sonin.mn

БРАЗИЛИА, 2024 оны аравдугаар сарын 9 /BBC/. Бразилын Дээд шүүх олон нийтийн X сүлжээнд /хуучнаар Твиттер/ тавьсан хоригоо цуцалж байгаагаа мэдэгджээ.

Шүүгч Александри ди Морайсын мэдэгдсэнээр, их хэмжээний торгууль төлж, буруу ташаа мэдээлэл тараасан хэмээн буруутгагдаж буй хаягуудыг хаасны дараа уг нийгмийн сүлжээг Бразилд “нэн даруй буцаан сэргээх” зөвшөөрлийг өгсөн байна. X платформ нийт 28 сая реалын /5.1 сая ам.доллар/ торгууль төлж, Бразилын хуулийн дагуу орон нутгийн төлөөлөгчийг томилохоор тохиролцсон гэж түүний мэдэгдэлд дурджээ.

2022 оны Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ташаа мэдээлэл тараасан гэж Засгийн газраас үзсэн хэд хэдэн хаягийг хаахаас татгалзсаны дараа А.Морайс Америкийн тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг платформд нэвтрэх эрхийг бүрэн хаагаад байсан юм. Харин мягмар гарагт А.Морайс Бразилын харилцаа холбооны асуудал эрхэлсэн агентлаг болох “Anatel”-д тус улсын 20 сая гаруй хэрэглэгчийн үйлчилгээг 24 цагийн дотор сэргээхийг даалгасан байна.

И.Маск олон сарын турш шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, наймдугаар сарын сүүлчээр Х компанийн Бразил дахь ажилтнуудыг халж, тус улс дахь оффисыг хаажээ. Цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla болон SpaceX пуужингийн компанийг удирддаг И.Маск тухайн үед "Бразил дахь X оффисыг хаах шийдвэр гаргахад хэцүү байсан" гэж мэдэгдэж байлаа.




Өөрийгөө “үг хэлэх эрх чөлөөг дэмжигч” хэмээн тодорхойлдог тэрбумтан тэрбээр олон арван хаягийг хаахыг шаардсан шүүгч А.Морайсын шийдвэрийг эрх мэдлээ урвуулан ашигласан, үг хэлэх эрх чөлөөг зөрчсөн үйлдэл гэж тайлбарлажээ. Үүнээс хэдхэн өдрийн дараа А.Морайс уг платформыг улс даяар хаахыг үүрэг болгосон юм. Улмаар олон хэрэглэгч Bluesky гэх мэт өөр нийгмийн сүлжээнүүдийг ашиглаж эхэлсэн бөгөөд Бразилд VPN (Virtual Proxy Network) сүлжээний эрэлт эрс нэмэгдсэн байна.




Харин есдүгээр сараас Х платформ шүүхийн шийдвэрийг биелүүлж эхэлсэн юм. Мягмар гарагт Х “Бразилд эргэн ирсэндээ баяртай байна” гэж мэдэгджээ. “Бразилын олон арван сая иргэнд энэхүү зайлшгүй шаардлагатай платформд нэвтрэх боломжийг олгохыг энэ бүх үйл явцын туршид хамгийн ихээр чухалчилж байсан” гэж X компанийн уг асуудлыг хариуцсан багийн мэдэгдэлд дурджээ.

Одоо Х хоригийг цуцлахын тулд шүүгчийн зүгээс тавьсан бүх шаардлагыг биелүүлсэн бололтой. Бразил бол уг платформын хамгийн том зах зээлүүдийн нэгээс гадна, Латин Америк дахь хамгийн том зах зээл бөгөөд 22 сая орчим хэрэглэгчтэй ажээ


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг