sonin.mn

Курд бүсгүй Махса Амини амиа алдсанаас хойш 2 жил өнгөрч байгаатай холбогдуулан Иранд ням гарагт түүний дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа болжээ.


Хэдийгээр аюулгүй байдлыг хангах чангатгасан арга хэмжээ авсан боловч хүмүүс гудамжинд гарч жагссан байна. Ираны нийслэл болон Аминигийн төрсөн Саккез хотод олон тооны цагдаа нар, аюулаас хамгаалах албаны ажилтнууд эргүүл хийж байлаа.


Эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон залуу бүсгүйчүүд Ираны дуучин Шервин Хажипурын дуулдаг “Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө” гэдэг дууг дуулж байв. Хоёр жилийн өмнө Амини амиа алдсанаас хойш энэ дуу нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөний сүлд дуу болсон юм. Аминигийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа зохион байгуулахыг гэр бүлийнхэнд нь зөвшөөрөөгүй ба оршуулгын газарт очих замыг цагдаа нар хааж, эцэг эхийг нь гэрийн хорионд оруулсан байна. 


Ираны "Эвин" гэдэг шоронд хоригдож буй 34 эмэгтэй хоригдол Аминигийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаанд оролцогчидтой эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэн өлсгөлөн зарлажээ.


Түүнчлэн Парис хотод Аминигийн дурсгалыг хүндэтгэх цуглаан болж, түүнд оролцогчид эмэгтэйчүүдийн хөдөлгөөн ба Ираны сөрөг хүчнийг дэмжиж байгаагаа илэрхийлэн гудамжаар жагсан явжээ. Тагнуул хийсэн хэргээр Ираны шоронд хоригдож байгаад 2023 оны 5 дугаар сард суллагдсан Францын иргэн Бенжамин Бриер жагсаалд оролцсон байна. 


Махса Амини амиа алдсан хэргийн тухайд


Толгойн алчуураа зохисгүй байдлаар зүүсэн гэх үндэслэлээр Ираны ёсзүйн цагдаа нар 22 настай курд бүсгүй Махса Аминиг 2022 оны есдүгээр сарын 16-ны өдөр баривчилсны дараа бүсгүй нас барсан билээ.


Бүсгүй зүрхний шигдээсээр нас барсан гэж хууль сахиулах байгууллага мэдэгдсэн боловч түүний эцэг эх нь үүнийг няцааж, Махсад хэзээ ч зүрхтэй холбоотой асуудал гарч байгаагүй гэсэн юм.  


Аминиг оршуулсны дараа Ираны баруун нутагт “Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө” гэсэн уриан дор олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөв. Олон сарын турш ажиллагааны явцад Ираны цагдаа нар 550 гаруй жагсагчдыг баривчилж, шүүхээс 7 эрэгтэй хүнд цаазын ял оноосон байна.


Б.Адъяахүү