“Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Дугаарын зочин”-оор сормуус артист А.Ариунцэцэгийг урилаа. Тэрээр энэ оны есдүгээр сард Солонгос улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Professional” төрөлд гуравдугаар байр эзэлсэн билээ.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэргэжлийн ангилалд амжилттай оролцлоо. Бүтээлийнхээ тухай танилцуулж болох уу?
-Энэ удаагийн дэлхийн аваргад 10 орчим улсын уран бүтээлчид анхан шатны болон мэргэжлийн гэсэн ангилалд өрсөлдсөн. Монгол Улсаас энэ тэмцээнд нийт 12 артист оролцлоо. Би мэргэжлийн ангилалд гурван бүтээлээрээ илгээж, “Бэр цэцэг”-ээр гуравдугаар байр эзэлсэн. Өмнө жилийн тухайд тусгай байр эзэлж байлаа. Харин энэ удаа амжилтаа ахиулсандаа баяртай байна. Бүтээлээр оролцоно гэдэг нь уран сэтгэмжээр, гар аргаар шинэ сормуус хийж, түүнийгээ бэлдэц дээр нааж, будаж, чимэглэхийг хэлнэ. Бэр цэцэг нь энх тайван, эв нэгдлийн бэлгэ тэмдэг учраас энэ онцлогийг шингээж ягаан өнгөний уусгалтыг оруулсан.
-Та энэ салбарт хэрхэн хөл тавьж байв. Дараагийн зорилго юу вэ?
-Арван жилийн сурагч байхдаа миний ганц зурдаг байсан зүйл нүд байсан. Гэхдээ сормуусыг нь ерөөсөө зурж чаддаггүй. Тэгээд яавал сормуусыг нь гоё зурах уу гээд төрөл бүрээр туршиж үзнэ. Нэг мэдэхэд л хүний нүдийг сэргээж, гоо үзэсгэлэнг тодотгож байгаа нь таалагдаад, түүнээс сайхан мэдрэмж авдаг болсон байсан. Аав маань бага байхаас хүнтэй ярихдаа хүний нүд рүү харж бай гэж захидаг байсан нь нөлөөлсөн байж магадгүй. Ер нь хоббигоо мэргэжил болтлоо хөгжүүлээд явж байна. Анх 2014 оноос бие даан сурч энэ чиглэл рүү орсон гэж болно. Тухайн үед гар аргаар хиймэл сормуус хийдэг байсан. Гэхдээ маш их цаг хугацаа зарцуулдаг болохоор тэрийгээ болиод 2016 оноос “Сормуусхан” салоныхаа үйл ажиллагааг эхлүүлсэн. Мэдээж ур чадвараа одоо хүртэл тогтмол хөгжүүлж, Америк, Солонгос, Хятад зэрэг олон улсын академик сургалтуудад хамрагдаж, техникийг нь суралцаад явдаг. 2024 он гараад саяхан Герман улсад олон улсын багшлах эрхийн мастер хамгаалаад ирлээ. Мөн энэ дэлхийн аваргаас байр эзэлсэн тул олон улсын шүүгчийн эрх маань нээгдсэн. Удахгүй арваннэгдүгээр сард Сингапур улсад болох тэмцээний шүүгчийн багт дуудагдсан. Анх удаа шүүгчээр ажиллах гэж байгаа болохоор их догдолж байна. Миний ирээдүйн зорилго Монголынхоо чадварлаг уран бүтээлчидтэй хамт олон улсад гарах л байна.
-Хүн бүрийн төдийгүй, нэг хүний хоёр нүд өөрт байх тохиолдол бий. Сормуус артистын хувьд юун дээр илүү анхаарч, тохирсон сормуус хийдэг вэ?
-Суулгаж байгаа сормуусныхаа ширхэг бүрд сэтгэлээ шингээж хийдэг. Ажлын минь үр дүн нүдэн дээр ил, шууд мэдэгддэг болохоор сайхан. Хамгийн гол үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжтай, инээмсэглэл тодорсон төрх улам хичээх шалтгаан болдог. Хийх тусам туршлага сууж, ур чадвар маань нэмэгдээд байнгын үйлчлүүлэгчидтэй болж байна. Анхнаасаа чанартай бүтээгдэхүүнээр тэр хүнийхээ сонирхолд нийцсэн, нүднийх нь онцлогт тохирсон сормуус хийж өгдөг байсан болохоор энэ хүртэл явсан болов уу. Нэг хүнд дунджаар 150-200 ширхэг сормуус ордог. Олон төрлийн эфектний сонголт байх боловч тухайн хүний нүдний онцлогт тохируулж суулгадаг. Хүний хоёр нүд яг хувилсан юм шиг ижилхэн биш байж болно. Том жижиг, өөр давхраатай ч гэдэг юм уу. Тэгвэл энэ өө сэв, өгөгдлийг гоо сайхны хагалгаа шиг бүрэн арилгаж чадахгүй. Тиймээс яаж ижилхэн харагдуулах уу, байгаа төрхийг нь хэрхэн сайжруулж, сэвгүй мэт харагдуулах вэ гэдэг дээр анхаардаг. Байгалийн бяцхан өөр нүдийг сормуусаар нь засаж харагдуулахыг хичээдэг гэх юм уу. Жишээлбэл, онигор нүдэнд хойшоо уртасгасан сормуус хийвэл улам жартгар болно. Тиймээс нүднийхээ гол руу өндөрлөөд, дэрвийлгэж хийх нь зохимжтой. Хүмүүсийн дунд буруу ургалттай сормуусанд сормуус суулгаж болохгүй, нүдийг хатгаж хараа муудна гэсэн буруу ойлголт байдаг. Буруу ургалттай сормуус гэж доошоо унжуу ургалттайг хэлээд байгаа. Ийм сормуусанд дэрвэгэрийг суулгаснаар суурь их биеийг дээш татаж өгдөг. Энэ нь суурь сормуусыг доош татаж унжуулна гэсэн үг биш. Ер нь үйлчлүүлэгчийнхээ нүдний хэлбэр, ажил мэргэжил, зан төрх, нас, сонирхолд нь нийцүүлж тохирсон сормуус хийж өгөхийг зорьдог.
-Зарим хүн сормуусаа өөрөө унатал нь яваад байдаг. Сормуус хийлгэснээс хойш хэр хугацаанд салгуулах ёстой байдаг вэ?
-Хүний сормуус гурваас зургаан сарын хугацаанд унаад, ургаад дөрвөн үе шатыг дамжиж явагддаг. Ерөнхий стандартаараа бол сормуус суулгуулснаас 21-28 хоногийн дотор салгуулаад, амраах ёстой байдаг. Гэвч Монголын нөхцөлд энэ нь бараг хэрэгждэггүй. Тиймээс үйлчлүүлэгчдээ 30-45 хоног унаад дуустал нь байлгаж болно. Гэхдээ усан суурьтай цэвэрлэгээг маш сайн хийгээрэй гэж зөвлөдөг. Тасралтгүй гурван удаа хийлгэсэн бол нэг удаа өнжиж, сормуусаа амраах нь зөв байдаг. Ер нь үйлчлүүлэгчийнхээ сормуусыг харж байгаад зөвлөгөө өгдөг. Дөнгөж ургаж байгаа турьхан сормуустай байвал хэсэг хугацаанд өнжсөн дээр.
-Сормуус суулгуулахад насны хязгаар байдаг уу. Хэдэн наснаас дээш хийлгэвэл зохимжтой вэ?
-Европт 13-аас дээш насны хүүхдийг бол зөвшөөрдөг. Миний хувьд үнэхээр шаардлагатай л биш бол 17 нас хүрсэн хойноо хийлгэхийг зөвлөнө. Юу сонирхож, хүсэж байгаагаа мэддэг болсон хойноо хийлгэх нь зүйтэй. Тэр хүүхдүүдийн өөрсдийнх нь сормуус гэж гайхалтай, торгомсог байгаа тул хийлгэ гэж зөвлөхгүй. Харин нас явах тусам сормуусны ургалт удааширч, шингэрнэ. Тэр хүмүүс гоо сайхан нүдний харцаа сэргээхийн тулд класик энгийн сормуус хийлгэвэл зүгээр. Манай 50, 60 настай байнгын үйлчлүүлэгчид маань хүүхдээ, ач, зээгээ хүртэл дагуулаад ирэх нь бий.
-Мэдээж сормуусыг цавуугаар нааж тогтоож байгаа. Тиймээс хийлгэж болохгүй, хориглосон үе гэж байдаг болов уу?
-Жирэмсний эхний гурван сар, бага сартай хөхүүл мөн сарын тэмдэг ирсэн, сарын тэмдэг ирж дуусаад удаагүй, ирэх дөхсөн үед хийлгэхийг зөвлөдөггүй. Учир нь энэ үед хийлгэсэн эмзэг мэдрэмтгий хүмүүсийн нүд улайж, нулимс гардаг. Мөн дааврын өөрчлөлтөөс хамаараад дотроосоо байнга тослог ялгарч сормуус хийх үйл явцад нөлөөлдөг. Сормуус уургаар тэжээгдэж байж уян хатан, чийглэг байдаг. Гэтэл дааврын нөлөөгөөр энэ нь алдагдаад ирэхээр цавуу наалдахгүй, амархан салах гээд байдаг. Цавуу наалдахгүй байх нь нөгөө талаар өрөөний температур, чийгшилтэй холбоотой. Гэхдээ олон жил хийгээд, туршлага суугаад ирэхээр юунаас хамааралтай цавуу тогтохгүй байгааг мэддэг. Тиймээс үйлчлүүлэгчдээсээ дээрх зүйлийг тодруулдаг. Энэ жилээс манайх Солонгос үйлдвэрт “Сормуусхан”-ы нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотооддоо оруулж ирсэн. Сормуусны цавуу гэхэд дотроо олон янз байна. Зөвхөн сормуус хийлгэсэн хүн төдийгүй удаан хугацаанд хийж байгаа артистыг харшилтай болгодог. Тиймээс харшилтай, эмзэг мэдрэмтгий хүмүүст зориулсан цавууг үйлдвэрлэж, хэрэглэж байна.
-Танай бүтээгдэхүүнийг Монголын бусад салон хэрэглэхэд нээлттэй юу?
-Мэдээж нээлттэй. Гэвч манайхан яагаад ч монгол хүний хийсэн, санаачилсан юм гэхээр дургүй байдаг юм шиг ээ. Өөрсдийнх нь хэрэглэдэг хятад бүтээгдэхүүнээс илүү чанартай байхад л тоодоггүй. Хамтарч ажилладаг, нөөцөлж авдаг хэд хэдэн газар бий. Манайх одоо бүтээгдэхүүнээ ч тэр, артистуудаа ч тэр олон улсад гаргахыг зорьж байна. Үүнд хамтын хүч хөдөлмөр л хэрэгтэй байна.
Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл2
Би нэг хийлгэх юмсан
yamar goy yum be. beeliin chineehen ohin l mongoliin neriig gargaj bnshde