sonin.mn

СТОКХОЛМ, 2024 оны аравдугаар сарын 8 /TASS/. Америкийн эрдэмтэн Жон Хопфилд, Британи гаралтай Канадын эрдэмтэн Жефри Хинтон нар машин сургалтын салбарт хийсэн нээлтийнхээ төлөө энэ оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээр боллоо.Стокхолм дахь Каролины хүрээлэнгийн Нобелийн хорооноос мэдээлснээр, "хиймэл мэдрэлийн сүлжээ ашиглан машин сургах боломжийг олгодог суурь нээлт, шинэ бүтээлийнх нь төлөө" тэдэнд уг шагналыг олгожээ. 




Хопфилд "мэдээллийг хадгалах, сэргээх чадал бүхий бүтцийг бий болгож чадсан" бол Хинтон хиймэл мэдрэлийн эсийн том хэмжээний сүлжээнд өдгөө чухал үүрэг гүйцэтгэх болоод байгаа "өгөгдлийн шинж чанарыг өөрөө олж илрүүлэх арга" -ыг нээжээ. "Хэдийгээр компьютер нь сэтгэж чадахгүй боловч одоо санах ойг дуурайж, сурах чадвартай болсон. Энэ оны физикийн шагналын эзэд үүнийг боломжтой зүйл болгоход тусалсан" гэж Нобелийн хороо онцолсон байна. 




Өнгөрсөн онд физикийн салбарын шагналыг Франц-америк гаралтай эрдэмтэн Пьер Агостини, унгар-австри гаралтай эрдэмтэн Ференц Краус, Францын судлаач Анн Л’Юилье нар "атомын дотор талыг харах" боломжийг эрдэмтэд олгодог хэт богино лазер импульсийн технологийг туршилтаар хөгжүүлснийхээ төлөө хүртсэн билээ.




1901 оноос хойш физикийн салбарын Нобелийн шагналыг 117 удаа олгож, 225 хүн хүртжээ. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг