sonin.mn

Монголын ажил хэрэгч бизнесийн төлөөлөгчид Владивостокийн "Дорнын эдийн засгийн форум-2024"-т оролцохоор зэхэж байна. Манай улс жил бүр ОХУ-ын Владивосток хотод зохиогддог "Дорнын эдийн засгийн чуулга уулзалт"-д оролцуулахаар нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэйгээр төлөөлөгчдөө илгээдэг. Энэ жил ч мөн адил. Ер нь энэ бол бидний хувьд эдийн засгийн салбарт шинэ түнш, хамтрагчтай болох сайхан боломж юм. Хөрш орнууд биднийг сонирхож байгаа нь нууц биш бөгөөд ингэснээр харин ч бидэнд ашигтай. Үүний гол хүчин зүйл нь манай газарзүйн байршилтай холбоотой.

2022 оноос хойш улс хоорондын хил дамнасан худалдааны тээвэрлэлт, ложистик бүхэлдээ өөрчлөгдсөн. Манайхаар дамжин өнгөрөх тээвэр ч нэмэгдсэн. Жишээ нь энэ оны эхний хагас жилийн хугацаанд нийт 2 тэрбум орчим тонн транзит зөвхөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатарын боомтоор дамжин өнгөрсөн байна.


Нэг ёсны бид дэлхийн эдийн засгийн аварга том хэрэглэгч, нийлүүлэгч хоёр улсын дунд оршиж байгаа нь үнэмлэхүй давуу тал бөгөөд цаашид энэ нь европ болон азийг холбосон найдвартай гүүр болж, манай улсын нутаг дэвсгэрээр бүх төрлийн бараа, бензин тос, шатдаг хий саадгүй дамжин өнгөрөх таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.


Гэхдээ энэ урсгалыг сайжруулахын тулд өнөөдөр бидэнд төмөр замын салбарт зардал өндөр хэдий ч эрс, зоримог шинэчлэл хийх шаардлагатай байна.


Үүний тулд эхлээд:


1.Хойд хилийн Сүхбаатар боомтоос урд хи лийн Замын Үүд боомт хүртэлх 1111 км төмөр замыг хоёр урсгалтай хос болгох, 

2.Зүүн коридорт Дорнодын ОХУ-тай хиллэ дэг Эрээнцав боомтоос БНХАУ-тай хиллэдэг Хавиргын боомт хүртэл 356.5 км, 

3.Баруун коридорт Увсын ОХУ-тай хиллэдэг Боршоо боомтоос БНХАУ-тай хиллэдэг Ховдын Булганы боомт хүртэл 753 км төмөр замын босоо шугамнуудыг тус тус шинээр барьж байгуулах шаардлагатай байна. 

Бид ер нь зардал, мөнгөө хэмнээд бүх зүйлийг байгаагаар нь үлдээж болох хэдий ч бидний үр хойчис цаашид хэдэн мянган жилийн туршид өөрийн гэсэн газар нутагтай, хөгжилтэй, баталгаатай, боловсролтой, баян чинээлэг амьдрах бүрэн эрхтэй, бид ч тэр боломжийг нь бүрдүүлж өгөх үүрэгтэй юм шүү.


Сүүлийн жилүүдэд "Евроазийн эдийн засгийн холбоо" манай улстай худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар бүрэн хэмжээний хэлэлцүүлэг хэд хэдэн удаа явагдлаа. Бид санамж бичгийн хүрээнд "Евразийн эдийн засгийн холбоо"-той багагүй хугацаанд хамтран ажиллаж ирсэн ч одоо харилцаагаа илүү сайжруулах боломж бүрдэж байна. Бидэнд яагаад энэ хэрэгтэй байна вэ?


2017-2021 онд "Евразийн эдийн засгийн холбоо", Монгол Улс хоорондын худалдааны хэмжээ 34 хувиар нэмэгдэж, 1.96 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн мэдээлэл бий. Цаашлаад 2023 онд Монгол Улсын эдийн засаг 7 хувиар өссөн бол дараагийн хоёр жилд тус улсын Засгийн газраас 6.5 хувиар өснө гэж таамаглаж байгаа нь "Евразийн эдийн зас гийн холбоо"-той байгуулсан худалдааны хэлэлцээртэй холбоотой юм. "Евразийн эдийн засгийн холбоо" болон манай улс ирэх арванхоёрдугаар сард чөлөөт худалдааны түр хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй гэсэн мэдээлэл бий. Хэрэв тарифын хязгаарлалтыг цуцалбал хоёр жилийн дараа бид "Евразийн эдийн засгийн холбоо"-ны орнуудын зах зээлд нийлүүлэх барааны эргэлтийн нийт дүнг 200-300 сая доллараар нэмэгдүүлэх боломжтой.


"Евразийн эдийн засгийн холбоо" бол БНХАУ, ОХУ-уудаас гадна Европын орнуудын зах зээлд хүрэх илүү сайхан боломж бөгөөд бидний хувьд тэдгээр улсуудад бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх нь өөрийн улсын эдийн засгийн чадавхийг эрс өсгөх, худалдааны харилцаагаа хөгжүүлэхэд нэн ашиг тай, таатай нөхцөлийг бүрдүүлэх юм. Ийнхүү талууд бие, биенийхээ зах зээлд чөлөөтэй нэвтэрч ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх нь зөвхөн Монголын талын ашиг сонирхолд нийцээд зогсохгүй "Евразийн эдийн засгийн холбоо"-ны ашиг сонирхолд давхар нийцэх бөгөөд үүнээс хэн ч хохирч үлдэхгүй билээ. "Евразийн эдийн засгийн холбоо"-ны үйл ажиллагаанд оролцох боломжийн талаар хэлэлцэхийн тулд "Бид Владивостокийн "Дорнын эдийн засгийн форум"-д оролцох хэрэгтэй юу?" гэсэн асуулт руу эргэн оръё. Мэдээж үүнд "Үгүй" гэхээсээ "Хэрэгтэй" гэсэн хариултыг ямар ч эргэлзээгүйгээр өгмөөр байна. Владивосток хотод 60 орчим орны төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд бид мөн адил тэр хуралд сууж, оролцох нь гадны зарим нэг төлөөлөгчидтэй уулзах, танилцах, ямар нэгэн зүйлийн талаар ярилцаж, тохиролцох нь энүүхэнд байх болно. Улс, орон бүрийн төлөөлөгч бүр өөрсдөдөө хэрэгтэй, тустай гэсэн болгоныг хайж байгаа тул манай төлөөлөгчид яагаад энэ боломжийг ашиглаж болохгүй гэж? Дахин хэлэхэд "Евразийн эдийн засгийн холбоо"-нд оролцогч статустай болсноор бидний цаашид хурдацтай хөгжих, урагшлах боломж улам л нэмэгдэх юм. 


Улс төр судлаач, инженер Харагчууд овогт Б.БАТБОЛД