sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 8 /CNN/. Америкийн “Costco” сүлжээ дэлгүүр худалдан борлуулдаг үнэт металлынхаа цуглуулгыг цагаан алтаар өргөжүүлж байна.

Тус сүлжээ одоо Швейцарт үйлдвэрлэсэн 1 унц хэмжээтэй цагаан алтан ялтсыг 1089.99 ам.доллараар худалдаалахаар цахим хуудсандаа байрлуулсан бөгөөд үүнийг худалдан авахад “Costco”-гийн гишүүнчлэлтэй байх шаардлагатай. Уг ялтсанд Ромын хөгжил цэцэглэлтийн бурхан Фортунаг дүрсэлсэн гэж үйлдвэрлэгчийн цахим хуудсанд бичжээ.

“Costco” алтан ялтасны борлуулалтаа үргэлжлүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд цагаан алт нь цуглуулагчдын жижиглэн худалдааны дэлгүүрээс худалдааны авах боломжтой үнэт металлын томоохон жагсаалтад нэмэгдэж байна.




2023 онд алтан ялтас худалдаалж эхэлсэн “Costco” тухайн оны эхний улиралд 100 сая гаруй ам.долларын үнэ бүхий ялтас борлуулсан гэж орлогын тайландаа дурджээ. Улмаар энэ оны эхээр анх удаа мөнгөн зооснуудыг 675 ам.долларын үнээр зарж эхэлсэн юм. Зоосыг буцаах боломжгүй бөгөөд гишүүд дээд тал нь тавыг худалдан авах боломжтой байна.  




Гэсэн хэдий ч алтны үнэ сүүлийн үед дээд цэгтээ хүрсэн тул цуглуулагчид алтыг илүүтэй сонирхож байна. Харин цагаан алтны үнэ энэ он гарсаар алттай харьцуулахад бага зэргийн өсөлт үзүүлсэн юм.

Гэхдээ “Costco”-гийн энэ алхам нь борлуулалтыг нэмэгдүүлэхээс илүүтэй маркетингтай холбоотой байна. Эцсийн бүлэгт, алтан ялтсыг гэртээ хадгалж буй хүмүүс тийм ч олон биш байгаа юм. Иймд худалдан авагчдыг эргэж ирүүлэхийн тулд гэнэтийн, хязгаарлагдмал хугацаагаар борлуулах бараа бүтээгдэхүүнүүдээр дэлгүүрүүдээ “амталж”, “эрдэнэсийн эрэл хайгуул” хэмээх брэндийн имижээ бататгахын тулд уг үнэт металлыг худалдаалж байна.

“Бид дараагийн удаа энд байхгүй байх магадлалтай тул харсан даруйдаа худалдаж авах хэрэгтэй гэсэн хандлагыг бий болгохыг хичээдэг. Энэ бол эрдэнэсийн эрэл хайгуул хийж байна гэсэн үг” хэмээн “Costco”-гийн үүсгэн байгуулагч ярьж байжээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг