sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 10 /DW/. Хоёр долоо хоногийн өмнө “Хелен”, одоо “Милтон” хар салхинд нэрвэгдэж буй АНУ-ын өмнөд хэсгийн оршин суугчдад тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор Америкийн алдарт дуучин Тейлор Свифт буяны үйлсэд олон сая ам.доллар хандивлаж, кантри дуучид хандивын тоглолт хийхээ зарлажээ. 


Тодруулбал, поп супер од Т.Свифт байгалийн гамшигт үзэгдлүүдийн үр дагаврыг арилгах үйлсэд зориулан “Feeding America” ​​ашгийн бус байгууллагад 5 сая ам.доллар хандивласан талаар тус байгууллага нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. “Өлсгөлөнг зогсоох үйл хэрэгт бидэнтэй нэгдэж, тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст гараа сунгасанд талархал илэрхийлье, Тейлор” гэж “Feeding America”-гийн гүйцэтгэх захирал Клэр Бабино-Фонтенот мэдэгджээ.


Үүнээс гадна Кит Урбан, Люк Комбс, Жеймс Тейлор, Эрик Чёрч нарын кантри дуучид “Хелен” хар салхины улмаас хамгийн их хохирол амссан бүс нутгуудад тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор 10 дугаар сарын 26-нд зохион байгуулах “Concert for Carolina” тоглолтод оролцохоор болсон байна. Мөн кантри дуучин Морган Уоллен Америкийн Улаан загалмай нийгэмлэгт хар салхины үр дагаврыг арилгахад зориулан 500 мянган ам.доллар хандивласан бөгөөд лхагва гарагт Теннесси муж улсын Ноксвилл хотод тусламжийн эд зүйлс цуглуулах ажилд гар бие оролцжээ. Түүнчлэн кантри урсгалын домог Долли Партон өөрийн хөрөнгөөс нэг сая ам.долларыг Теннесси муж улсад үйл ажиллагаа явуулдаг нэгэн ашгийн бус байгууллагад хандивласан байна.



Э.Хулан

эх сурвалж: "Монцамэ" агентлаг