sonin.mn

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нартай хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр өмгөөлөгч Б.Баатарсайхан: "Бидний өгч буй мэдээлэл аливаа нэг этгээдэд нөлөөлөх гэсэн оролдлого биш гэдгийг тодотгоё. 2024 оны 7-р сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэр гарч сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сар хорих ял оногдуулсан. Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхээс шүүхийн тойм мэдээг албан ёсоор олон нийтэд тухайн өдөр мэдээлсэн.


Тухайн өдөр Н.Өнөрцэцэгийн асуудлаар шүүхийн мэдээ гаргахдаа өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулан гэх асуулга бүхий мэдээлэл гаргасан. Бид энэ хэрэгт аливаа хэлбэрээр саад учруулаагүй болохыг албан ёсоор хэлье.


Миний хувьд хоёр ч шүүх хурал байсан давхацсан тул шүүх хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгч анх удаагаа шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ илэрхийлсэн ч шүүх түүний хүсэлтийг хүлээж аваагүй, шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулсан. Миний бие Эрүүгийн хуулийн 19.11 буюу төрийн нууцтай холбоотой асуудлыг дагнан өмгөөлж байгаа. Д.Оросоо өмгөөлөгч намайг орлох боломжгүй, тийм практик ч байхгүй. Н.Өнөрцэцэгийн хувьд өнөөдөр 135 хоног хоригдож байна. Өмгөөлөгчдийнх нь зүгээс 2024 оны наймдугаар сарын 19-ний өдөр давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан. Өмгөөлөгч нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа, тийм учраас давж заалдах гомдлоо гаргасан" гэв. 


С.Сарнай