sonin.mn

БЕРЛИН, 2024 оны аравдугаар сарын 2 /DW/. Германы хөл бөмбөгийн дасгалжуулагч Юрген Клопп мягмар гарагт Берлин хот дахь Бельвю ордонд Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайераас Холбооны хүндэт одонг гардан авчээ.

“Ардчиллын үнэт зүйлсийн төлөө оруулсан гарамгай хувь нэмэр” оруулсныхаа төлөө шагнуулсан 28 хүний ​​нэг нь Ю.Клопп байв. “Яагаад би гэж? Юуны төлөө?” хэмээн дасгалжуулагч хэлээд “ийм ер бусын түүхтэй ер бусын хүмүүсийн” дунд байх энэ мөчид өөрийгөө маш эгэл жирийн хүн хэмээн төсөөлж байгаагаа хуваалцжээ.




Штутгарт хотод төрсөн, өдгөө 57 настай Ю.Клопп тоглогчийн хувьд төдийлөн алдаршаагүй боловч зодог тайлмагцаа “Майнц” клубийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлжээ. Энэ үед талбай дээр өнгөрүүлсэн жилүүдийнхээс илүү их нөөц бололцоо түүнд байсан нь тун удалгүй тодорхой болсон юм.




Тэрбээр 2004 онд “Майнц”-ыг дасгалжуулан Германы дээд дивизион болох Бундеслигт анх удаа дэвшин тоглож байлаа. Дараа нь “Боруссиа Дортмунд” руу очиж, 2010, 2011 онд дараалан Бундеслигийн цомыг хүртсэн юм. Хамгийн сүүлд тэрбээр Английн Премьер лигт есөн жилийг “Ливерпүүл”-тэй өнгөрүүлэхдээ тус клубт 25 жил гаруйн хугацаанд анх удаа лигийн аварга цолыг авчирчээ. Тэрбээр өнгөрсөн улирлын төгсгөлд завсарлага авах хэрэгтэй гэж хэлээд ажлаа өгсөн байна.Германы “Tagesschau” телевизийн хөтлөгч Сюзанна Даубнер шагнал гардуулах ёслолыг хөтлөх үеэрээ Ю.Клоппыг олон хүнд үлгэр дуурайлал үзүүлсэн, хөл бөмбөгийн төдийгүй нийт спортын ертөнцийн элч төлөөлөгч болсон эрхэм хүн хэмээн тодорхойлжээ. Тэрбээр ядууст тусалдгаараа олны талархлыг хүлээсэн хүн юм. Их Британи дахь хамгийн алдартай герман хүн гэгддэг, 2019 оны Германы Хөл бөмбөгийн элч төлөөлөгч, 2021 онд Герман-Британийн найрамдлын шагналыг хүртэж байсан Ю.Клопп бол Герман улсын нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж буй гавьяатай нэгэн билээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцам" агентлаг