sonin.mn

СТОКХОЛМ, 2024 оны аравдугаар сарын 10 /BBC/. Энэ оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган хүртэхээр болсныг Шведийн академийн Нобелийн хороо мэдэгдлээ. 

Стокхолм дахь тус академийн мэдэгдсэнээр “түүхэн үйл явдлаас үлдсэн шархыг сөргүүлэн тавьж, хүний амьдралын эмзэг хэврэг талыг яруу найраг адил хүүрнэсэн зохиол туурвисных нь төлөө” энэхүү нэр хүндтэй шагналыг Хан Ганд олгохоор шийдвэрлэсэн байна.





Хан Ган бүтээлээ туурвихдаа түүхэн үйл явдлаас үлдсэн шарх, үл үзэгдэх дүрэм журмыг судалж, хүний ​​амьдралын эмзэг хэврэг байдлыг бүтээл бүрдээ дэлгэн харуулсан байдаг. Тэрбээр бие ба сэтгэл, амьд ба үхэгсэд хоорондын холбооны талаар бусдаас гойд ойлголттой бөгөөд яруу тод, өөрийгөө сорьсон бичлэгийн хэв маягаараа орчин үеийн хүүрнэл зохиолд шинийг санаачлагч болсон гэж Нобелийн хорооны хэвлэлийн мэдээнд дурджээ.




Хан Ган 1970 оны 11 дүгээр сарын 27-нд төржээ. Тэрбээр 2016 онд "Цагаан хоолтон" романаараа Букерын шагналыг хүртсэн юм. 

Өнгөрсөн оны Нобелийн шагналыг Норвегийн жүжгийн зохиолч Жон Олаф Фоссэ “үгээр илэрхийлж болшгүй зүйлсийг тусгасан шинэлэг жүжиг, зохиол туурвисныхаа төлөө” хүртсэн билээ. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг