ЛОНДОН, 2024 оны аравдугаар сарын 11 /DPA/. Цөмийн зэвсэг ашиглан нутаг дэвсгэрээ дайралтаас хамгаалах тактик боловсруулахаар жил бүр зохион байгуулдаг "Steadfast Noon" гэдэг нэртэй сургуулилалтаа НАТО ирэх даваа гарагт эхлүүлнэ.
Энэ тухай тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Их Британийн Ерөнхий сайд Кир Стармертай уулзахаар Лондонд пүрэв гарагт хүрэлцэн ирэхдээ сэтгүүлчдэд мэдэгджээ.
Түүний мэдэгдсэнээр, энэ удаагийн сургуулилалтад 13 улсын 60 гаруй байлдааны нисэх онгоц оролцоно. Сургуулилалт Хойд тэнгисийн дээгүүр, Их Британи, Бельги, Нидерландын агаарын орон зайд явагдана.
Цөмийн зэвсэгтэй болон цөмийн зэвсэггүй НАТО-гийн орнуудын олон арван нисэх онгоцыг оролцуулж, тактикийн цөмийн цохилт өгөх тактик боловсруулдаг "Steadfast Noon" сургуулийг жил бүр зохион байгуулдаг. Сургуулилалтын үеэр нисэх онгоцууд цөмийн зэвсэгтэй нислэг хийдэггүй.
"Тогтворгүй ертөнцөд НАТО аливаа аюул заналд бэлэн, хариу арга хэмжээ авах чадвартай гэдгийг харуулахын тулд бид батлан хамгаалах бэлэн байдлаа шалгах, бэхжүүлэх нь маш чухал" гэж М.Рютте мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0