Италийн “Рома” клубын эзэн болох Америкийн бизнес эрхлэгч Дэн Фридкин Английн “Эвертон” багийг худалдан авахаар тохиролцжээ. Энэ тухай Ливерпүүлийн клубийн цахим хуудсанд бичсэн байна.
Тодруулбал, Фридкиний эзэмшлийн The Friedkin Group компани “Эвертон”-ы хувьцааны хяналтын багцыг худалдан авах талаар Blue Heaven Holdings компанитай тохиролцоонд хүрчээ.
Одоо зохицуулагч байгууллагууд, тэдгээрийн дотор Английн Премьер-Лиг, Английн хөл бөмбөгийн холбоо, Санхүүгийн хяналтын газраас зөвшөөрөл авах ёстой. “Тохиролцоонд хүрч, нэр хүндтэй клубийг удирдах болсондоо бид баяртай байна. Хэлэлцээг бүрэн дуусгахын тулд шаардлагатай зөвшөөрлүүдийг авахаар шаргуу ажиллаж байна. Клубын тогтвортой үйл ажиллагааг хангах, ялангуяа Брэмли-Мур хөлөг онгоцны зогсоолын орчимд “Эвертон”-ы шинэ цэнгэлдэх хүрээлэнг барьж дуусгах тэр мөчийг бид тэсэж ядан хүлээж байна” гэж Фридкиний компанийн мэдэгдэлд дурджээ.
“Эвертон” баг Английн АШТ-нд 9 удаа түрүүлж, 1985 онд Цомтой багуудын цомын аваргаар шалгарч байв. Харин энэ улирлын Английн АШТ-нд 4 хожигдож, 1 тэнцсэнээр тэмцээний хүснэгтийн хамгийн сүүлийн байрт бичигдэж байна.
Өнгөрсөн улиралд “Эвертон” баг санхүүгийн ил тод байдлын дүрмийг /fair play/ зөрчсөний учир оноогоо хасуулж байсан билээ. Фридкиний компани 2020 онд “Рома” багийг 600 сая орчим еврогоор худалдан авсан бөгөөд шинэ эзэнтэй болсон ромчууд 2022 онд Конференцийн Лигт аваргалж, 2023 онд Европын лигийн финалд шалгарсан юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0