй наснаасаа монголын шилдэг бөхчүүдийн эгнээнд орж тэдний адил дасгалжсаар энэ зэрэгт хүрсэн нь маргаангүй. 
Сонин зүйл гэвэл, улсын заан Т.Абдгаж, Б.Серик хоёрын хоорондын ная орчим жилийн дотор Бахыт мань улсын заан цол яагаад хүртээгүй вэ?


Бас л яс махандаа бөхийн хүмүүжил үгүй байсныг гэрчлэнэ. Юу гэвэл Бахыт заан цол хүрэх гэсэн тэр мөчөнд нүд ирмэх зуур хууртагдан алдсан гэдэг. Цагаан сарын баярын барилдаанд Бахыт өөрөө үргэлж давж байсан арга мэх, хүч тэнцүү Мөнгөнтэй тулсан учираас заан цол хүртэхэд итгэл төгс болж тэр өрсөлдөгчөө заавал давна гэж боджээ. Долоогийн даваанд үй олон үзэгчдийн өмнө бөхийн талбай дээр өөд өөдөөсөө нүд ирмэхгүй нэг нэгийгээ ажигласан нэртэй хоёр бөхийг тэр мөчид үзэгч олон, тэр дундаа баян-өлгийнхэн амьсгаа даран, зүрх догдлон хүлээж дээ.

  Яаг тэрхэн үеэр шүү! Бахытаас өвдөг шороодож явсан тэр найз нь барилцаад авангуутаа инээвхийлэн, «Бахыт минь чи азтай золиг юм даа, надаар заан хүртлээ дээ!» гэхэд тэр үгэнд мансуурах зуур өрсөлдөгч нь арга мэхээ хийж амжсанаар Бахыт яаж унасанаа ч мэдэрч анзаараагүй нь, харамсалтаяа! Бахыт өрсөлдөгчийнхөө суган дороос мэхийж өнгөрч байтал Мөнгөн найз нь «Бахыт минь дээ, амны мэхээс алдлаа даа!» гэж дахин шивнэжээ... Энэ үг нь хожим ам дамжсаар домог болсон үнэн явдал билээ. 

  Учир нь гэвэл Монгол бөхчүүд барилдааны урлагийг үс гэзэгнийхээ үзүүрээс нь хумсныхаа үзүүрийг хүртэл, өөрөө гарцаагүй унах гэж байгаад унагаах хүртэл эсцийн мэх хийх, сэрүүнээсээ нойрсох болтол бүхэл мэхийг санаандаа давтах, мэлмийнээсээ хэлэх үг бүхэнээ мэхэнд зориулж биендээ бүрэн шингээсэн нь гайхалтай юм. 

Ингэснээр эдүгээ цагт «МОНГОЛ БӨХ» хэмээн даян дэлхийд алдаршсан, спортын онцгой төрөл болох монгол үндэстний гарамгай урлаг болоод зогсохгүй, ард түмэнд урам зориг хайрладаг өндөр төвшинд хүрсэн оюуны баялаг гэвэл таарна. 

  Энэхүү монголын ард түмний нэгэн салшгүй бүрэлдхүүн болж төлөвшсөн хасаг зон олон нь тэдний уг барилдааны урлагийн гүн рүүгээ одоо л алхам ойртсон мэт санагдана. Сүүлийн жилүүдэд Мустапа, Еркебулан, Береке нарын алдар нэр нь дуулдах болсон нь дасгалжуулагч нартай шууд холбоотой гэлтэй. Бар жил Абдгажийн дараа заан цол хүртсэн Б.Серикийн амжилт чухам үүнийг харуулж өгөв. О.Бахытын дараахь үед улсын баяр наадмаанр улсын начин цол хүртсэн Мустапагаас эхлээд Мурат, Айдос, Асен, Ерболат нар эл шинэ үеийн эхлэл болов уу.

  Ингээд энэхүү хүүрнэлийн гарах шалтгаан болсон, өгүүллэгийн мань эхэнд дурдсан «ШАКИЗАДА БӨХИЙН» тухай сэдэвтээ эргээд оръё. Алдар нэр нь тодроогүй үлдсэн энэхүү хүчтэн ч мөн адил «урлагийн өнчрөлийн» золиос болсон гэх бүрэн үндэс бий. Тэр хүн нас бараад ч хэдэн жил болов. Булган сумын уугуул, манай нутгийн хүн. Миний эцгийн үе тэнгийн бөгөөд малчин, барилгачин ажил эрхэлж явжээ. Нутгийнхан Шика гуай гэж хүндэтгэн дууддаг тэмээ шиг шөмөгтэй дуу хоолой өндөр нэгэн байлаа. Үүнээс арван хэдэн жилийн өмнө (2009.2.9) Шика гуай надад хууч яриаг тэмдэглэлийнхээ дэвтэрт бичиж амжсан юм сан. 


Өгүүллэгээ тэр хүний жинхэнэ өөрийнх нь яриагаар өрнүүлвэл уншигч авхай танд бас сонирхолтой болох байх:

  «Жараад оны дундуур үе байсан. Булган сумын «Салтанат» нэгдэл хэсэг залуучуудыг захиргааны түлээ түлш бэлтгэхээр уулан дээрх харгайтын ой мод руу дайчлав. Түсипбай, Хабидан нарыг ахлаачаар томилов. Бусад мань арван хэд залуухан эрчүүд бид Жагслагийн Шайза, Милианы Суыр, Бескерейн Хатай нарын хүмүүс. Агуулахаас мод тайрах хэд хэдэн том хөрөө, хар будаг нь арилаагүй модон иштэй цагаан сүх нэг нэгээр өгөв. Хонины хөлдүү хэдэн бүхэл мах, нэг шуудай цагаан будаа, боорцог хийх гурил, тарган тэмээний өөх, ногоон цай гэх мэтийн хүнстэй байв. Уулын эгц өндөр энгэр дээр ургасан хар модноос шилж байж хөрөөдөөд доошоо буулгаад ирнэ. Ачааны тэрэгний бүхээгний хэмжээтэй тайрагдсан моддыг зузаан цастай энгэрээс явган чирсээр доошоо хойморт хүргэнэ. Ийнхүү өдөржин ядарсаар нар жаргамагц хаяаг нь цасаар булж хучсан овоохойдоо ормогцоо чихэлдэн хэвтэнэ. Насаараа бага болохоор Хатайг галчаар томилсон. Тэрээр гал түлж цай, хоол бэлтгэнэ. Нэгэн өдөр түүний чанга орилсон дуу сонсогдов. Юу юм болоо, очоод ирээч гэж Суырыг явууллаа. Хатайн дуу намжсангүй харин ч хүчтэй бархирав. Юун гай дайрав хэмээн айн сандарч, унаж бүдэрсээр бид цөм овоохой дээр ирэв. Тэгсэн чинь Хатай овоохойн өмнөх модны тайрдсан дээр тэмээний бөхний зузаан өөхийг хурц сүхээр хөшгөлөн гэсээр гарынхаа долоовор хурууг цавчжээ. Модны тайрдас, овоохойн дотор тал мэл улаан цус. Огтор хурууных нь үзүүрээс цус дусална. Тайрагдсан хурууныхаа талыг овоохойн хананд хавчуулан тавьжээ.


  Орж ирэгсэдийн нэг нь даавуугаар хуруувч оёж амжив. Бас нэг нь эмээлийн тохомны эсгийнээс тасалж аваад гал дээр тавьж шатаагаад үнсийг нь шархан дээр тавьтал морины хөлсөөр хатаагдсан эсгийн үнс цаавуу мэт наалдангуутаа цус тогтов. Даавуун хуруувчийг углаж, тэрний дотор талд нь бас үнс дүүргээд боолт хийв. Нүд нь бүлтэгнэж, царай нь хувхайсан Хатай овоохойн хаяа түшин зог тусч суув. 


Одоо юутай ч гэсэн хоолоо зооглоод, уулан дээр гарцгаахаар зэхэж тогоо руугаа харвал тэмээний өөх тосон дээр хийсэн цагаан будаа түүхий хэвээрээ байна. Тогоон доторхи тосыг хоер тавганд хувааж хийгээд будааг дахин агшааж идэцгээв. Цай уух боллоо. Тэмээний хайлсан тосыг хийсэн хоер тавагны эзэн Нуршарип, Шайза нар хоосон таваг олж ядахлаар Нуршарип над руугаа хандан: «Шика минь ээ, энэ тосыг чи уучихвал яасан бэ, арван төгрөг өгье» гэж байна. «Уучихья даа» гэж хариулав. «Миний тавганд байгааг бас уучих л даа. Би ч аравыг өгье» гэж Шайза ам алдаж байна. Тэр цагт арван төгрөг чинь бүхэл бүтэн ногоон цайны үнэ бөгөөд дөрвөн хайрцаг сахарны үнэ гэсэн үг. Цайгаа ууцгааж эхэлсэн нөхөдөө тойруулан: «За, тэгвэл та нар бүгдээрээ нийлж зуун төгрөг өгвөл хоёр тавагны тосыг бүгдийн ууя» гэв. Тэд бие биенээсээ зээлдсээр Хабидан мөнгө цуглуулаад өгөв. Зарим нь үнгэгдээд элэгдсэн, зарим нь цоо шинэ улаан өнгөтэй аравтыг гардан авангуутаа «Эхлээд тоолоод үзье» хэмээн тоолоод үзвэл үнэхээр зуу хүрчээ. Эвхээд пиджакныхаа карманд хийлээ. Одоо дүүрсэн хэрэг, нэг тавагтай тосыг барьж дээш өргөвөл захаараа царцаад эхэлж тавганд наалдсан харагдна. Өтгөрөөд эхэлсэн тосыг айраг уусан мэтээр хурдхан залгиад орхив. Тавагны эрүүгээр хөлдсөнийг нь хуруугаараа тойруулан ам руугаа хийгээд, ёроолд үлдсэнийг нь хэлээрээ долоогоод тавгийг бүрэн цэвэрлэж, хэд дахин залгихаар ходоодонд хурсан тос гүзээ рүүгээ цутгах мэт болов. «Хабидан аа, таваг чинь суллагдлаа, цайгаа хийгээд уу. Угаах эсэхээ өөрөө мэд. За одоо Шайзагийн тавагтай тосыг өгөөдөх!» гэв. Тэрнийг нь бас нүд ирмэх зуур балгаад орхив. Над руу нүд салгалгүй харж суусан зарим нь хий огиж бөөлжсөөр овоохойноос гүйж гарцгаав. Цээж, ходоод хачин янзтай болж хэсэг зуур сууж байснаа босч ирээд овоохойноос гараад, огих, бөөлжихөөс болгоомжлон шууд уул өөд алхав. Цагаан сүхээ гартаа атгаад, унасан модны мөчирнүүдийг зай завсаргүй цавчлахаар ууж идсэн юмаа бүхэл биенд амархан тархан шингэж, нуруу хөлөрч, тэнхээ тамир нэмэгдсэн мэт мэдрэгдэв.

  Хатай мань өрөөсөн гараараа оройн хооланд гоймонтой шөл хийж бэлдсэн байна. Халбага барьсан нэг нь над руу харж: «Шөлний өтгөнөөс үү, шингэнээс нь үү?» гэж байна. Өөр нэг нь «Үүнд шингэн шөл л хийгээд өг, үд дээр уусан тос нь шингээгүй биз, хоолны хордлого болж үхнэ» гэж байна. Харин би, «Үгүй дээ, өтгөн шингэн нь хамаагүй аягыг минь дүүргэж хийгээрэй» гэхэд бүгдээрээ тал талаас шуугив: «Энэ чинь яасан идэмхий золиг вэ, ийн ууж идсээр байх юм бол гэрийнхэн нь хоосон хоосрох нь ээ!» гэж байна. Тэдний хэлэхийг үл анзаарсан мэтээр шанага мэтийн том аяга дүүртэл хийсэн хоолоо дуустал идэв. Үдэш овоохой дотор хэвтээд амрах үеэрээ бүгдээрээ надаас холдон зайлав. «Шикагаас холуур хэвтье, эсвэл гадаа хэвтэж болно шүү дээ, энэ нь чацаг алдах нь зайлшгүй» гэж байна. Би чинь үг дуугүй овоохойн хаяа наалан хэвтээд, амар тайван нойрсоод, өглөө нь өлөн зэлмүүн юм шиг өлсөөд босч ирлээ. 


Зэрэгцэн унтагсад над руугаа гайхаж харцгаагаад «энэ чинь чоно мэт ховдог айхтар амьтан байх нь» гэх царайлан толгой сэгсрээд над руу ширтэнэ. Тогоо дүүрэн хар цайг яаран тэвдэн ууцгаалаа. Цайны үлдсэнийг нь аяганд чавхтал хийгээд атга боорцог дүрээд ууж идлээ. Орой тийшээ гуалингаа чирч доошоо буугаад ирж явтал нэгэн урт нойтон хар модыг хоер гурвуулаа хамтраад жалганаас гаргаж ядан ноцолдоод байх юм. «Хөөрхий дөө, идсэнээ шингээж эс чаддаг хүүхэлдэйнүүд юм уу да та нар чинь, алив би татаад үзье!» гэж хар модны үзүүрнээс гаргасан нүхээр шургуулж уясан суран аргамжийг мөрөндөө давхар ороож муруйлган татаад жалганаас луг хийтэл гаргаад хөлдүү газраар эгц доошоо гулгуулан өнхөрүүлэхэд л тэд нар надад баярлаж «Шикаа, өчигдөр уусан тосныхоо ачийг хариуллаа шүү, чи чинь ер нь бөх юм шиг байх нь...» гэцгээв. Миний дэргэд яваа эдгээр хүмүүс бүгд хар багаасаа надтай цуг явсан ч миний ийм хүч тэнхээтэйг ажиж мэдсэнгүй, хэрэгцдэг ч үгүй юм байжээ. Нөгөө уусан тосыг мань хомхой хорхойтойгоос гэж ойлгодог байж. Ингээд тэдгээр эрчүүд үдэш унтахын алдад, нойтон модыг жалганаас ганцхан татаж гаргасныг мань бусдад ярьж, «Шика чинь гайгүй хүчтэй юм байна шүү, хөөрхий» хэмээн магтацгаалаа. Тэднийг бүү хэл өөрт мань байгаа чадварыг би өөрөө бас анзааралгүй явсанаа бодож, гурав дөрвөн жилийн өмнө Ховд аймгийн нутагт хонь оторлуулж очихдоо болсон явдлыг эргэн санаж тэдэнд ярьж өгөхөд тэд, «Чөтгөр бүү мэд, бид нүдээр үзээгүй юм чинь сайрхаад байгаа юм биш үү чи чинь!» гэцгээлээ.


  Үнэн хэрэг дээрээ тэрээр худлаа сайрхаагүй гэдгийг тэр жил оторт хамт явсан бусад хүмүүс ярьсныг би чихээр сонссон. Хүн гэдэг чинь хамт явсан хүнийхээ гоц чанарыг олж хардаггүй, тоож анзаардаггүй хэнэггүй зантай хойно. 


Энэ болсон явдал нь Баян-Өлгийнхэн бөхийн хувьд монгол ах дүү нараасаа дутуугүй мөртлөө бид өөрсдөө тэр чанарыг нь огт дэмжиж байгаагүй гэдгийг дахин батлаж байна. Шакизадагийн бөх авъяасыг амьд байхад нь олон түмэн мэдээгүй, хүлээн зөвшөөрөөгүй тул, ядахдаа ном цаасан дээр үлдээсэй гэсэн санааны үүднээс тэрхүү явдлаар өгүүллэгээ өндөрлөе:

  Булган нутаг бол өвөрмөц эгц өндөр уул хадтай, хавцал дундуур булаг чанд ихтэй, усыг дагасан хар модан, бургастай, үзэсгэлэнт байгаль нь хосолсон гайхамшигтай нутаг аа. Хятад улстай хил залгасан баруун хяр нь өндөр чулуун хэрэм шиг сүрлэг, хүн мал явах боломжгүй тэмээн чинээ асга хадаар хүрээлэгдсэн. Зүүн талын хөрш Ховд аймгийн зүгт нүцгэн хүрэн уулсын цуваа өмнө зүг рүүгээ үргэлжилдэг. Зуны цагт өндөр уулын энгэрийг бараадсан зуны зуслан сайтай боловч, өвлийн үед мал өвөлжүүлэх бэлчээр дутмаг хэцүү тал бас бий. Хэт уулархаг болохоор өвлийн цагт эдгээр нутгийг дөрөө шүргэм зузаан цас дардаг болохоор Булганы малчид олон жилийн турш айл хөрш Ховд аймгийн нимгэн цастай нарлаг газруудар малаа оторлуулдаг уламжлалтай билээ.

  Бид өгүүлж буй Шакизадагийн туулж өнгөрүүлсэн тэр явдал энэхүү отортой холбоотой үүсчээ. Тэд хоёр гурав хоногийн турш гэлдэрсээр мянга гаруй толгой хонийг тууж хош ачсан тэмээ, унааны хоёр морьтойгоо жил болгон оторлодог байсан Дундгол дахь задгай хотон дээр хүрээд очжээ. Алсын замд ядарч туйлдсаар ирсэн мал, малчид нөмөрлөг, өвс ногоо ихтэй, бууц сайтай нарлаг сайхан хотонд хүрээд амар жаргаж дээ. Маргааш өдөр нь Шика өөрөө овоохой босгон суурьшаад, дүү Толан нь хонь хариулаад бэлчээрт гарчээ. 

Гэтэл үд орчим үед морьтой хоёр хүн давхисаар ороод ирэв. Баавгай мэт бандгар нэг нь мэнд сандгүй шууд хүрч ирээд, «Хасгууд аа, та нарыг энд хэн урьсан бэ?» гэж байна. Гэвч Шика тэрний үгийг үл тоосон янзтайгаар «Та нар чинь юунд ингэтлээ амьсгаадаа вэ, мориноосоо буу, цай ууцгаа, жил болгон бид ирдэг газар гэдгийг та нар сайн мэддэг шүү дээ, бүгд улсын маань мал...» гэвэл нөгөө баавгай мэт хар нөхөр, «Энэ дулаахан өвөлжөө угаасаа манайх. Маргааш л нүүгээд ирэх гээд байсан. Бүү түрэмгийлээрэй. Маргааш өглөө биднийг ороод ирэх хүртэл эндээс зайлагтун!» гэж зандраад л давхиад одов. 


Маргааш нь Шика хонь хариулахаар явж, түлшээ үүрээд орой ирэхэд тэрхүү хотон дээр утаагаа бургилуулсан монгол гэр байна гэнэ. Оторчдын овоохойг буулгаад хотны зах дээр овоолчихсон харагдана. Толан дүү нь ойр хавиас харагдсангүй. Эл явдал өчигдөр давхин орж ирсэн морьтонгуудын хэрэг болохыг мэдэв. 


«За даа» хэмээн тэмээн чинээ түлээгээ гэрийн зүүн талын хаяанд тас няс хийлгэн тавиад, гэрийн намхан хаалгаар ороод иртэл нэг эмээ томхон охинтойгоо сууж байжээ. Тэд ороод ирсэн үл таних хүнээс айж сандарсан харагдана. Шика юу ч болоогүй мэтээр мэндлэв. Юутай ч гэсэн зочломтгой монгол айлынхан жирийн нэг зочин ирсэний адилаар галтай пийшэн дээр тогоо тавьж цай чанаад, үл таних зочныхоо өмнө таваг идээгээ тавив. Шика данх дүүрэн цайг тэр чигээр нь ууж бараад, ааруул өрөмнөөс цадтал идэв. Тэгээд овоолсон овоохойныхоо доороос хөнжил дэвсгэрээ үүрч авчираад гэрийн баруун талд ороо засаж авчээ. Эргэж гараад, овоохойноосоо ааруул, эзгий, саахар, боорцогнууд болон хонины тал махыг ч оруулж ирээд гэрийн зүүн талд тавина. Эмгэн, охин хоёр үг дуугүй гайхсаар сууна. Шика тэдэнд: «Махыг тогоонд хийж чанаарай, бүгдээрээ иднэ шүү» гэнэ. Ингээд Шика дулаахан гэрт хүндэт зочин мэтээр суурьшин, мах идэж, шөл уугаад амар тайван хэвтээд өгчээ. Маргааш өглөө нь гэрийн эздийн бэлдсэн цайнаас ууж, хонио дагаад бэлчээрт гарчээ. Бэлчээрт дүү Толантай уулзахад тэрээр өнөөх ууртай хар эр айлын гэр нүүлгэж ирээд өөрийг нь ташуураар айлгасныг, овоохойг хүчээр буулгуулсан тул өөрөө ойр хавийн оторт ирсэн нутгийн малчид руугаа бараадсанаа хэлжээ.

«Гай болно, тэндээс нүүх нь дээр» гэж Толан дүү нь ятгана. Харин Шика бол «Тэр нөхөр одоо юу ч хийж чадахгүй ээ, зүгээр сүр гаргаад байгаа нь тэр. Одоо малаа хаашаа аваачих гэж, тэрнээс илүү хот олдохгүй шүү, нүүхгүй ээ» гэж татгалзав. 

Ингээд дөрөв таван хоног өнгөрчээ. Шика шөнө гэрт хоноод өглөө мал бэлчээрлүүлж явна, орой эргээд ирнэ, гэр дулаахан, хоол бэлэн. Тэгж байснаа бас нэгэн өдөр үүр цаймагц дөрөв таван морьтон хүрээд ирэх нь тэр. Цайгаа уугаад, хонио бэлчээрт гаргахаар зэхэж байсан хэнэггүй хасаг руугаа дөхөж ирээд зогсжээ.

  Тэдний нэг нь нөгөө л анх ирсэн «хар баавгай» мөн болохыг андахгүй мэдэв. Бусад нь үл таних хүмүүс. Хар баавгай: «За нөхөр минь, харав уу, Дуут сумын аварга бөхийг дагуулаад ирлээ шүү, чи чинь аминдаа хайртай юм биш шив дээ, хог чинь, юу болохыг одоо хараадахь, чамайг моринд чирч ална даа!» хэмээн сүрдүүлэв. 

Шика инээвхийлэн: «Хэн хүнийг моринд чирч ална гэж юу гэсэн үг вэ, тийм хууль байдаг гэж үү, юутай ч гэсэн үзээд алдая» гэв. 

гэтэл морин дээрээ хоёр ташаагаа тулж зогссон нөгөө нүсэр биетэй эр гартаа эвхэн барьсан суран бугуйгаа Шика руугаа шидээд орхив. Шика хурдан хөдөлж цаламнаас хоёр гараараа атгав. Морьтой бөх шалмагхан хөдлөөд суран аргамжийг тахимандаа хавчууланхан огцом эргээд давхилаа.


  Шика эхлээд хөл доорхи хөнгөхөн шар бууцан дээрээс нэг хэсэг гулган чирэгдсэнийхээ эцэст бууцан дотор газрын хөрсөнд шигдсэн том чулуунд хөлөө тийрч зогсов. Хүчтэй давхиж явсан нөгөө бөх эр таталтыг эс дийлж гэнэт гэдийсээр мориныхоо хондлойноос хэлбийсээр газар ойчив. 

Гэвч тэр үнэхээр арга мэх сайтай бөх болохоо үзүүлээд, нүд ирмэх зуур босч ирээд Шикаг бариад авангуутаа шидээд орхихоор завдав. Ингээд санамсаргүй барилдаан эхлэв. Нөгөө хамт ирсэн морьтон болон гэрээсээ гарч ирсэн эмээ охин мэтийн «үзэгч олон түмэн» тоос бууц манартуулан ноцолдоод байгаа хорёын тулааныг эрх биш сонирхож эхлэв. Өнөө «сумын аварга» хэмээх сарлагын шар мэт нүсэр эр элдэв янзын арга мэх ээлжлэн хэрэглэсээр Шикаг амархан хаячихаар харагдсан ч тэмээ шиг хасгийн хөлийг газраас хөдөлгөж эс чадав. Тэгж байтал Шика одоо миний ээлж гэсэн юм шиг сумын аваргын бүснээс нь чанга атган хойшоо ухраасаар огцом түлхтэл тэр өдөө харан унаад орхив. Шика түүний цээжин дээр мордонгуутаа бууцнаас хоёр гараараа ээлжлэн атгаад өвөр түрийгүй чихэв. Харин морин дээр байсан эрчүүд нөхөртөө туслахын оронд тас няс хөхрөөд эхлэв. Ингээд зодоон тоглоомоор эргэв. Эмээ, охин хоёр ч гэсэн өөрсдийн «хүндэт зочиныхоо» ялалтанд баярлах мэд майг майг инээлдэв. Өвдөг шороодсон бөх «за одоо больё доо» гэсээр босч ирээд морь руугаа гэлдрэв. 


Морьтнууд үг дуугүй явж одов. Харин гурав дахь хоног дээр Шика хотон дээр хүрээд ирэхэд нөгөө айл нүүгээд явсаныг харав. Алс холоос харуулдсаар явсан бололтой, Толан даруй хүрч ирээд «Та нарынхаа киног тэртээ холоос үнэ төлбөргүй үзэж сонирхолоо» гэж инээд алдаж байна. Дүүтэй хамтран овоохойгоо босгон, мах чанаж, цайгаа ууцгааж одоо л санаа амрав. 


Ингээд Шикагийн ачаар тарган тавтай өвөлжөөд, өвлийн сүүлчийн сараар нутаг буцахаар зэхэж эхэлсэн нэгэн өдөр нөгөө «баавгай хар» овоохойд нь хүрээд ирэв. 

Уур уцаар алга, үг яриа зөөлөн, хээрийн цай уун хоол идэж байснаа нэгэн сонин хэргээр ирсэнээ мэдэгджээ. Өврөөсөө урилгын цаас гаргаж ирээд Шикад гардуулав. Ховд аймгийн төвд болох гэж байгаа «Малчдын баяр» буюу Цагаан сарын наадамд барилдуулахаар урьжээ. Гэтэл Шика, «Би чинь энэ насандаа барилдаж үзээгүй хүн. Зодог шуудаг өмсөхийг бүү хэл гартаа барьж үзээгүй ээ» гэж татгалзав. Харин «хар баавгай»: «Зүгээр ээ, барилдаад үз, чамайг би Баян-Өлгийн бөх гэж бүртгүүлчлээ. Чамайг бид мэдлээ шүү дээ, чи барилдаж чадна, би өөрөө бөхийн засуулч хүн, надад итгээрэй» гэж ятгасаар яваад одов. 

Толан дүү нь мөн адил, хониндоо би эзэн болно ахаа, та очоод барилдаад үз дээ гэсэн болохоор Шика тэр наадамд оролцжээ. Анхны дөрөв таван даваагаар Шика аль тааралдсаныг нь мөрнөөс нь барингуутаа эргүүлээд хаядаг цорын ганц мэхээ үзүүлэв. Түүний ийм бяр тэнхээ үзэгчдэд үнэхээр содон харагдав. Бөх гэхээр сэтгэл нь хөөрдөг, хүч давуутай хэнийг боловч чин сэтгэлээрээ дэмжин баярладаг цайлган цагаан сэтгэлт монголчууд одоо Шакизадааг нэрээр нь дуудан хашгирсаар байв. 

Дараачийн даваанаас эхлээд амлах ээлж ирэхэд барилдааны комисс алдар цолтой бөхчүүдийг дуудаад, Шаказидагаас ямар цолтойгий нь асуухад огт цолгүй гэж хариулсанд нь тэд үнэмшээгүй. Иймээс засуул нь «Баян-Өлгийн аймгийн Булган сумын цолгүй хүчтэн Шингишбайн Шаказида» гэж дуудахаас өөр арга олсонгүй бөгөөд сүүлчийн даваануудад түүнийг амлаж авахыг хэн ч зүрхэлсэнгүй тунаж үлдсээр эцэст нь үзүүр, түрүүний нэгээр нь тодроод, улсын наадамд оролцож явсан, аймгийн арслан цолтой нүсэр том биетэй бөхтэй үзэлцэхээр болжээ. 

Шикагийн өөрийнх нь дүрслэн хэлдэгээр «Сарлагийн дөнөн бух шиг, хүзүү, толгой нь битүү дөрвөлжин бие махбодьтой данхайсан нэгэн эр байв. Хоёр өвдөгөө тулаад над рууга сэм ширтэн хэсэг зуур зогсоод байснаа ханхар цээжээ эгц өргөөд буруу эргэж гараа ийш тийш хөдөлгөн дахиад л хэнхийн харж сүр бадруулна. Харин би чинь эхлээд түүний барихыг хүлээсхийн гараа урагшаа сунган өөрийн хирээр бөхийн дүр гаргахыг хичээв. 

Тэртээх булангийн цэнхэр майханаас нөгөө миний засуул болсон «хар баавгай» мань над руу харж хашгичин, «Хүүш, мангар хасаг минь ээ, наад арслан чинь доогуур орно шүү! Улам сайн тонгосхийгээч, мөрнөөс нь чанга тийрээд эргүүлж хая!» хэмээн зандарч байна. Би түрүүнээс нааш бага сага арга мэх сурсан болохоор амьд хүн юм чинь үүнийг ч давах юм сан гэж горьдож байна. 

Ингээд тэр «сарлаг бух» мань эргэлдэж байгаад миний шуудагнаас минь барьж амжив. Гар хуруу нь гэж төмөр мэт хатууг яана өөр рүүгээ огцом татаж, урагш тавьсан хөлийг минь нөгөө гараараа шалавхан ороогоод гэдрэг унагаах шахам тийрч хөөгөөд эхлэв. Ороогдсон хөлөө татаж чадаагүй ч өрөөсөн хөлөөрөө тийрч ухарсаар унахгүй байв. Тэр мэх нь амжилтгүй болсоныг анзаарсан болтой аймгийн арслан намайг сул тавьж орхив. Ингэсний дараа ч гэсэн тэрээр хэд хэдэн төрлийн мэх гарган надаар тоглоом хийв. Би харин дийлэхийг бус зөвхөн дийлэгдэхгүй байхыг л хичээн зүтгэв. Үзэгч наадамчдын дуу улам чангаран шуугилдаад үзүүр түрүү бөхийн маш сонирхолтой барилдаанд баярласанаа илэрхийлж байна. 


Хэсэг зуурын дараа тэрээр толгойгоо доош тавин доогуур нүд ирмэх алдам миний дор шургаад орсоныг анзаарсангүй. Тэрээр тийрсээр хойшоогоо унагаахын алдад нуруунаас нь тэврээд дээшээ өргөв. Түүний хоёр хөл нь газраас алдрав. Асар их хүндийг нь яана, амьсгаадсаар одоо яах эсэхээ түр зуур бодов. Тэгээд одоо унасан ч харамсах зүйлгүй, юу боловч дүүрсэн хэрэг гэж бодоод дээрээс нь дараад л унав аа. 

Тэрээр миний дор эвхрэн унав, би ч дээрээс нь ойчоод арай гэж түүнээс түрүүлж бослоо. Тэр бас үсэрч босоод ирэв. Би амьсгаагаа дараад хэсэг зогсож байтал тэртээх булангаас засуул маань «Мангуу хасаг минь ээ, чи давсанаа мэдэхгүй байна уу, хурдахан шиг тугаа тойрон дэвж гүйгээч!» гэж бархиран хашгираад байна.

 Дэвэх гэдгийг ч би ямар базаах биш, төрийнхөө сүлдийг хүндэтгэн хоёр гараа шувууны далавч шиг дэлгэн тугийг эргээд, индэрт байгаа дарга нар руу харж гуй руугаа ташаад л хойшоо эргэв. Надтай барилдсан «сарлаг бух» мань суган дороос өнгөрөнгүүт мөрнөөс минь зөөлөн алгадах нь баяр хүргэсний үнэн сэтгэлийн бэлэг тэмдэг мэт санагдав, би ч нүүний нурууг алгаар илэв». Цолгүй бөх Шикагийн эл ярианаас нь монгол угсаатан нар жинхэнэ цайлган цагаан сэтгэлтэй ард түмэн болохыг мэдэж болох юм. 


Ингээд «ШАКИЗАДА БӨХ» хэмээх өгүүллэгээ үүгээр өндөрлөх боловч ер нь нийт нүүдэлчдийн дунд олон түмэнд танигдаагүй цөөнгүй хүчтэнгүүд байсан гэдгийг энэ дашрамд хэлье. Керей хасаг гэж нэрлэж буй баян-өлгийнхэн бие бялдар, хүч сайтай мөртлөө барилдааны урлагийг тийм их ойшоож үздэггүй гэдгээ давтан хэлмээр байна. Бас тийм нэгэн бөх хүний хүүгийнх нь амнаас сонссон явдлыг эцэст нь бас нэмж өгүүлье.


  Ард түмний дунд «Яс сайтай» гэдэг үг байдаг. Тэр үгийг ихэвчлэн хүнд зовлонг даадаг, өлсөж цангаснаа үл тоодог, осгосон ч чичирдэггүй... бүх насаараа хүнд бэрхийг туулсан ч урт удаан насалдаг цөөн хүмүүнд зориулдаг байх. 

Тийм нэгэн хүн манай Булган сумын Балбагайн Азилжан гэж хэлж болно. Тав зургаан жил үргэлжилсэн Герман-Зөвлөлтийн их дайны үед энэ хүн Баян-Өлгийн төвөөс 300 км алслагдсан Булган сумаас мянган км-ийн зайтай, зам дунд Улаагчин, Шинэдаваа, Чекатаман зэрэг хэцүү даваа, олон гол мөрөн бүхий Бийск хот хүртэл аян жингээр өлөн зэлмүн явгалан арван хэдэн удаа хүрч улаан армид бэлэг хүргэж, хүнсний бараа авч буцдаг байжээ. 

Тэр цагт нас дөч гарсан гэдэг. Хамт явсан нөхдийнх нь хэлдэгээр хэвтэж буй атан тэмээнд тус бүр зуун кг жинтэй хоёр шуудай давс юм уу гурилыг хоер суганда хавчуулан авчираад өөрөө ганцаараа тэгнэдэг байсан гэнэ.

 Харин тавиад оны тайван цаг ирэхэд ядууран зүдэрсэн ард иргэдийн амьдрал ахуй ялимгүй дээшилсэн үеэр Хужирт сумын төв байрласан хоёр голын цутгалангийн тэндэх тал газарт ид зуны цагт улсын баяр наадмыг тэмдэглэн олон бөх барилдуулжээ. 

Айл зэргэлдээ Ховд аймгаас ч олон сайн бөх хүрэлцэн ирснээр нутгийн хүчтэнгүүдээ шилж байж барилдуулжээ. Нас тавь гарсан Азилжан ч хуучин цэрэг бүсээ бүслээд цагаан өмд цамцтайгаа гараад иржээ. Тэр үед тавь гарсан эрчүүдийг өвгөн гэдэг байсан ч Азилжан өвгөн хорь орчим насны залуу бөхчүүдийг захаас нь хаясаар дөрвийн даваанд нутгийн бөх Мамейтэй тулах болжээ.

 Мамей бол цэргээс дөнгөж сая халагдаад ирсэн биерхүү залуу бөгөөд Азилжаны эхнэрийн ойрын хамаатан дүү нь байв. Хадам дүү нь хүргэн ахтайгаа тоглож нааддаг ёс байдаг. Тэр ёсны дагуу Мамей: «Хүргэн ах аа, битгий айгтун, зөөлхөн тавина шүү!» гэтэл Азилжан, «Хадам дүү минь дээ, энэ наадамд ирсэн бүсгүйчүүдийн өмнө нүүрийг чинь халааахгүй, зөөлхөн өргөөд л орхино...» гэсээр бүснээс нь атгаад, нөгөө Бийск дээр гурил өргөдөг арга мэхээрээ ганцхан татаж нуруундаа үүрсэнээ тонгойж ийш тийш хэдэн удаа алхтал Мамей: «Хүргэн ах аа, бууж өглөө, бушуухан буулгаадхаач, буулгаач!» гэж гуйхад наадамчид нирхийтэл инээн шуугилдсан гэнэ. 

Ингээд тэр барилдаанд түрүү, үзүүр хоёр бөх үлдэв. Нэг нь хилийн заставын захирагч, цэргийн арслан цолтой Шилэг. Өндөр нуруутай, зодог шуудгандаа багтаж ядсан бүдүүн шуу, буур гуятай, бууршгүй хүчтэй булиа эр гэдийсээр зогсоно. 


Тэргүүн дээрээ тавьсан гоё титэмийг нь засуул нь гартаа бариад «Бөхөө гаргаяа!» гэтэл өнөө хүнд бие нь тун хөнгөн чөлөөтэй хөдлөж гарч ирээд хүрзэн чинээ том алганууд нь агаарыг зүсч хоёр гараа дээш доош тавин дэвж, үлгэрийн гарьд мэтээр дэвэн дэвсээр хүрээд ирэв гэнэ. Шуугилдан хашгирч байсан хүмүүс дуугаа татав. Эл дэндүү булиа залууг хэн нь ч дийлэхгүй биз дээ гэсэн бодол... наадамчид тэрүүнтэй өөрсдөө барилдах гэж байгаа юм шиг амьсгаа дарсан богинохон мөч үргэлжлэв бололтой.


  Энэхэн үеэр зодог шуудаггүй өөрийнхөө өргөн цагаан өмд цамцтайгаа далбагнан Азилжан ч гарч ирэв гэнэ. Бүсэндээ зөвхөн цэргийн суран бүстэй. Бөхийн зодог шуудаггүй тэр хижээл насны малчин руу офицер бөх өрөвдөнхөн харсан ч зөн совингоороо тэр ч бас амаргүй дайсан болохыг тааж мэдсэн юм шиг нэг өвдөгөө түшин, нэг гараа урагшаа сунган, «алив хүрээд ир, чамайг үзье дээ» гэсэн юм шиг нүд цавчилгүй ширтэж байв.

 Азилжан ч түүний үйл хөдлөлийг давтан хийж яг тэрүүн шиг зогсох гэтэл нөгөө эр нүд ирмэх зуур Азилжаны нэг гарнаас барингуутаа огцом урагшаа татан, нөгөө гараараа бас л тэр барьсан гарынх нь бугуйнаас барингаа ээрүүл мэт огцом эргүүлжээ. Маш хурдан шаламгайгаар өрсөлдөх хоёр бөхийн хөдөлгөөнийг сонирхож суусан хүмүүс нэг харахад цамцнаас нь салж Шилэгийн гар дээр харагдсан Азилжаны цагаан цамцны ханцуйг хараад нир хийтэл бөөн инээд алдацгаав.

 Цэргийн бөх энэхүү дан өмд цамцтай өвгөнийг байрнаас нь хөдөлгөх амаргүй, хөл нь төмөр мэт бат бэх хүчтэйгий нь анзаараад, дараачийн ээлжинд үй олон арга мэхүүдээ ээлж дараалан хийсээр түүнийг ухаан самартал тэвдүүлсэн ч түүний хөл ногоон зүлэгтэй наалдчихсан юм шиг болж өгдөггүйээ. 

Одоо өрөөсөн ханцуйтай үлдсэн дог эрийг зодогтой цэргийн дарга өөр мэхээр дөнгөх санаатай зүлэгний захаар дөхүүлж ирээд, газрын хөрснөөс атга шороо авч гараа хуурайлах дүр үзүүлэн Азилжан руу тун дөхөж ирэв. 


Өрөөсөн ханцуйт түүнийг өөрийн доогуур оруулахаас болгоомжлон бөхийх гэтэл цэрэг бөх алган дээрээ үлдсэн шороог түүний нүд рүүгээ цацаж орхив. Нүдэнд шороо орохоос болгоомжлон гэнэт тонгосхийсэн Азилжаны шилэн хүзүүнээс хоёр гардан чанга татан огцом мэхийлгэж одоо Азилжаны өвдөгийг газар шүргүүлэх үлдэж дээ. Яг л тийм мэх амжилттай хийгдлээ. Лугхийтэл татагдсан Азилжан улам бөхийж яаруу сандруу урагшаа алхлан одоо л унах гэтэл, түүний цагаан цамцыг хүзүүгээр нь шувтлаад авсан арслан Шилэг өөрөө гэдрэг унав аа. 


Үзэгч олон нүдэндээ итгэж ядан шуугилдсаар байлаа. Нуруу, толгойгоо эгцэлсэн Азилжаны цамцгүй бие нь цагаан ямбуунаас ч цагаан юм байж. Хүмүүс «Цагаан бөх, Цагаан бөх, Цагаан бөх!» гэж хашгиралдав. 

Азилжан гуай ингээд санамсаргүй ч, хүчтэй ч гэмээр орон нутгийнхаа нэрийг хамгаалжээ.

Наяад оны үед цэргээс дөнгөж саяхан ирсэн Азилжаны отгон хүү Тилеуберди ч Шилэг бөхтэй аавынх нь барилдсан тэр Хоньчулуун хэмээх зусланд нэгэн бяцхан наадмаар бүх бөхийг өвдөг шороодуулсан түүхтэй юм байна. Тэгтэл тэндхийн Тайлааг овгийн бууралууд, «Хүү минь, эрт дээр үед өвгөн эцэг чинь энэ буурин дээр «Цагаан бөх» цол авсан юм сан, баяр хүргэе!» гэж өнгөрснийг дурсажээ. 

Бодвол монголчуудын хэлдэг «ясны бөх» гэдэг нь энэ бололтой. Тавин насандаа залуу бөхчүүдийг давж «Цагаан бөх» нэр алдартай болсон бол жар гарсаныхаа дараа бас нэг «гавъяа» байгуулжээ. Хаалгат гэдэг голын эрэгт Азилжан тариалангийн сахиул хийж байтал хадлан хадаж байгаа залуусын тариан талбайд орсон морьдыг Хоньчулууны зусланг давуулан хөөгөөд гаргажээ. Уурандаа багтарсан есөн эр цугаараа хүрч явган хүрч ирээд өвгөнийг хэл амаар сүрдүүлтэл сахиул өвгөн «Хаутай бор» нэртэй морин дээрээс тэднийг нэг нэгээр ширж унгаагаад дэр дэрээсээ овоолчихжээ. Энэ содон явдлыг гаднаас нь сэм харж зогссон Шотпах нэртэй алиа үгтэй хүн «Азилжаны хээрийн концертийг үнэ төлбөргүй үзэж сонирхлоо» гэж тэр даруй олон түмэнд тарааж орхижээ.


  Наяад оны үед Азилжаны нас сүүдэр ная гарлаа ч хүч буцаагүй гэнэ. Манай нутгийнхан хүргэн ахтайгаа үе тэнгийнхэн шигээ тоглодгийг дээр дурдсан билээ. Хангелди, Тайлаг овгийнхоноос эхнэр авсан болохоор Азилжан гуайтай тус овогийн охин, залуучууд бүр «хөгшин хүргэн» гэж хаа нүүр учирангуутаа элдэв янзаар үг хэлж, дог хийж тоглодог байж. Нэгэн удаа тэдгээр залуус «Хүргэн ах аа гэрт орж цай уу» хэмээн хуурч ноос савж буй хоосон гэрт оруулангуутаа түүний нүүр нүд рүү нь ноос цацаж тохуу хийхэд өвгөн эр зургаан ханат тэр гэрийн нэг хананаас барьж дээш өргөн эргүүлж хаяхад ноос савж байсан хүмүүс гэрийн гадаа хоцорсон гэнэ. Сүүлд нас нь ер гарсан ч хүч нь огт хариагүй гэдэг. Хүү Тилеубердийнх нь хэлдэгээр, зуны цагт тэмээгээр нүүдэллэхэд хоёр залуу өргөж чаддаггүй авдар, туургыг өвгөн ганцаараа өргөөд тэмээн дээр тавьдаг байжээ...


Одоо энэхүү гайхамшигтай хүчтэнгүүдийн тухай бичиж суухад, эдүүгээ цагт тийм онцгой хүн тодорч байсан бол улсын спортын олимпид гарцаагүй очих байсан гэж бодно. Тэр цагт энэ мэтийн гоц хүчтэнгүүдийг дэмждэг байсан бол «даян, дархан» цол авах л байсан даа гэж харамсдаг... 



Зохиолч, сэтгүүлч АБАЙ МАУХАРА






Зохиолчийн тухай товчхон:




Баян-Өлгий аймгийн Булган сумд төрж өссөн, 1980-онд Улсын Анагаах Ухааны дээд сургуулийг төгсөн Сэлэнгэ аймгийн Орхонтуулд, Баян-Өлгий аймгийн Алтай, Булган сумд их эмчиийн ажил хийж байгаад 1991-онд Казахстан улсад хөдөлмөрийн гэрээгээр нүүж, өдгөө Алматад хотод амьдардаг. 


Казахстаны Зохиолчдын Эвлэлийн болон Монголын Казах зохиолчдын Холбооны гишүүн.


1984-онд Д.Мягмарын «Үер» туужийг орчуулж Өлгийд хэвлүүлсэн мөн О.Дашбалбарын «Уулс минь», Баабарын «Бүү март!» зэрэг зохиолыг орчуулсан. Монголын Ардчилсан Хувьсгалын ахмад зүтгэлтэн. Лувсанданзангийн «Алтан товчыг» орчуулж 1998-онд болон 2009-онд Алмата хотод хэвлүүлсэн. 2004-онд «Сувашид» зохиолыг Астана хотод хэвлүүлж гаргасан, 2010-онд Ц.Доржготовын «Улаан орхимжны давалгаа» романыг, 2018-онд Зян Руны «Чонон сүлд» зэрэг романыг казах хэлнээ орчуулж тухайн улсын хэд-хэдэн уран зохиолын сэтгүүлээр уншигч олонд хүртээжээ. 2013-онд Түрк гаралтай эрдэмтэн Саид Нурсийн Гэгээн Кураны тайлбар болох «Гүн утгатай үгс» хэмээх томоохон зохиолыг орчуулж Улаанбаатар хотноо хэвлүүлэн Ислам шашныг сонирхдог олны хүртээл болгожээ.