sonin.mn

НЕЙПИДО, 2024 оны есдүгээр сарын 16 /BBC/. “Яги” хар салхины нөлөөгөөр Мьянмарт үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурсны улмаас 100 гаруй хүн амиа алджээ. 


Тус улсын эрх баригч цэргийн хунтын хэвлэлийн төлөөлөгч Зав Мин Туны ням гарагт мэдэгдсэнээр, 113 хүн амиа алдаж, 64 хүн сураггүй болжээ. Гэхдээ амиа алдагсдын тоо илүү олон байж магадгүй гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.


Үүний зэрэгцээ 320 мянга гаруй хүнийг түр хоргодох байранд нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн гэж Франс Пресс агентлаг мэдээллээ. Мьянмарын төв нутгийн Кайя, Кайин, Мандалай, Мон, Шан мужуудад хүчтэй аадар бороо оржээ. Амиа алдагсдын тоо албан ёсны мэдээллээс хавьгүй өндөр байгаа тухай гадаадын хэвлэлүүд мэдээлж байна.


Мьянмарт 160 хүн амиа алдсан гэж АНУ-аас санхүүждэг “Radio Free Asia” радио мэдээлсэн бөгөөд эрх баригч цэргийн хунтад үнэнч олон нийтийн сүлжээний хаягуудад зөвхөн Мандалайд гэхэд 230 хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна.


Японы NHK телевизийн мэдээлснээр, Мьянмарт бямба гаргийн байдлаар 120 гаруй хүн амиа алджээ. Энэ онд Азийг дайрсан хамгийн хүчтэй хар салхи болох “Яги” Вьетнам, Лаос, Хятадын Хайнань арал, Филиппинд их хэмжээний хохирол учруулаад байна. 


Мьянмарыг дайрахаас өмнө шуурга 287 хүний аминд хүрсэн гэж тооцоолж байна. Мьянмарт 66 мянга орчим байшин, 375 сургууль, нэг сүмийн барилга эвдрэн сүйдсэн гэж төрийн мэдлийн хэвлэлд мэдээлжээ.


Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хар салхи, шуурганы хүч, давтамж нэмэгдэж байгааг судлаачид хэлж байна. Тодруулбал, далайн ус бүлээхэн болж байгаа нь шуурганы эрчийг нэмэгдүүлж, салхины хурд нэмэгдэхэд нөлөөлдөг. Дулаан уур амьсгал нь мөн илүү их чийгийг хуримтлуулж, хүчтэй аадар бороо ороход хүргэдэг. “Яги” хар салхи ойрын өдрүүдэд Мьянмараас цаашилж, Номхон далайн баруун хэсгийг дайран өнгөрөх төлөвтэй байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ"агентлаг