sonin.mn

ПАРИС, 2024 оны аравдугаар сарын 8 /Reuters/. Европын Сансрын агентлагийн “Hera” сансрын хөлгийг даваа гарагт АНУ-ын Флорида муж улсаас “SpaceX” компанийн пуужингаар хөөргөлөө. Ингэснээр 2022 онд НАСА-гийн “DART” аппаратаар чиглэлийг нь өөрчилсөн солирыг судлах зорилготой хоёр жилийн аялал эхэлжээ.


Солирын чиглэлийг өөрчилсөн түүхэн мөргөлдөөнөөс хойш хоёр жилийн дараа Диморф солир луу очих гэж буй нь Дэлхийг чиглэн ирж буй жижиг солирыг шаардлагатай тохиолдолд чиглэлийг нь өөрчилж, өргөн цар хүрээтэй хохирол учруулахаас сэргийлж чадах эсэхийг судлах зорилготой юм.


“Falcon 9” пуужин даваа гарагт орон нутгийн цагаар 10:53 цагт хөөрсөн байна. Европын Сансрын агентлаг /ESA/ судалгааны аппаратыг хөөргөх ажиллагаандаа Илон Маскийн “SpaceX” компанийг сонгожээ.


DART нь Дэлхийг мөргөж болзошгүй сансрын биетүүдийг сансрын хөлөг ашиглан түлхэх зорилготой төсөл юм. Уг аппарат нь 2022 оны есдүгээр сарын 26-нд Дэлхийгээс ойролцоогоор 11 сая км зайд орших Диморфыг цагт 22 530 км/цагийн хурдтайгаар мөргөжээ.


Эрдэмтэд өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдэхдээ, уг мөргөлдөөн нь жижиг солирын замыг төдийгүй хэлбэрийг нь өөрчилсөн гэсэн юм. Германы “OHB SE” компанид зохион бүтээсэн “Hera” хөлөг нь хоёр жилийн өмнө АНУ-ын сансрын агентлагийн туршилтаар хийсэн мөргөлдөөнийг гаргийг хамгаалах стратеги болгон өргөжүүлэхийн тулд Диморфт учирсан нөлөөллийг судална гэж ESA мэдээлжээ. Нарны аймагт хагас сая гаруй солир байдгаас 25 мянга гаруй нь Дэлхийн ойролцоох биетийн ангилалд багтдаг. Эдгээрээс 1000 гаруй нь ESA-ийн эрсдэлийн жагсаалт буюу нарийн ажиглалт хийх ёстой биетүүдийн жагсаалтад ордог байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг