sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 9. /NYT/. АНУ-ын Флорида муж улсын эрэг рүү "Милтон" нэртэй хүчтэй хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан муж улсын захирагч Рон Десантис иргэддээ хандан нүүхийг уриаллаа. 


Албадан нүүлгэн шилжүүлэх тухай мэдэгдэл болон нүүх зөвлөмжийг 5.5 сая гаруй хүнд илгээсэн бөгөөд Флоридагийн түүхэн дэх хамгийн том нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд бэлтгэж байна гэж АНУ-ын Онцгой байдлын Холбооны алба (FEMA) мэдээлжээ. 


"Хэрэв та бүхэн явах гэж байгаа бол яг одоо л явах хэрэгтэй" гэж Флорида муж улсын захирагч Рон Десантис хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Тэрбээр мөн хар салхи дайран өнгөрөх гэж байгаатай холбогдуулан Флоридагийн эрх баригчдын тавьсан бүх саналыг Ерөнхийлөгч Жо Байден хүлээж авсан гэдгийг мэдээлсэн байна. Гамшгийн уршгийг арилгахад АНУ-ын Үндэсний гвардын 8000 орчим цэргийг дайчилна гэж Десантис хэлжээ.


“Милтон” хар салхи нь 2005 онд Мексикийн буланд үүсэж байсан хар салхинаас хамаагүй хүчтэй байх төлөвтэй байгаа бөгөөд 3.3 сая гаруй хүн оршин суудаг Тампа буланд 10 дугаар сарын 9-нд хүрэх төлөвтэй байна. Хар салхины хүч даваа гарагт гуравдугаар ангиллаас тавдугаар түвшинд хүрч ширүүсжээ.


АНУ-ын Хар салхи судлалын үндэсний төвөөс мэдээлснээр, салхины дээд хурд цагт 287 км-т хүрч байгаа ажээ. Хар салхи ойртож байгаатай холбогдуулан Флоридад 1500 гаруй нислэгийг цуцалсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Байден муж улсын эрх баригчдын үйл ажиллагааг биечлэн зохицуулахын тулд Герман, Ангол улсуудад хийх айлчлалаа хойшлуулсан байна. Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн эдгээр улс руу хийх айлчлалаа цуцалжээ.



Д.Жаргал

эх сурвалж: "Монцамэ" агентлаг