НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 2 /Anadolu/. Дэлхийн 65 ба түүнээс дээш насны хүн амын тоо 2030 он гэхэд залуучуудынхаас давж, өндөр настнуудын тоо тав хүртэлх насны хүүхдийн тооноос хоёр дахин олон болох төлөвтэй байна.
НҮБ-аас 1990 онд хөгшрөлтөөс үүдэлтэй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх, өндөр настнуудын амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор 10 дугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр” болгон зарласан юм.
Тус байгууллагын хамгийн сүүлд хийсэн урьдчилсан таамаглалаар, дэлхийн хүн амын тоо 2030 он гэхэд ойролцоогоор 8.5 тэрбумд, 2050 он гэхэд 9.7 тэрбум, 2100 он гэхэд 10.4 тэрбумд тус тус хүрэх төлөвтэй байна.
Түүнчлэн 2030 он гэхэд 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо залуучуудынхаас давах тооцоо гарчээ. НҮБ-аас 15-24 насныхныг залуучууд гэж тодорхойлдог. Улмаар 2050 он гэхэд 65 ба түүнээс дээш насны хүн ам хоёр дахин нэмэгдэж, 1.6 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Хэрэв энэ таамаг биеллээ олбол ахмад настнууд дэлхийн хүн амын 16 гаруй хувийг эзлэх юм.
950 онд дэлхийн хэмжээнд 65 ба түүнээс дээш насны хүмүүс 20 хүн тутмын нэгийг эзэлж байв. Тэгвэл 2021 он гэхэд энэ харьцаа 10 хүн тутмын нэг болж өөрчлөгдсөн бол 2050 он гэхэд дэлхийн зургаан хүн тутмын нэг нь энэ насны ангилалд хамаарах төлөвтэй байна. НҮБ-ын 2023 оны тайланд дурдсанаар, дэлхийн хамгийн өндөр настай хүн амын ихэнх нь Ази, Европт оршин сууж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Ашгүй дэлхийн хүн ам цөөрөх юм байна
Япон шиг ойд төөрүүлж эхлэх үү