"Зууны мэдээ"-ний зочин булангийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын Жүдо бөхийн шигшээ багийн терапист Масатоши Нишикидог урьж, ярилцлаа.
-“Парис-2024” олимпын наадамд Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн терапистаар та ажилласан. Энэ удаагийн тэмцээнд бэртэл гэмтэл багатай болж өндөрлөх шиг боллоо. Эндээс яриагаа эхэлье?
-2024 оны Парисын олимпод Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн терапистаар ажиллалаа. Энэ удаагийн олимп өмнөх олимпын наадмуудыг бодвол бэртэл гэмтэл багатай болж өндөрлөлөө. Учир нь энэ тэмцээнд хүнд бэртэлтэй тамирчин оролцоогүй. Гэхдээ амжилт багатай болж өндөрлөлөө.
-Б.Баасанхүүгийн хувьд олимпын өмнө бэртэл авсан гэж байсан. Бүрэн эдгэрээд оролцсон уу?
-Тийм ээ. Олимпын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сард манай гол тамирчид европд очоод хамтарсан бэлтгэлд оролцсон. Тэр бэлтгэл дээр Б.Баасанхүү хөлөө гэмтээсэн. Түүнээс хойш дэвжээний бэлтгэл оролцолгүй нөхөн сэргээх эмчилгээ хийж өнжсөн. Эмчилгээ үр дүнтэй байж, бэртэл нь бараг эдгэрсэн байсан.
-Б.Баасанхүү аваргын төлөө Японы тамирчин Цунода Нацумитой таарсан. Таны эмчилж буй тамирчин өөрийн чинь улсын тамирчинтай таарахад юу бодогддог вэ. Бас аль нь ялна гэж таамаглаж байв?
-Олон хүн надаас ингэж асуудаг. Монгол япон хүн хоорондоо таарахад би 100 хувь Монголын жүдочдоо дэмждэг. Учир нь би тэдний эмч шүү дээ. Тиймээс тэднийг баярлах, өвдөх, унаж, босох бүх л зүйлийг хажуугаас нь харж хамтдаа мэдэрдэг. Энэ удаагийн тэмцээнд Б.Баасанхүүг ялна гэж бодож байсан. Учир нь өмнө нь нэг удаа Цунода Нацумитай таарч ялагдаж байсан ч энэ удаа Б.Баасанхүүгийн бэлтгэл сайн, бэртэл гайгүй байсан. Тиймээс монголчуудын хэлдгээр захыг нь мушгиад л сууж байсан.
-Энэ жилийн олимпод хоол зүйч болон сэтгэл зүйч нарыг авч яваагүй гэж байна. Жүдо бөхийн шигшээ багийн хувьд ямар байсан бэ?
-Монголын олимпын баг ямар байсныг сайн мэдэхгүй байна. Жүдо бөхийн багийн хувьд цаанаас ирсэн орон тооны дагуу дасгалжуулагч, терапист зэрэг хүмүүс явсан. Нэг дасгалжуулагч явж чадаагүй гэж байсан. Ер нь олимпын наадамд хүссэн хүн бүхэн явдаггүй юм. Цаанаас нь тоо болон чиглэлээр нь явах хүмүүсийг заасан байдаг. Би тамирчин бэртсэн үед яаралтай тусламж үзүүлдэг. Тиймээс намайг авч явсан гэсэн.
-Япон улс бол жүдо бөхийн эх орон. Тиймээс ч зөвхөн жүдо бөхийн бариа засалч гэх мэргэжил бий болсон байх. Жүдо бөхийн бариа засалч мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?
-Би эхээс төрөхдөө өвдөгний тойгны яс хугарч төрсөн. Энэ гэмтлээ мэддэггүй байсан. Дунд сургуульд сурч байхдаа бейсболл тоглох дуртай байлаа. Сургуулийн шигшээ багийн тамирчин болсон ч гэмтэл авч мэс засал амжилттай болоогүй. Үүнээс үүдэж хөл өвддөг болж хувийн эмнэлэгт үзүүлэхэд үений шингэн бага байна гэсэн. Зүү тавих эмчилгээ коллаген, геллон уувал сайн гэсэн боловч үр дүнд хүрээгүй. Тодруулбал, тойгны яс хугарч байсан учир гуяны булчин суларсан. Тиймээс өвдөгний хөдөлгөөнийг сайжруулах буюу жүдо бөхийн бариа заслын эмчилгээнд явж эдгэсэн. Тиймээс өөр шигээ адил өвдөж, яах учраа олохгүй байгаа хүмүүст туслахаар тус мэргэжлийг сонгож Токиогийн Ариакегийн их сургуулийг төгссөн.
-Та Япон улсын аль хотод төрж, өссөн бэ. Монголд ирэхээсээ өмнө манай улсын тухай хэр мэддэг байв?
-Би Япон улсын Күмамото мужид төрсөн. Хоёр настайдаа Токиод ирж, амьдарсан. 2013 онд сургуулийн оюутаны сорилцоогоор анх удаа Монгол Улсад ирж, мэддэг болсон. Гэвч Монгол Улсад яг гэмтлийн үеийн буюу жүдо бариа засалч байдаггүй гэдгийг мэдсэн. Тиймээс их сургуулиа төгсөөд багшийнхаа зөвлөснөөр Монголд ирж АШУИС-д магистрт сурсан. Харин магистрт сурч байх үед хөл бөмбөгийн “Эрчим” багийн дасгалжуулагч хамтран ажиллах санал тавьж, тус багийн эмчээр ажиллах болсон.
-Жүдо бөхийн холбоотой хэрхэн холбогдсон бэ. Хэдэн оноос хамтарч ажиллах болсон бэ?
-2019 оны арванхоёрдугаар сард жүдо бөхийн Х.Болдбаатар багш хамтран ажиллах санал тавьсан. Учир нь жүдо бөхийн 73 кг-ийн тамирчин Ц.Цогтбаатар тамирчин бэртэл авсан, зайлшгүй хагалгаа хийлгэх шаардлагатай болсон. Хэрэв Ц.Цогтбаатар хагалгаанд орох юм бол 2020 оны Токиогийн олимпод оролцох боломжгүй. Ц.Цогтбаатар 2020 оны олимпоос медаль авах боломжтой чансаа өндөртэй тамирчин учир хагалгаанд оруулахгүйгээр эмчлэх арга хайж байна гэсэн. Тиймээс би саналыг хүлээн авч өөрт нь тохирсон дасгалын эмчилгээ хийж эхэлсэн. Ингээд 2020 оны нэгдүгээр сард Улсын аваргын тэмцээнд орж түрүүлсэн. Энэ тэмцээн бид хоёрт итгэл найдвар өгсөн гэж боддог. Тиймээс бид дасгалаа үргэлжлүүлэн хийж дэлхийн аваргад оролцохоор бэлдэж эхэлсэн. Энэ үед Жүдо бөхийн холбооноос ганц Ц.Цогтбаатартай ажиллах бус манай багийн тамирчидтай хамтран ажиллаач гэдэг хүсэлт тавьснаар, Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн эмчээр ажиллах болсон. Үүний дараа Ц.Цогтбаатар 2021 оны Токиогийн олимпоос хүрэл медаль авч, 2022 онд Дэлхийн аваргаас алтан медаль авсан.
-Тэмцээний үед тамирчин бэртэл авбал ямар арга хэмжээ авдаг вэ. Ц.Цогтбаатарын бэртлийн үед ямар арга хэмжээ авсан бол?
-Ц.Цогтбаатарын хоёр хөлийг нь харьцуулж харахаар гэмтсэн талын булчин нь нарийнхан байсан. Тиймээс өвдөгний холбоосыг дэмжих булчингуудыг ажиллуулах дасгал хийлгэж, тэмцээний үед булчинг дэмжих боолт хийж барилддаг байсан. Жүдогийн тамирчид дунд бэртэлгүй хүмүүс байдаггүй. Нэг тамирчинтай бус бүх тамирчдад тохирсон эмчилгээг хийдэг. Тэмцээний үед бэртэл авбал сэдрээхгүй байх тал дээр илүү түлхүү ажилладаг.
-Японд бэртэл гэмтлийг бариагаар засдаг газар олон байдаг байх. Монголд цаашид энэ мэргэжлийг хөгжүүлэх боломж байна уу. Яаж илүү сайн хөгжүүлэх вэ?
-Монгол Улсад зөвхөн тамирчид гэлтгүй энгийн хүмүүст ч гэсэн өвддөг, нурууны бэртэл их ажиглагддаг.
-Та монгол хэлээр сайн ярих юм. Хэл сурах хэцүү байсан уу?
-Монгол хэл сурах бэрхшээлтэй байсан. Уг нь би хэлний бэлтгэлд нэг жил сурах ёстой байсан ч багш маань завгүй учир гурван сар сурсан. Эхний хоёр жил дандаа япон хэлтэй хүмүүстэй найзалж байсан учраас монгол хэлийг сайн сурч чадаагүй. Мөн буруу ярихаараа би их сандарч ичдэг байсан. Гурван жил Монголд амьдарчихаад ярьж чадахгүй байна гэдэг ичмээр шүү дээ гэж бодоод монгол хүмүүстэй ярьж эхэлсэн. Ингээд жилийн дотор миний хэл маш хурдан сайжирсан.
-Анагаахын шинжлэх ухааны их сургуульд багшилж байгаа гэсэн. Мөн жүдо бөхийн бариа засалч мэргэжлийг уламжлалт анагаахын мэргэжилтэй хослуулж шинэ мэргэжил бий болгосон тухай сонслоо. Энэ тухай сонирхуулахгүй юу?
-Тийм ээ. 2016 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуульд Уламжлалт анагаахын засалч нэртэй анги нээсэн. Тодруулбал, Монголын уламжлалт анагаах ухааны мэргэжлийг японы жүдо бариа заслын аргуудтай хослуулан ахуйн бэртэл, зөөлөн эдийн гэмтлийн үед тусламж үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Шинэ мэргэжил учир хүмүүс тэр бүр сонирхохгүй байх шиг. Удахгүй илүү сайн хөгжих байх гэж боддог. Энэ мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг Японы Токиогийн Ариаке их сургуульд оюутан солилцоогоор суралцуулахаас гадна эмнэл зүйн дадлага хийлгэдэг.
-Таны гэр бүлийн хүн бас Японы элчин сайдын яаманд ажилладаг. Та хоёр Монголд ирээд танилцсан уу?
-2021 оны арванхоёрдугаар сард Монголд амьдардаг япончуудын уулзалт болсон. Энэ үед эхнэртэйгээ танилцсан. Уулзалтын үеэр би өөрийгөө эмч, тусалж чадна гэдгээ хэлсэн. Уулзалтын дараа манай эхнэр над руу холбогдож мөр, хүзүү нь хөшиж өвддөг. Гэхдээ өөрт нь таарсан эмчилгээг хийж өгөөч гэснээр бид хоёрын харилцаа эхэлсэн. Түүний зан ааш таалагдаж бид гэр бүл болсон. Эхнэр маань 2023 оны есдүгээр сард нутаг буцсан.
-Монголд амьдрах сонирхол бий юу. Гэр бүлийн хүн нь бас энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Бид хоёр хоёулаа Монголд амьдрах сонирхолтой. Одоогоор төлөвлөсөн зүйл алга. Монголд амьдрахад хамгийн хэцүү зүйл нь түгжрэл. Харин монголчуудын чөлөөтэй байдал нь хамгийн их таалагддаг. Тухайлбал, Япон хүмүүс үргэлж цаг барьдаг. Цагтаа ирэхгүй бол дахиж харилцаа үүсгэдэггүй. Харин Монголд эсрэгээрээ байдаг. Уулзах цагаасаа хоцроход хүндээр хүлээж авдаггүй. Энэ чөлөөтэй байдал нь надад таалагддаг.
-Цаашдын зорилго тань юу вэ. Жүдо бөхийн эмчээрээ ажиллах уу. Эсвэл өөр төлөвлөсөн зүйл бий юу?
-Би хувийн эмнэлэг байгуулах төлөвлөгөөтэй байна. Надад жүдо, сагс, гар бөмбөгийн багаас хамтран ажиллах санал ирсэн. Багт ажиллахаар зөвхөн багийн хүмүүсээс өөр хүнд тусалж чадахгүй байна. Тиймээс хувийн эмнэлэг нээж, сайн шавь нар бэлдэхийг зорьж байна. Намайг нутаг буцаахад миний мэргэжлээр ажиллах сайн мэргэжилтэн Монголд үлдэх хэрэгтэй шүү дээ. Тиймээс өндөр ур чадвартай олон эмч бэлдэх нь чухал.
-Жүдо бөхийн тамирчидтай багагүй хугацааг хамт өнгөрөөсөн байна. Хамтран ажиллахгүй гэдгээ хэлсэн үү?
-Анх гэрээ байгуулахдаа 2024 оны олимпын дараа Япон руу буцах тул гэрээг сунгахгүй гэдгээ хэлж байсан. Тиймээс энэ тал дээр асуудал үүсэхгүй байх. Гэхдээ жүдо бөхийн тамирчдадаа нилээн дасаж, найзууд болсон учир санаа зовох зүйл байгаа. Гэхдээ ирэх жил хувийн эмнэлэг нээхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа тул жүдо бөхийн шигшээ багт ажиллах боломжгүй. Гэхдээ Монголын спортын баг тамирчид гэмтлийн эмчтэй болгохыг зорьж байна.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл2
Шаагаарай монгол улс гэмтлийн эмчтэй.
Хамгийн сайн Секс Болзоо сайт тавтай морилно уу -- Top25.fun