sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 28 /VOA/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй есдүгээр сарын 27-ны баасан гарагт уулзлаа. 

Уулзалт Нью-Йорк хотод орших, АНУ-ын Ерөнхийлөгч асны эзэмшдэг "Трамп-тауэр" цамхагт болсон байна. 40 минут үргэлжилсэн уулзалтын үеэр Д.Трамп удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд ялбал Украины дайныг зогсооно гэдгээ дахин мэдэгджээ. Тэрбээр Украины удирдагчтай ярилцсаныхаа дараа мэдэгдэхдээ, Украин, Оросын удирдагчид хоёулаа "шударга хэлэлцээр" байгуулахыг хүсэж байна гэв.




“Бид Зеленскийтэй маш сайн харилцаатай, би бас Ерөнхийлөгч Путинтэй маш сайн харилцаатай байдгийг та бүхэн мэднэ. Хэрэв бид /Бүгд Найрамдах нам/ сонгуульд ялбал энэ асуудлыг /Украин, Оросын мөргөлдөөн/ маш хурдан шийднэ гэж би бодож байна" гэж Д.Трамп уулзалт эхлэхийн өмнө сэтгүүлчдэд хэлсэн байна. Харин В.Зеленский хэлэхдээ, Орос, Украины хооронд дайн эхлэх ёсгүй байсан, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд "шахалт үзүүлж, энэ дайныг зогсоох ёстой" гэжээ.




Д.Трамп мөн Зеленский, Путин хоёр хоёулаа дайныг дуусгахыг хүсэж байна гэж мэдэгдээд "Хэрэв би сонгуульд ялбал бид дайныг шударгаар дуусгах болно" гэж хэлсэн байна.

В.Зеленский Д.Трампыг Украинд айлчлахыг урьж, АНУ-ын Ерөнхийлөгч асан урилгыг хүлээн авчээ. 

Украины Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгч асантай хийсэн уулзалтаа "маш үр бүтээлтэй" болсон" гэж мэдэгджээ. "Бид дайныг зогсоох ёстой гэсэн нийтлэг үзэл бодолтой байна. Путин ялж чадахгүй. Украинчууд ялах ёстой" гэж В.Зеленский бичсэн байна. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг