sonin.mn

Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн "Тайж хайрхан"-ы бэлд энэ сарын 16-18-ны өдрүүдэд болно. Тус наадмын тухай Соёл урлагийн газрын дарга Н.Мөнхзултай ярилцлаа.

 

-“Нүүдэлчин” соёлын фестивалийг гурав дах жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хувьд дэлхийн арга хэмжээ болсноороо илүү өргөн цар хүрээг хамарч байна гэж ойлгосон?


-“Нүүдэлчин” соёлын фестивалийг өмнө нь хоёр удаа зохион байгуулсан. Харин энэ жилийн хувьд Засгийн газрын тогтоол гарч, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болж өргөжсөн. Тиймээс илүү өргөн цар хүрээг хамарч байна. Тодруулбал, энэ удаад нийтдээ 14 улсын 150 гаруй уран бүтээлч оролцоно. Үүнээс зургаан хамтлаг бий. Энэхүү 14 улсаас зургаа нь өөрсдийн өв соёлыг харуулсан үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх нь энэ удаагийн фестивалийн бас нэгэн гол онцлог байх юм.


-Өмнөх жилүүдийн хувьд гаднаас хэр их хүн ирж байсан юм бол. Энэ жил энэхүү тоо нэмэгдсэн үү?


-Өнгөрсөн жил 10 орноос уран бүтээлчид ирж байсан. Улсаар нь аваад үзвэл ихэвчлэн ОХУ болон БНХАУ-ын холбооны улсууд оролцдог байлаа. Харин энэ удаад бие даасан 14 улс ирнэ гэдэг нь энэхүү фестивалийн цар хүрээ, нэр хүнд хэрхэн өсөж байгааг илтгэх болов уу. Бид хэдийгээр бүртгэлээ хаачихсан байгаа ч манай фестивальд оролцохыг хүссэн хүсэлтүүд ирсээр байна. Тэгэхээр дараа жил “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль илүү олон оролцогчдыг хамруулах боломжтой гэж харж байна. Үүнээс гадна манай фестивальд олон улсын төрийн өндөр хэмжээний зочид ирэхээ илэрхийлээд байна.


-Жил бүрийн фестивальд гаднын орноос уран бүтээлчид болоод өвлөн уламжлагчид ирдэг. Энэ жилийн хувьд анх ирж буй, онцлох зочид хэр олон байгаа вэ?


-Анх удаагаа Колумба, Филиппин, Германаас өвлөн уламжлагчид ирж оролцоно. Тэд өөрсдийн язгуур урлагаа орчин үеийн хэлбэрт оруулсан сонирхолтой үзүүлбэрүүдийг толилуулахаар бэлдсэн байгаа. Манай Соёл урлагийн газар саяхан “Гэр” үзэсгэлэнг зохион байгуулсан. Энэхүү үзэсгэлэн нь монголчуудын уламжлалт гэр урлалын асуудал хэрхэн хөгжиж байна вэ гэдгийг харуулахыг зорьсон. Мөн 21 аймгийн урчуудынхаа асуудлыг хөндсөн. Үүний хүчинд аймаг бүр өөрийн онцлогийг шингээсэн гэртэй болсон. Үүнээс гадна соёлын биет бус болон биет өвийн боловсролын 83 хөтөлбөрийг цуглуулж, нэг дор нэгтгэсэн. Энэ утгаараа 21 аймаг соёлын өвийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж ойлгож болно. Монгол улс соёлын биет бус өвийн долоон ай савтай. Үүний 200-300 өв нь өөрсдийн төрөл зүйлтэй. Тиймээс энэ удаагийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд ирсэн үзэгчдэд эдгээр өвийн гайхамшгийг үзүүлнэ гэж тайлбарлаж болох юм.


-Зарим хүн энэхүү фестивалийг соёл урлагийн эвент гэж харах нь бий. Таны хувьд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн утга учир, үнэ цэнийг хэрхэн харж байна?


-Энэхүү фестиваль бол Монголын соёлын биет бус өвийг хамгаалдаг наадам. Дээрээс нь биднийг дэлхийд таниулж, энэ бол манай нүүдэлчин соёл иргэншлийн өвүүд шүү гэж ондоошлыг маань олон улсад харуулж байгаагаараа чухал. “Алсын хараа-2050”-д нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болгох гэсэн амбиц бий. Мөн манай фестиваль нь байгаль орчноо хамгаалах, ногоон бүс, нүүрсхүчлийн хийг бууруулах гэсэн зорилгуудыг тавьдаг. Үүнийхээ хүрээнд наадамдаа хэрэглэж буй бүх эд хэрэглэлээ аль болох эко байлгахаар шийдэж өгсөн.


-Фестивалийн хөтөлбөрийг харахад өмнөх жилийнхээс илүү олон сонирхолтой, анхаарал татсан үйл ажиллагаа байгаа нь анхаарал татаж байна. Хөтөлбөрөөсөө та онцлооч?


-Түрүү жилийн соёлын наадмыг бид 620 хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байсан. Харин энэ удаад 780 хөтөлбөр бэлтгэсэн. Тэгэхээр үзэж сонирхох зүйл илүү их гэж ойлгож болно. Манай Соёлын яам одоо Соёл, спорт, аялал, жуулчлал, Залуучуудын яам болон өргөжсөн. Тиймээс энэ удаагийн фестивальд үндэсний спортын төрөл зүйлүүдийг түлхүү оруулахыг зорилоо. Жишээлбэл сур харваа, морин дээрх үзүүлбэрүүдийг онцолж болно. Бид наадмын талбайгаа үндсэн долоон хэсэгт хуваасан. Хэсэг бүр нь өөрийн нэртэй. Нэг хэсэгт нь аймгуудын отог байх бол цаашлаад олон улсын, үндэсний спортын, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид буюу 21 аймаг, нийслэлийн урчуудын отог зэргээр үргэлжилнэ. Мөн соёлын фестивалийн нэг гол зүйл нь хоол байдаг. Тиймээс монгол үндэсний хоолнуудыг үзүүлэх тоглолт хэлбэрээр бэлтгэн үзүүлэхээр төлөвлөж байна.


 -Соёлын фестивальд ирсэн үзэгчид үйл ажиллагаанд гар бие оролцож болно гэж байсан. Энэ тухай та тодруулаач?


-Энэхүү өвүүдийг сурталчилж байгаагийн гол зорилго нь хүмүүст сургах. Хэрэв гэр бүлээрээ ирсэн бол тэнд бүх насныханд зориулсан үйл ажиллагаа бий. Тиймээс өөрсдийн биеэр оролцох нь чухал. Өөрсдөө гэр барьж, эсгий хийж, нум сум харваж, гүү сааж үзэх боломжтой. Мөн соёлын биет бус өвийн долоон ай савд багтсан, манай яаманд харьяалагдах музей, номын сангийн өртөөнүүд бий. Тэд бүгдээрээ боловсролын хөтөлбөртэй. Дээрээс нь манай наадамд соёлын биет бус өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын оролцоо их. Тиймээс бид эдгээр байгууллагуудаа олон нийтэд зарлаж, фестивальдаа нээлттэйгээр оролцох боломжийг хангасан.


-Соёлын биет бус өвийг тээж буй өвлөн уламжлагчдын ихэнх нь орон нутагт байдаг. Энэ жилийн хувьд хамгийн хол нь хаанаас ирж байгаа вэ?


-Түрүү жил бид орон нутгийн театр, чуулгад хадгалагдаж байгаа өвийг танилцуулж байсан. Харин энэ жилийн хувьд илүү язгуур байдал руу анхаарч, яг л өвлөн уламжлагчдыг авчирч байгаа. Тодруулбал, энэ жилийн хамгийн өндөр настай өвлөн уламжлагч нь 93 настай бол бага нь таван настай өвлөн уламжлагч ирнэ гэж бүртгүүлсэн. Бидний хувьд соёлын биет бус өвөө үргэлж хайрлан хамгаалж, уламжлуулж, сурталчилж, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй. Гэтэл зарим өв маань жил ирэх тусам эрсдэлд орж байна. Тиймээс бид наадмаар бүтэн бүртгэл хийдэг. Яг ямар аймгуудад аль өв нь дэлгэрч байна, аль нь мартагдаж байна гэдгийг энэхүү бүртгэлээсээ харна гэсэн үг. Ингээд эрсдэлд орсон өвүүд рүү чиглэсэн ажил хийдэг.


-Тодруулбал, ямар ажил хийдэг вэ. Энэ жилийн хувьд ямар өв эрсдэлд ороод байна гэсэн судалгаа гарсан бэ?


-Энэ жилийн хувьд манай соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах өвд багтсан Икэл хуурыг сэргээх, нийтэд сурталчлах ажлыг түлхүү хийж байна. Тус ажлынхаа хүрээнд өртөө байгуулсан. Цаашдаа энэхүү өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг яаралтай зохион байгуулахаар төлөвлөн, ажиллаж байна.


-“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг өнгөрсөн жил Тэрэлжид зохион байгуулж байсан. Харин энэ удаад Налайх дүүргийг сонгох болсон шалтгаан нь юу байв?


-Өнгөрсөн жилийн хувьд Туул голын эрэг дээр буюу Горхи-Тэрэлжийн аманд зохион байгуулж байсан. Гэхдээ тэнд бороо орсон үед үерийн эрсдэлтэй тул энэ жил эрсдэлээс болгоомжилж, Налайх дүүрэгт зохион байгуулахаар боллоо. Налайхад зохион байгуулах болсонтой холбоотойгоор Шадар сайд С.Амарсайханы зүгээс бидэнд дэмжлэг үзүүлж, "Тайж хайрхан"-ы бэлийг орон нутгийн хамгаалалтад авч, албан ёсоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулах газар болгон бүртгэсэн. Энэ бол орон нутгаас үзүүлж буй маш том дэмжлэг юм.   

  

-Бид эх орондоо соёлын фестивалийг зохион байгуулахаас гадна олон улсын наадамд оролцох боломж бололцоо хэр их байдаг вэ?


-Зарим улс иймэрхүү соёлын фестивалийг хийдэг. Гэхдээ тэдний 70 хувь нь спорт, 30 хувь нь соёл байдаг. Харин манай наадам эсрэгээрээ. Тэгэхээр тухайн орнууд биднээс туршлага судлахаар ирж, хандаж байна. Ер нь “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн цар хүрээ, агуулга өндөр болсон. Бусад аймгийн наадмууд ч манай фестивалиас санаа авч баяраа хийдэг болжээ.


-Мэдээж фестивалийг зорих зочдын нэлээдгүй хэсгийг жуулчид эзлэх байх. Хэр хэмжээний жуулчин ирнэ гэсэн судалгаа гарсан бэ?


-Бидний хувьд жуулчид руу чиглэсэн сурталчилгаа, мэдээллийг сайн өгсөн. Жишээлбэл, нисэх онгоцны буудал дээр сурталчилгаагаа тавихаас гадна бусад мэдээллийн сувгуудаар цацсан. Үүнээс гадна жуулчны компаниудтай хамтарч ажиллахаар зорьж, аяллын хөтөлбөрт нь тусгуулсан. Энэ удаагийн наадам хүн бүхэнд нээлттэй. Улаанбаатар хотоос үнэ төлбөргүй автобус явна. Ялангуяа бид нийгмийнхээ хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ наадамд ирэхэд нь дэмжлэг үзүүлэх шийдлийг хийсэн.



Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин