sonin.mn

ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 16 /Xinhua/. Японы ахмад настнуудын тоо 36.25 сая болж, шинэ дээд үзүүлэлтэд хүрснийг тус улсын Засгийн газраас ням гарагт танилцуулсан тоон мэдээлэл харууллаа. 

Ахмад настнуудыг хүндэтгэх үндэсний өдрийг тохиолдуулан Дотоод хэргийн яамнаас танилцуулсан мэдээллээр, энэ тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 20 мянгаар нэмэгджээ. 

Есдүгээр сарын 15-ны ням гаргийн байдлаар 65 ба түүнээс дээш насны иргэд Японы нийт хүн амын 29.3 хувийг бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.2 пунктээр өссөн үзүүлэлт юм. 

Насны бүлгээр авч үзвэл, ахимаг насны эрэгтэйчүүд 15.72 сая буюу Японы эрэгтэй хүн амын 26.1 хувийг эзэлж байгаа бол ахимаг насны эмэгтэйчүүд 20.53 сая хүн буюу тус улсын эмэгтэй хүн амын 32.3 хувийг эзэлж байна.




Японы хүн амын хөгшрөлт 1950-иад оноос хойш үргэлжилж байгаа бөгөөд цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэнгийн тооцоолсноор 2040 он гэхэд 1971-1974 оны хооронд төрсөн “бэби-бумер” үеийнхэн 65 нас хүрэх үед ахмад настнууд нийт хүн амын 34.8 хувийг эзэлнэ.




Хөдөлмөр эрхэлдэг ахмад настнуудын эзлэх хувь ч нэмэгдсээр байна. Өнгөрсөн онд ажлаа үргэлжлүүлэн хийж буй 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо 20 дахь жилдээ нэмэгдэж, 9.14 саяд хүрсэн байна.

Тэдний 1.32 сая нь бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт, 1.07 сая нь, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт, 1.04 сая нь үйлчилгээний салбарт ажиллаж байна.

65 ба түүнээс дээш насны хүмүүсийн дунд ажил эрхэлж буй хүмүүсийн эзлэх хувь 25 орчим хувьтай байгаа бол 65-69 насны ахмадуудын тал хувь нь үргэлжлүүлэн ажиллаж байна.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг