sonin.mn

Абай Маухарагийн “Алтайн бартай тулалдсан нь” баримтат туужийн хэсгээс уншигч танд толилуулж байна


Ирвэсийн хоёр зулзага


Зуны эхэн сар гарангуут Арысбай адуугаа өвөлжөөний наран талын улаан энгэрээс тууж гаргаад, цас нь арилж ногоорч эхэлсэн зуслан руугаа, бөглүү өндөрлөг тийшээ тууж зөнд нь тавив. Тэрбээр гурван азарга бүхий зуу орчим нас гүйцсэн гүүнээс авхуулаад унааны агт морьд, хязаалан, шүдлэн, даага, хөрөв унагануудыг тоолох бус, тууж явах зууртаа нэг бүрчлэн зүслээд, тоо бүрэн эсэхийг нь амар хялбар хянаж сурсан билээ. Тэгтэл хэдэн адуу үгүйлэгдэх нь тэр.


Адуун сүргээр баян Говь-Алтай нутгаас тууж ирээд хямдхан үнээр борлуулдаг халх түмний адуучин анд нараас ноднин намар арилжиж авсан хоёр зээрд шүдлэн алга болсныг мэдэв. Тарганаараа өвөлжсөн хур гунан морьд нутгаа тэмүүлэн одох нь гарцаагүй, шалавхан эрж хайх хэрэг гарав.


Алдуул адууны эрэлд нас арван тав хүрсэн хүү Тлеугээ дайчлаад, нутгаа гүйсэн адуу ямар замаар явж болохыг нэг бүрчлэн хэлж зааж өгөөд «Өнчин толгой хүртэлх газраас эс олдвол цаашаа яваад нэмэргүй, буцаад ирээрэй!» гэв. Алдуул малын эрэлд гарах хүний унах унаанд бас учир бий. Зам нь өлзийтэй хэмээн бэлгэшээдэг морьд байдаг. Хэзээний дасал болсон хул морийг нь унуулж, наранд гандсаар морины зүстэй адил болсон элбэг шар хилэн дээлийг нөмгөнөөр нь өмсүүлж, таван сумтай буу агсуулж, эмээлийн ар талын баруун ганзаганд багласан гөрмөл суран аргамж, нөгөө талд нь зам зуур идэх, боорцог, дэвтээсэн ааруул зэргийг арьсан тулманд хийж бөгтөрч өгөөд үдэж өгчээ. Гурав дахь хоногийн орой Тлеу хүү нь уулын хяр руу уруудсан нарны оройн час улаан туяанд шумбах мэтээр дорно зүгээс гэр рүүгээ айсуй яваа нь харагдав. 


Арысбай хүүгээ алдуул мал олоогүйг мэдсэн ч эсэн мэнд айсуйд дотроо ихэд тоож, өвөлжөөнөөс нэлээд хол зайтай хаврын улиралд төл бойжуулах хашаа бүхий жижиг байшингийн өмнө хүүгээ тосов.


Тэрээр ханыг нь уулын атираат чулуугаар өрж босгосон, дээврийг нь шургааг модоор бүрсэн хонины хашааны зүгээс оройн хүйтэн салхи үлээж бие нь жиндсэн ч нялх хурга, ишигний майлалдах чихнээ чимэгт шуугих дуу, хуурай бууцны анхилуун үнэрт бие сэргэн, сэтгэл тэнүүн зогссоор байлаа. Тлеу холын зам туулж тамирдсан хул мориныхоо аажуухан алхаагаар гэлдрүүлэн ирж, байшингийн урд талын морины уяаны шонд хүрч зогсов. Хэзээний дасал болсон газарт хүрч ирсэндээ баярлах мэт болсон хул морь эзэн нь буумагц, уушгаа дүүртэл амьсгалж тургиснаа эмээл, хазаар, хөмөлдөргө, хударганууд шажигнуулан шилгээгээд хөндлөн эргэж зогсов. Яг энэхэн үед Арысбай эмээлийн ганзгад бэхэлсэн, урт сүүлтэй ирвэсийн зулзагыг олж хараад сэтгэл санаа нь гэнэт үймэрч, дотор нь хүйт оргиж, гартаа барьсан шилбүүрээ чанга атган царцчих мэт болов.Хэсэг хугацаа өнгөрч, сая л ухаан орох мэт болж, «Хүүе ээ, яаж байгаа чинь энэ вэ?! Үүнийг чи хаанаас намнасан бэ?» гэх өөрийнх нь дуу өөрт нь аймшигтай сонсогдов. Тлеу, «Ирвэст салаанаас, буцах зам зуур... Асгат хойгийн тэнд эх нь гурван зулзагаа дагуулан хулгана авлан явж байлаа... Тэгээд буудсан...» гэв.


«Буудсан! Юу гэнэ вэ чи чинь?!» гэж аймаар уурсан хашгирав. Юу ч болоогүй юм шиг сэтгэл тайван явж буй өсвөр насны хүү нь морины нуруунаас дөрөө юугий нь харшуулан эмээлээ авч, барьсан чигээрээ эцэг рүүгээ бишүүрхэн хальт харахад, Арысбай өрөөсөн талын ганзаганд ирвэсийн бас нэг зулзаганы арьс салбагнаж байхыг хараад, «Ээ, хөх тэнгэрийн аянга ниргэг чамайг!» гэсэн хараалын үг амнаас нь хэрхэн, яаж гарсныг өөрөө ч анзаарсангүй, дахин хашгиран зандрав.


«Хөх тэнгэрийн аянга дайраг! Ирвэс намнах зүрхийг хаанаас чи гаргав аа, муу зулбасга! Эхээсээ гараад ганцхан сар болсон хөхүүл төлүүд юм шүү дээ эд чинь. Сүлд нь дайрна даа, чамайг! Аан гээч, дээр нь бас хуулийн өмнө ямар тайлбар өгнө вэ, чи чинь, үүнийг харав уу хэмээн сайрхах мэтээр ил задгай ганзагалаад ирснийг чинь зам зуурт хэн нэг нь хараагүй гэж бодоо юу, чи чинь?!»... Нөхрийнхөө чанга чанга хашгирах дуунаар айн балмагдан, нүд нь томорч эргэлдсэн эхнэр нь гэрээсээ яаран сандарсаар гарч ирэв. Тэрбээр уур хилэнд автсан хэнийг ч дорхноо тайвшруулдаг эзэгтэйн зөөлөн дуугаар, «Цангаж, ядарч ирсэн юм чинь, түүнийг битгий загна л даа!» гэж аргадсан үгээр Арысбайн омгийг дарж, ухаан оруулах шиг болоход нөхөр нь тайвширч, хүүгээс «Чи чинь миний хэлж заасан замаар явсан уу, яг тэгж явсан бол очоод буцсан газрыг чинь хүртэл гүйгүүл морьдын шинэ нойтон хомоол тааралдсан уу?» гэж асуув. «Хомоол ч, мөр ч олдсонгүй. Тэдгээр морьд таны зааснаас өөр замаар явсан бололтой. Уг зам дээр сарлаг хариулсан торгууд үхэрчдийн тахтай морьдын мөр л байна билээ» гэх Тлеу хүүгийнх нь дуу хоолой баттай сонсдов.


Арысбай тэнгэрийн хаяанд шингэхээр хэвийсээр буй улаарах наран тийшээ хараагаа чиглүүлсэн хэвээр бодлогоширон, саяны уур хилэнгээр хашгирахад сөөсөн хоолойгоо засаад, «Үгүй ээ, тэр хоёр зээрд чинь гүйгээгүй байна. Гүйсэн бол өөр замаар бус заавал тэр замаар явах ёстой. Харин бусад замд нь малчдын өвөлжөө байгаа болохоор тэр хавиар явах юм бол хүний гарт орно гэдгээ морьд биднээс илүү сайн мэднэ. Хоёр зээрд адуун сүргээс тасраад бидний өвөлжөөд гарсан тэр улаан энгэрт сэм үлдсэн байж таарлаа. Зальтай хүн ч шиг адууны занг би муугүй мэднээ. Тэд тэгж зожгирч сэм хоцроод, эрэл хайгуулын хөл намдсаны дараа гүйхээр зэхсэн болж таарлаа. Тун ухаантай амьтад шүү, хөөрхий!» гэж “ухаалаг” морьддоо баярласан ч юм шиг өгүүлэв. «Адууны арга мэх, адгуус санаа нь хүнийхээс ч дутахгүй шүү. Хэрвээ тэр өдөр гүйсэн бол чи заавал олоод ирэх байсан...» гэснээ, өөрөө өөртөө энэ үгээ шивнэсээр цааш эргэв.


«Тэнгэрийн тааллаар унасан газар, угаасан усаа хүн, адуу хоёр үхэн үхтэлээ хайрлан, татагдан, алс хол явбал санан тэмүүлсээр байдаг нь ямар учиртай юм бол оо?!» гэж бодон сэтгэл нь тавгүйтэн үймрэв.


«Хүүе ээ, чи наад зулзагануудын арьсыг амбаарт оруулж бушуухан далд хий! Эмээлээ гэрт оруул! Морийг бууц овоолсон хашааны булан дахь нөмөрт аваачиж, жолоогий нь сойж тавь, бүрэн амраагаад унтахын алдад өвс тавьж өгнө биз!» гэх бухимдангуу дуу хоолой нь өөр бусад хүнийх шиг өөрт нь хачин сонсогдов. Арысбай үүрийн мөргөл залбирал үйлдэхээр босохдоо хэн нэгэн хүн нударсан юм шиг цочиж сэрдэг байлаа. Нүдээ нээнгүүт жижиг байшин сууцны зүүн зүгийг чиглэсэн дөрвөлжин цонхоор харахад тэртээх Говь-Алтай тийшээ намдсаар сунах тэмээний бөхийг санагдуулам уулсын дээрээс үүрийн тэнгэр цайран хаяарч, уулсын хяр өтгөн хараар будагдах мэт алс холоос униартах авай. Байшин дотор шөнө тоосгон зууханд хийсэн хөрзөнгийн илчэнд дулаахан хэвээрээ байв. Тэр, эртхэн мордохоор зэхэж хоймрын олон давхар ширдэг дээр сагсарган дахаа нөмөрч хувцастайгаа бүхлээр унтжээ. Толгойгоо өндийлгөн гэр доторхыг ажиглан нойрноос бүрэн сэрэхээр хэсэг суув. Баруун талын гялгар толгойт төмөр орон дээр эхнэр нь, зүүн талын орон дээр алсын замаас ядарч ирсэн хүү нь нам тайван унтсаар ажээ.


Гэр доторх эмх цэгцтэй, үүдэн талын булан дахь угаагуурын дэргэд өлгөөтэй, цэцгээр хатгамалдан оёсон олон хүүдийтэй уутанд шүдний оо, сойз, саван өрөөстэй, түүний хажууд гар нүүрийн цэвэр цагаан алчуур өлгөөстэй байна.


Зүүн талын босго орчмоор байрласан хээ угалз урласан тавиур шүүгээнд арчсан, гялтагнасан аяга сав суулга эгнэжээ. Гэрийн хойморт арслангийн сүрлэг дүрстэй хоёр авдрын нэгийнх нь дээр зочинд зориулсан дэр хөнжил, нөгөөд нь хувцас хунар хадгалсан чемодануудын нүүрэн талыг гараар сүлжсэн бүтээлгүүдээр гоёсон харагдана. Гэрийн эзэгтэй Батимагийн гар хүрсэн юм бүхэн ийнхүү цэвэр цэмцгэр, эд тавилгууд нь дэлгүүр хоршооноос шинэхэн авч ирсэн мэт нүд булаан, байр байраа олж харагддаг нь Арысбайн сэтгэлд нэн нийцдэг. Батима ямар ч үйлийг уран гар, ухаанаараа сэм зохицуулдаг нь хэнбугайд ч эмх цэгцтэй байдлыг сургаж, няхуур чанараараа үлгэрлэдэг билээ. Арысбай хэвтрээсээ босов. Пийшэн дээрх бүлээн устай угаагуурын гүц, паалантай суулган доторх нялцайсан бүлээхэн ааруулыг ажиглав. Тэр, дахаа нөмөрч, гутлаа холхиндог өмсөнгүүтээ гадагш гарав. Зүүн зүгт улаан шаргал өнгөөр будагдан, тэнгэр өөд цайвар туяа цацагдан үүр цайж байвай. Зургаан сарын үүрийн сэрүүнээр бие дагжин чичирхийлж, хөнгөн ханиатал далд газар уяатай байсан хул морь нь эзнийхээ дууг таньж үүрсэн «миний бие бэлэн» гэсэн дохио өгөв. Үүрсэх дуу анир нь цовоолог, хол зам туулах тусам сойгдон, бие нь чивчирч сэргээд ирсний шинж энэ гэлтэй.


Ирмэг нь бөөрөнхийдүү хөнгөн цагаан түмпэнд гар нүүрээ угааж, хоймрын цагаан ширдэг дээр цагаан ямбуугаар давхарлан оёж, зөв талын захаар улаан даавуун тэмдэг тавьсан мөргөлийн дэлгэц «жайнамаз» дээр байрлаж, үүрийн мөргөлөө үйлдэхэд санаа бодол нь энэ хорвоогоос халин алсраад, зүрх сэтгэлийг нь баясалд умбуулсан нэгэн амгалан тайван ертөнц рүү явж буй мэт болов. Хоёр гарынхаа алгыг дэлгээд өөдөө өргөхөд одоохон аян замд гарч, энэ зовлонт хорвоогийн элдэв шалдав үйлсэд оролцдогоо бодоход сэтгэл нь дахиад л үймэрэв. Мөргөл залбирал нь шувтарч хойшоо эргэхэд цайны ширээн дээр өглөө уугаад яваг хэмээн Батимагийн бэлдэж тавьсан халуун савтай цайг авч, дэргэдэх улаан эрээн шаазанд хийж уухаар сарвайв. Таваг бүтээсэн алчуурыг дээш өргөтөл үнэрт нь хамар сэнгэнэсэн адууны хөшиглөсөн өөхтэй зөөлөн махнаас гурван хурууныхаа үзүүрээр нэг хэсгийг чимхэж авч амандаа хийн хэд зажлаад үмхэж орхив. Хөрч амжаагүй халуун цайнаас «үүф» гэсэн анир гаргангаа нэг том балгав. Улам бүр шуналтан, амтат махнаас үмхэн хагас дутуу зажлангаа залгилж, цайнаас ханатлаа уув.


Хоёр зээрд

 

Арысбай, зуны нар өндөрт хөөрөх үед «Ирвэст салаа»-гийн ар талын үргэлжлэн сунах цайз мэт хад асга бүхий хярын хормой хүрсэн байлаа. Эндээс эргэн тойрны юмс алган дээр юм шиг харагдана. Дорно зүг дэх наран дор униартан тэнгэрийн хаяа хүртэл нэлэнхүйдээ олон давхарлан жагссан уулсын их цувраа хязгааргүй тэнгэрийн хаяа хүртэл үргэлжлэн байна. Зүүн хойд зүгт энэхүү хар хүрэн нуруудын тэргүүн дээрээс нь харуулдаад байгаа юм шиг тэнгэр тулсан Мөст Хайрханы хөх сүмбэр оргилууд гялалзан цайвалзаж хараа булаана. Хойд талаар чулуун хана мэт зах хэсгээрээ ирмэглэн хувираад хоёр улсын хил хязгаарыг хуваан заагласан өнгө бүрийн сүрлэг өндөр уулс баруун тийшээгээ үргэлжилнэ. Уулын эгц өөд хурдлан алхсан соймол хул хүлэг хөлөрч эхлэв. Бараандуу хонгор зүстэй, үс хялгасгүй гялгар уран хамар нь сарталзан амьсгаа нь давхцана.


Арысбай, баруун хөлөө дөрөөнөөс мултлан, солгой гараараа эмээлийнхээ урд бүүрэгнээс барингуутаа зүүн хөлөө дөрөөнд жийгээд газар буулаа. Саяхнаас л гүйцэд ургаж эхэлсэн шинэхэн өвсний үнэр ханхийнэ. Нэн ялангуяа бут сөөгөөрөө ургадаг шарилжины үнэр амьсгалахад таатай.


Агт морь ч амгаагаа шаржигнуулан тонгойж нялх ногоог үнэрлэн зулгааж зажлах уу, үгүй юү гэсэн янзтай уруулаа хөдөлгөнө. Олон давхар навч болон ургадаг чонон ерхөг наран ээврийн чулуу мэт хатуу хөрснөөс л сая цухуйж, баглаа баглаа согооврын нойтон нарийхан ишнүүд мөн л дөнгөж ургаж эхэлж байна. Дөрөө шүргэх төдий түүнээс өндөргүй ургадаг өргөст шар харгана шинэхэн навчсаа дэлгэн, энд тэнд армаг тармаг харагдах нь энэ нүцгэн уулын хамгийн өндөр модот ургамал бөгөөд сэтгэлд нэг л таатай мэдрэмж төрүүлнэ. Арысбай, хоёр зээрд адуугаа аль хавиар явааг таамаглан өрнө зүг рүү налайсан налгардуу мухар салаанууд руу хараагаа гүйлгэв. Битүү булаг нэртэй, ус нь алгуурхан урссаар төдхөн чулуудын завсраар шургадаг булагтай салаадын нэгнээс морьд нь холдоогүй биз. Хоёр зээрд тэртээх гол очих бус, харин ойрхон булгийн усаар ундаалан, тэр орчмын хөндийд бэлчиж явах учиртайсан...


Сүүлийн арав гаруй жилийн турш тэмээн чулуу нэг бүрийг нь бүү хэл, хагарч бутарсан үхэр чулуу, бөөрөнхий хонин чулуудыг нь хүртэл зүслэн мэддэг болсон уг хөндийг нүдээрээ нэгжиж гарав. Таамаглал нь оносон байжээ.


Битүү булгийн нэг хавцлын сүүдэртэй хэсгээр хараагаа чиглүүлтэл нэг юмны бараа хальт харагдах мэт болсноо тэр даруй нарны туяанд гялбаад замхрав. Гарцаагүй амьд амьтан болтой. Одоо тэр хавиас хараагаа салгах аргагүй. Тэгтэл мөнөөх дүрс дахин нэг хальт харагдаад нүд ирмэх зуурт алга болов. Арысбай өөрийн эрхгүй инээд алдав. Нөгөө нэг харагдаад, алга болоод байсан юм нь хурж зогсох хоёр зээрдийн нэгнийх нь сүүл агаад ялаа шумуул үргээж байсан бололтой. Адуучны сэтгэл ч тайвшрав. Шөнөжин идээшилсэн морьд нь нар хөөрсөн хойно хадны сүүдэрт орж амарч буй нь тэр ажээ. Нялх ногоог зөөлөн уруулаараа зулгааж буй мориныхоо жолоог бушуухан дээш өргөөд, зүүн хөлөө дөрөөнд хүргэнгүүтээ эмээлийнхээ сур ороосон бөөрөнхий төмөр бүүргээс чанга бариад, газарт байгаа баруун хөлөө жийн түргэн өргөж зөөлөн бүлээхэн олонцог дээр тавхийтэл суув. Баруун хөл нь дөрөөг аяндаа олж гишгүүт, эзнийхээ хөдөлгөөн бүрийг андахгүй хуумгай хул морь нь яг л зорих зүгийг чиглэн уруудан алхаж, хөнгөхөн тургив. Чихээ урагшаа дэлдийлгэн сортолзуулж, хараагаа алсад чиглүүлснийг харахлаар хоёр зээрд тэртээх тохойд байж байгааг «буянтай» хул морь ч анзаарав бололтой. Уулын оройгоор үд дунд намддаг хар салхи ч зөөлөн хонгор аалиар солигдон сэвэлзэж эхлэв. 


Арысбай морьд хуран тийрэглэж буй зүг шил хавиар гэлдрэн очоод, хул морины амгааг суллан, жолоогий нь шууж, урт шилбүүрийг нь эмээл дээгүүр давуулж орхиод, чөдөрлөж, явдалд улдсан хөлийг нь амраахаар тавив. Мөн эмээлийнхээ урд бүүрэгт ташуурынхаа сэгэлдэргэ, дээр нь бууныхаа өргөн оосрыг хоёр эргүүлээд өлгөв.


Ганзагаас гөрмөл суран аргамжаа тайлж, мөрөн дээрээ тавьснаа чимээ гаргахгүйн тулд өвдөгөө хагас нугалан тонголзон гэлдэрсээр далд буй морьдод дөхөж очив. Хадны хошуунаас сэм шагайхад морьд толгой холбон хоёр тийшээ харан тонгойн хуран зогсож байв. Тэрээр эвхээстэй суран бугуйлаа мөрнөөсөө мултлан цаламдахаар бэлдэн, дуу чимээ гаргахгүйн тулд гутлаа тайлж, эсгий оймстой хөлөө зөөж тавин нуруугаа хад руу харуулан, эрэг дагах маягаар морьдод ойртов. Арваад алхам зай үлдэхэд хөлийн чимээнээс, аль эсвэл өөр юмнаас сэжиг авсан уу, нааш харж зогссон зээрд морь толгойгоо огцом дээш өргөж тургив. Цааш харж зогссон зээрд морь хүзүүгээ хальт эргүүлэх зуур Арысбай ч хөнгөхөн оймстойгоо нэг харайгаад, урагшаа тэмүүлсэн чигээрээ, толгой хүзүү нь нааш харсан зээрдийн хоёр чихийг харуулдан бугуйлаа эргүүлэн шидэж амжлаа. Өргөсөн толгойгоор нь орсон аргамжны гох хүзүүнд нь шилжин цээж, сэрвээнд нь тулахад хашир адуучин ч бугуйлаа тасхийтэл чанга татлаа. Сэжиггүй нааш харж зогссон зээрд морь цочин үргэлээ ч тав зургаахан алхам харайгаад нүднээс нь оч бутрах мэт болж эргэн зогтусав. Арысбай, бугуйлд орсон зээрд морь хүчтэй чангаахаас урьтан өмнөх хонин чинээ бөөрөнхий чулууг хөлөөрөө жийж суулаа. Өөрийн эрч хүчээр урагш тэмүүлэн зүтгэсэн зээрд үрээ суран аргамж чангаран татагдахад яах ч аргагүй болж адуучны эгц өөдөөс эргэн харж зогтусав. Гэнэт ихэд цочсоноос бүхий л биеэрээ дагжин чичирсэн ч «Хур, хур... адуу минь!» гэх чихэнд нь дасал болсон хүний дуунд сэртэсхийн, «За даа, эзэн минь байх шив дээ!» хэмээн баярлах мэт үүрсэн хугас янцгаав. Нөгөө зээрд хязаалан энэ болж буй үйл явдлыг тайван харж, ер юу ч болоогүй юм шиг идээшлэж эхлэв.


Арысбай, алсаас харахад ялган салгаж танихад бэрх хос зээрдийн нэгийнх нь магнай дээр хумсын чинээ цагаан толботойг мэддэг байсан. Аргамжаа үүрсээр дэргэд нь ойртов.


Дааган насанд нь сургасан байж таарна, толгой нь номхон, тос түрхсэн суран аргамжны цалам хийхэд зориулсан модон чагтыг зөрүүлэн дахин тооно тушаа хийж, чагтарч ирсэн талыг хошуунаас нь давуулж хүзүүн дэх дэгээнд бэхлэн ногтлов. Ингээд хөтлөөд явахад нөгөө зээрд нь аяндаа өөрөө дагана. Нар дээшлээд их үд ойртжээ. Бурхан тэнгэр ивээж зорьсондоо хүрч алдуул малаа олсон Арысбай үдийн халуунаар үүрмэглэн өөрийн эрхгүй нойр нь хүрэв. Одоо яарах юмгүй. Гутлаа өмсөж тэрүүхэн ойр гялалзан харагдах булаг руу зээрдээ хөтлөн гэлдэрлээ. Булаг дээр хүрч зээрдийн аргамжийг тогоон чинээ чулуунд хэд ороож орхиод зүлгэн дээр хэвтсэн дороо зүүрмэглэв.Булгийн орчмын эргэн тойрон ногоон зүлэгтэй, биеийг төөнөсөн үдийн нарны халуун, шинэхэн дэлбээлсэн өнгө бүрийн цэцэгсийн анхилуун үнэр, ийш тийш нисч жиргэсэн болжмор, эрвээхэй, зөгийн дүнгэнээнд тэрбээр бүх биеэрээ умбан байгаа мэт болжээ. Нэг сэрэхэд үд хэвийсэн байлаа. Толгойгоо өндийлгөж хоёр алгаараа газар түшихэд нялх ногооны зөөлөн, бас чийглэг шимийг мэдрэх шиг болов. Бөхийсхийж, өвдгөөрөө газар түшин байрнаасаа босож, булгийн эхэнд хүрч очив. Ундарга нь тавагны дайтай харагдана. Булгийн усанд арвайн чинээ цагаан, шар, цэнхэр эрээн цоохор хайрга чулууд буцалж байгаа юм шиг эргэлдэн хөдөлж, тув тунгалаг ус бургилан урссаар авай. Арысбай, эхлээд эрэл сурлаар явахдаа өмсдөг, наранд гандсан хилэн шаргал элбэг дээлээ эгэлдэргэлэн, хуйтай хутга бүхий агсаргатай мөнгөн бүсээ тайлж, хормой нь өвдөг, хөлийн булчинг бүхэлд нь хучдаг, ханцуй нь ташуурын ишийг дардаг хар хилэн дээлээ тайлав. Хоёр гараа усанд дүрэхэд бүхий л бие нь хүйт оргиж, ялимгүй чичирхийлсэн ч өдрийн нойронд мансуурсан биеийг нь эрхбиш сэргээж өглөө. Хоёр алгандаа ус дүүргэж аваад бугуй, тохой, нүүрээ сайтар угаав. Эсгий оймсон дотор дулаан байсан хөлөө хүйтэн усанд дүрэхэд хөшсөн нуруу нь тэнийх аядаж, босож гүймээр санагдав. Нүүр гараа угааж гүйцсэний дараа өргөн алгануудаа хумиад ус дүүргэж авав. Алганых нь хээнүүд ил тод харагдан, мэлтэлзэх тунгалаг усыг эрүүгээрээ тосч залгилахдаа эхлээд багалзуурт нь сэрүү оргиж, цааш нь улаан хоолойгоор гулсан уруудсаар буйг таатай мэдрэв. Ийнхүү аян замын ядаргаанд тамирдсан дотоод эрхтнүүд нь сэргэх шиг боллоо.


Эсрэг талын энгэр дэх нэг нь нөгөөгөөсөө өндөр, эгнэн жагсах гурван улаан хадыг исламын ариун ордонгийн зүг кыблаа хэмээн барагцаалаад ногоон зүлгэн дээр сууж босон мөргөл үйлдэхэд магнайд нь нойтон өвс хүрч, нялхамсуу үнэр нь нэгэн зэрэг мэдрэгдэв.



Уймарч байсан сэтгэл нь тайвширч, жин үдийн илч гэгээ цацсан нар зөвхөн өөрийг нь төөнөх мэт, эргэн тойронд багширах улаан хагтай нүцгэн уулс мөн өөрийг нь хараад ажиглаад байх шиг, энэхүү эзгүй хээрт нүднээ үзэгдэх, үл үзэгдэх юм бүхэн энд сууж буй хүнийг л бараа түшгээ болгосон лугаа тэрүүхэнд буй гурван адуу мөн адил эзэн нь хажууд байгаа болохоор амгалан тайван идээшилж буй юм шиг сайхан санагдав. Мөргөлөө гүйцээгээд босож ирэхэд тэр өмнөх бодол нь замхарч, яагаад ч юм дахиад л сэтгэл гонсойв. Морины эмээлийн ганзаганд буй хүнс гэнэт санаанд нь орж, хул морь руугаа харвал тэр ч мөн адил цангасан аятай чөдөртэй бэлчсээр булгийн эхээр хүрч ирсэн байлаа. Морь, өөрийг нь чиглэн айсуй эзнээ хараад «би ч хүрээд ирлээ шүү» гэсэн янзтай үүрсээд зугуухан янцгаав. Арысбай, хул мориныхоо дэргэд нь ирж, ганзаганаас арьсан богцоо авлаа. Булгийн эхэн дэх зүлгэн дээр шар дээлээ дэвсэж завилан сууж, богцоо задаллаа. Гараа дотор нь оруулж адууны чанасан мах, ааруул дэвтээж бэлдсэн ундаатай хөнгөн цагаан дашмагаа гарган амсрыг амандаа хийхэд хөмхийд нь орж ирсэн гашуувтар амттай ааруулыг залгилан уунгуутаа, өрөөсөн гараараа богцны боодлын зангилааг тайлж хэрчсэн махнаас баруун алгандаа дүүргээд үмхлээ. Зүүн гараараа дашмаг дахь ааруултай ундаанаас үе үе залгилж, баруун гараараа атгасан махыг дахин дахин үмхэлсээр тун ч амархан цаадлаа.


Уулын «бар»-тай халз тулалдсан нь


Арысбай, толбот зээрдийг хөтлөн, баруун гарынх нь бугуйнаас сэгэлдрэг нь эс гардаг урт ишт шар алаг ташуураараа зөөлөн илэнхэн ташуурдтал амарч сэргэсэн хул морь жороолон алхав. Толгойгоо ар тийшээ эргүүлж, нүднийхээ булангаар харвал ногттой гунан морь сурамгай дагаж, түүний ижил нь ч бас «Хүүе ээ, та нар хаачина вэ, би ч ганцаараа үлдэхгүй шүү» гэсэн мэт толгойгоо өргөөд, шингэхэн дуугаар нэг янцгааж хойноос дагав. Тэрээр өрнө зүгийг чиглэн үргэлжлэх салаануудын хойгуур хадан ханатай энгэрийн хаяагаар баруун зүгийг чиглэв. Хоёр ч салааг өнгөрсний дараа Ирвэст салаа хүрдэг. Шогшуулсаар Ирвэст салааны асга чулуутай газрын тушаа хүрч ирлээ. Тлеу хүү нь ирвэсийн нялх хоёр зулзагыг энэ хавиар хөнөөсөн нь санаанд нь орж Арысбайн сэтгэл ихэд сэрдхийв. Цавчмал асга чулуунууд руу эргэлзэн тээгнэлзсээр дахин дахин эргэж тийш харж байвай. Асга чулуунаас дээш сунасаар шовгор улаан ташуугаар үргэлжилдэг тэхийн өндөр зогсоолыг хүртэл хараагаа гүйлгэн явав. Хичнээн ширтлээ ч нар баруунтаа уруудсан тул наад энгэр дэх цавчмал чулуудын уртсаж эхэлсэн энгэр хайсан зүйлийг нь далдлан нуусаар байлаа. Тэр хавиар өнгөрөхөд хул морь нь чихээ дэлдийлгэн, нүд нь бүлтийгээд, толгойгоо ар тийшээ эргүүлж, нэн сэжигтэй тургиж, хачин байдал гарган хашигнав.


Арысбай, мориныхоо ааш араншинг андахгүй тул ойр орчмын нэг зогсоол дээр ирвэс өөрсдийг нь тандан ажиглаж буйг таамаглав. Ер нь ирвэс хүн рүү дайсагнан довтлох нь маш ховор тохиолдоно.


Араатантай айл саахалт байсан арав гаруй жилийн дотор адуу бүрийнхээ зан авир, үйл хөдлөлийг гаргуун сайн мэддэг болсны адил ирвэсийн ааш араншинг ч төдий чинээ мэднэ гэж боддог байлаа. Гэлээ ч зулзагануудаа алуулсан ирвэс хэрхэхийг Арысбай даанч нэг төсөөлөхгүй явжээ. Харин яг одоогийн таамгаар энэ хавиар байх ирвэсүүд өөрийг нь сайн мэддэг шиг, зулзагаа алдсан эмэгчин ирвэс хул морийг нь ч андахгүй танина. Тиймээс ч сэм отож, нуугдаж хэвтээд тосч байгаагаас зайлахгүй болуужин. Өнгөрсөн эмгэнэлт явдлын үеэр амьд үлдсэн ганц зулзагаа өнөө хороолгохоос болгоомжлон, хамгаалахаар бүгэж, гашуун өшөө авахаар зэхэж байгаа нь магадгүй тул хүн, морь хоёрт хэрхэн яаж халдахыг тааж мэдэх аргагүй билээ. Иймээс ч Арысбай Ирвэст салаагаар уруудан буух нь осолтой гэж үзэн сайхь салааны цаадах хоёр давааг алгасаад, нүцгэн салаагаар гол руу буух нь зөв гэж шийдлээ. Энэхүү баримжаагаар морио түргэн давирсаар эсрэг талын энгэр өөд гарахаар яаран зүтгүүлэв. Хул морь нь ч мөн адил эзнийхээ санаа бодлыг ойлгосон юм шиг толгойгоо хазайлган, нүдээ эргэлдүүлэн ар тийшээ харан харан түргэлэн алхлаа.


Абай Маухарагийн “Алтайн бартай тулалдсан нь” баримтат туужийн хэсгээс уншигч танд толилуулж байнануруугаар нь ямар нэг хурц юмаар хатгах шиг болж далаар нь шархирах нь мэдрэгдэв. Хул морь ч бас тийм янзтай, бүлтийсэн нүдээ эргэлдүүлэн, хөнгөхөн турхирч, жолоо хүчтэй угзарч, хатирахаар зүтгэн тэмүүлэх янзтай болов.


Гэвч Арысбай хөтөлгөө морьтой тул тэгж их яарч хурдлуулсангүй, хуурай сайд хүрч ирэв. Уг салааны зүүн тал нөгөө Ирвэст салааны нэгэн адил халил хадтай ч хормой нь адуу туугаад өнгөрч болохоор нэлээд өргөн, баруун тал нь хад чулуугүй нүцгэн энгэр, бүрэлзгэнэ, агь элбэг ургасан болохоор малын сайн бэлчээр болдог билээ. Хуурай сайгийн дунд орчим хүрч иртэл ард яваа хоёр зээрд огцом тургин, хөтөлгөө олсыг гэнэт хүчтэй татахад хул морь ч эргэлдэн тургиж, тэр хавийн тэгш хад руу хальт харав. Арысбай ч сэрдхийн цочиж дээш харах төдийд, эрээн цоохор ирвэс үсрэн харайж, агаарт исгэрэн шуугих анир чимээ гаргасаар нэг мэдэхэд дээрээс нь дарж авахыг харж амжив. Гүн амьсгаа авах ч боломжгүй, нүд ирмэх зуур урт сүүл, сунасан бие нь аймшигтайяа урт харагдан, ангайсан амнаас нь чинжаал хутганаас дутуугүй дөрвөн араа шүд нь гялсхийн, улаан хэл, хоолой нь ч тод харагдах мэт болж аврага луу шиг ирвэс хул мориных нь толгой, хүзүү хавиар тасхийтэл цохиж буухад, Арысбай эмээлээсээ дээш өргөгдөн, дөрөөнөөс мултарсан хөл нь дээр өргөгдөн, хүчтэй доргилтоор мориноосоо ойчих нь тэр.



Морь нь ч мөн адил баруун хажуугаараа нэг өнхөрсөнөө тогтож ядан тахтай дөрвөн туурай нь дээш гарч, дахин хэд өнхрөхийг нь хальт харав. Бас хүн, морийг нь дайран довтолсон ирвэс ч мөн адил хүчтэй эрчээрээ тав зургаан алхам зайнд газар тийчин, шороо тоос манаруулан буугаад дөрвөн хөллөн тогтохыг ч хоромхонд ажиглав.


Арысбай, ийм ахар богино хугацааны дотор одоо хэрхэх билээ хэмээн бодох зуурт хурц нүд нь болж буй бүхнийг харж амжив. Газрын  уруу хүзүү нь нугларан өнхөрч одсон хул морь эмээлтэйгээ огт хөдөлгөөнгүй болсон хэвтэнэ. Эзэн нь морьтойгоо ойчих үеэр хөтөлгөө зээрд нь сүртэй үргэж, тахимд нь хавчуулсан суран аргамжийг сугалан авч чирсээр тоос татуулан, туурайгаа тачигнуулсаар зугтаж одов. Нөгөө зээрд нь ч түүний араас давхин, нүцгэн энгэрийн бэлд хүрчээ. Дайран довтолсон өшөөт ирвэс огцом эргэж буусан газартаа хүний өөдөөс харж, нүд салгалгүй заналтай хэвтэх нь нэн аюумшигтай, бас их сүртэй ажгуу. Дахин харайж мэдэхээр!.. Арысбай түүнийг сайн таньж байв. Хоёр нүднийх нь хоорондын дөрвөлжин тэмдэг нь эмэгчин «Хэрцгий» мөн болохыг баталж, алуулсан зулзагануудын эх нь ч энэ мөн байжээ. Учир нь хул морийг тэр таньж дайрсан нь тодорхой юм! Арысбай буугаа мөрнөөсөө хэрхэн түргэн мулталснаа, замгийг нь яаж тасхийтэл татаж сумласнаа ч анзаарсангүй. Хэрхэн үсрэхээ бодон, одоо л хөдлөхөөр эгц өөдөөс нь харж хэвтэх ирвэсийн магнайг баримжаалан шагайтал, төрсөн эхийнх нь дүр нүдэнд нь харагдах шиг болсон тул зогтусав.


Түүгээр үл барам «Хүү минь ээ, уулын баранд бүү хүрэгтүн, мэнгэт жил чинь бар юм шүү!..» гэж хэлэх дуу нь сонсдох мэт болов. Бас өөр нэгэн зүйл тархинд нь гялсхийн харван ороод ирлээ. Төрсөн ахан дүүсийнхээс дутуугүй айл хөршийнхний өгөө аваа гэж байдаг.


Он удаан жилийн турш айл саахалт явсан танилаа буудан хөнөөх нь зохистой гэж үү?! Буутай гар нь аяндаа чичирхийлж байв. Гэвч буугаа шагайн харуулдсан чигээрээ нэг юмыг сэдэх гэтэл зүүн талын өндөрлөг дээрээс бас нэгэн исгэрэх дуун сонсогдмогц хальт харах зуур өмнөх ирвэсийн довтлох хөдөлгөөнийг давтан арван алхам зай бүхий өндрөөс өөр нэг аймшигт цоохор ирвэс өөрийг нь чиглэн дүүлэн айсуйг харав. Ганц амьсгаа авахуйц боломжгүй ахархан хугацааг хурц нүдээрээ ажиглангуутаа баруун тийш хальт эргэн зайлав. Ирвэсийн зузаан агаад уян зөөлөн үс нүүрийг нь илбээд, сунасан урд хөлөөрөө мөрийг нь хальт шүргээд хоёр гурван алхам зайд товхийтэл буусан эрэгчин хурдан эргэж муур мэт бөхийгөөд эгц өөдөөс нь ширтэв. Түүний магнай дээрх ганц гурвалжин толбо танил юм шиг харагдахад чулуун зүрхт араатан өөрт нь бараалхан золгохоор ирсэн ч юм шиг сэтгэл нь уярч «Хүүеэ, энэ чинь Үсэрээ юм шив дээ» гэж шивнэв. Харин «Хэрцгий» байрандаа ширтсээр хэвтэнэ. «Үсэрээ» мөн адил, нэг бол энэ хоёр хөлт чинь амаргүй амьтан байхнээ хэмээн эмээж, аль эсвэл яах эсэхийг нь харж байж хариу барья гэсэн янзтай ажиглан саатав. Арысбай, нүд ирмэх зуур болж өнгөрсөн хэцүү учралыг хоромхонд эргэцүүлэн бодов. Саявтархан зулзагалсан эмэгчин зориуд болзсон юм шиг эрэгчинтэйгээ цуг танил хүнийг харангуутаа Ирвэст салаанаас өнгөрүүлэн хажуулдан дагасаар, дээрээс үсэрч буухад тохиромжтой өндөр зогсоол хүртэл иржээ. Эмэгчин нь хул морийг нүдэлсэн болохоор байгаа онож амин чухал цэг дээр цохилт өгч санасандаа хүрчээ. Янгирыг ч мөн адил эгзэгтэй байрнаас ингэж дайрдаг нь нэн оновчтой арга болохыг Арысбай урьд өмнө цөөнгүй удаа харж байсан. Толгой, шилэн хүзүү, нуруугаараа цохилтонд өртсөн уулын ямаа түр ухаан алдангаа өндрөөс өнхөрдөг болохоор ихэнх тохиолдолд хүзүүгээ нугалан амьсгаа хураадаг юм. Хул морины хувь заяа ч үүнийг давтав. Харин эрэгчин ирвэсний өөр рүү нь довтолсон шалтгаан бол «амраг ханиа» хамгаалах гэснийх л биз ээ. 


Ийнхүү бодолд автсан Арысбай, одоо бол ирвэс дээгүүрээ өгсөн, өөр рүү нь зүтгэхгүй биз гэсэн санаатай хойшоо суугаагаар ухрангуутаа хоёуланг нь ээлжлэн нүд салгалгүй харсаар нэлээд холдлоо.


Тэрээр багцаалсан цэг дээр хүрэнгүүтээ босч, зүүн талын энгэр рүү үргэж одсон толбот зээрдийг нүдээрээ хайж эхлэв. Бараа нь тасарч, бэлээр давж одсон болотой. Одоо яах вэ? Тандсаар буй ирвэсээс зугатан гэр рүүгээ явган буцахаас өөр ямар арга байна вэ?! Хаваржаанд байгаа гэр хүртэл нь эндээс арав гаруй бээрийн зайтай. Зүүн талын нүцгэн гүвээнд ойрхон харгуй замаар гүйсээр уруудлаа. Ирвэсүүд буй газрын харалдаа ирэхэд мөнөөх хоёр өөр рүү нь эргэж элгээрээ хэвтээд харж байгааг ажиглав. Явуут дундаа бууныхаа оосрыг хумьж атгасан хэвээр, баруун гартаа бас урт иштэй ташуураа атгажээ. Одоо бол барыг буудах гэсэн санаанаасаа шууд татгалзав. Ялангуяа эхийнх нь захисан үг өнөө ч чихэн дотор нь сонсогдсон хэвээр байна. Үнэндээ ирвэст хор хүргэсний эцсийн дүн юугаар төгсдөгийн хариу энэ дээ! Ирвэс ч гэсэн үрийнхээ төлөө гаслан хилэгнэж, өшөө авдгийг анх удаа улаан нүдээрээ үзэв. Одоо бол эдгээр амьтанд хүрэх бүү хэл, холуур явж амиа аврахаас илүү аз жавшаан үгүй билээ. Хуурай салаа дээд талаараа өргөн хэрнээ дунд хавиараа уйтан, хоёр тал нь ойртсоор хавцал болдог. Тиймээс ч санаа амрах болоогүй, нэн болгоомжтой, замын хайрган чулуудыг шаргиулах төдий гишгэсээр явтал гэнэт огцом чимээ гарч, Арысбайн яг хажуу талаас харайн айсуй ирвэсийг харлаа.


Шуудхан довтолсон ирвэсээс зайлах гээд тэр амжсангүй, ирвэс баруун талынх нь мөрийг хумсаараа дэгээдтэл нөмгөн өмссөн дээлнийх нь ханцуй урагдаж одов.


Урагш үсрээд буусан ирвэс дахиад хальт эргэн тэмүүлэхэд Арысбай бууныхаа бөгсөөр хальтхан цохитол ирвэсийн багалзуур хавиар оносон нь ууттай ноосонд хүрэх мэт мэдрэмж төрүүлэв. Нэг араатнаас мултран зугтаж тав зургаан алхам газар хүрэхэд нөгөө нэг нь дэвхрэн дайрахад урт ташуурын ишийг хоёр гардан бариад ирвэсийн залгиур хавиар нударч саатуулаад, дахин цааш түлхэхээр бэлэн зогсов. Гэтэл ирвэс санаснаас арай дээгүүр ирсэн тул залгиур хоолой хавиар бус харин цээж рүү нь хүчтэй нудрав. Хурд, хүндийн жингийн эрчээрээ ирсэн ирвэс ташуурын хүчтэй нудралтанд тулж буцан өнхөрч одсон тэрхэн мөчид түүний цээжний сэгсгэр үс, цавийнх нь ар талаар бөмбийсэн нударган чинээ засаагий нь харж амжив. Ташуурын нудралт хүчтэй байсан бололтой, эрэгчин ирвэс дөрвөн хөллөн бууж чадсангүй, гэдрэг унан өнхөрч, босож дахин эргэхдээ толгойгоо өргөн дөрвөн хөллөж шууд л үсэрлээ. Одоо хүн, араатан хоёр халз тулахаас өөр аргагүй болжээ. Арысбай тэртээд хоцорсон цэл залуу насны үеийн барилдааны арга мэхийг гаргахаар шийдэв. Довтлон ирсэн өрсөлдөгчийнхөө доогуур орж тонгойгоод, ирвэсийн өөрийнх нь хүчийг дагуулан биенээсээ давуулан хаяж унагахаар хоёр өвдөгөөрөө сууж, гэдийгээд шидэх мэхээ хэрэглэв.


Өөртэй нь адил бөхчүүдээс хамаагүй хөнгөн ирвэсийн нимгэн цавь толгой дээр нь углагдсан юм шиг болсноо, түүнээс мултран бостол зэрлэг амьтны содон үнэр, халуун илч хүзүү, толгойд нь мэдрэгдэн, өөрөө урагшаа харайж гарлаа. Ирвэсийн хатуу агаад эрч хүчтэй ар талын хөлийг нь нуруундаа хүргэхээс урьтан бултаж амжив. Бас шүд, хумсыг ч биедээ хүргэлгүй өнгөрсөн ч нэн хэцүү мөчид тун болохгүйд хүрвэл сум гаргана биз гэсэн горь нь тасрав. Ирвэс дээгүүр нь харайж өнгөрөхөд зүүн гарт нь чирэгдсэн бууных нь бөгс талын оосрыг түүний ар талын хөл өлгөж одсон байжээ. Бөхийн барилдаанаар өрсөлдөгчөө өвдөг шороодуулсан үетэй зүйрлэм байдлаар хальт харахад бууны төмөр нь чулуутай харшилдах дуунаас үхэтлээ айсан ирвэс бууны оосор хөлнөөс нь мултран салтал хэдэн удаа дээр дээр үсрэн харайсаар холдож одов. Айн балмадах ч зай өгөлгүй шууд эхэлсэн тулааны улмаас амьсгаадаж хөлөрсөн Арысбай эмэгчин ирвэс хаана байгааг ийш тийш харж хайж байв. Эд чинь довтолгоогоо эс зогсоовол дараачийн ээлж түүнийх. Гэвч тэр харагдсангүй. Зүүн тал нь урагдсан дээлээ гүвсээр, амь тэмцсээр доош уруудан гүйв. Төмөр тахтай урт түрийт гутлаараа гишгэсэн чулууны шаргих чимээ бүхэл хөндий салааг цуурайтуулан, жагсаалын цэрэг байсан үеийнхээ гүйлтээр амьсгаа аван хоёр гараа урагшаа, арагшаа ээлжлэн хаялж хурдаа нэмсээр явав. Баруун гартаа атгасан ташуур нь газарт чирэгдэн, мөнгөн бүснийх нь зүүн талд бэхэлсэн хуйтай хутга ташаанд нь тас няс хийх дуулдана. «Уухай, аюул хэт нүүрлэвээс би хутгатай шүү дээ...» гэсэн бодол бас ч гэж сэтгэлийг нь сэргээнэ. Хад чулуунд өдөржин нарны халуун илч шингээснээс юм уу, салааны дотор их бүгчим аж.


Зуны нар салааны баруун хярт хүрснээр гүн жалганы зүүн талын энгэр шаргалтсаар, баруун талынх нь бараантжээ. Хурдаа нэмэн гүйхэд магнайгий нь зөөлөн салхи илбэнэ. Жалга даган ургасан хонин гааны үнэр ханхлах нь цээжинд нэн таатай. Уруу газар болохоор хүний хашгирах дуу үл хүрэх зам туулжээ.


Салааны дунд хавиас хойш шулуун бус тойруу газрууд ч олон тааралдав. Нэг хэсэг гүйхээ болив. Бүхэл бие нь хөлөрч амьсгаа нь ч задарчээ. Хүндээр амьсгалах нь намдсан тул цаашлан гүйхээр явж болно.Нөгөөтэйгүүр ирвэсүүд хөөхөөс залхсан биз ээ. Гүн амьсгаа авч, хацар нүүрийг нь даган урсах хөлсөө ханцуйгаараа арчиж, нэгэн тохойд түр амсхийхээр зогтусав. Гэтэл ганц алхам зайтай баруун талын булангаас толгой нь харагдаж могой мэт эрээлжилсээр гарч ирсэн ирвэс Арысбайн эгц урдаас дайрлаа. Энэ явдал дэндүү богино хугацаанд болж байгаа тул шийдсэн арга мэхээ хэрэглэхээс өөр гарц үгүй. Нүүрээ хамгаалан хоёр гараа өргөж тосоод ирвэсийн багалзуураас шууд барьж авахаар тосов. Гэтэл түүний хөл нь газар тулж амжаагүйн улмаас харайн цойлж ирсэн араатны хүчинд цохигдон гэдрэг уналаа. Хоёр гараараа ирвэсийн цээж рүү түлхэх гэж оролдов. Гулсан хөдлөх ирвэсийн урд хөлийн хурц хумснууд Арысбай зүүн талын хацрыг урж, малгайгий нь шүргэн унагаж одов. Яг энэ мөчид ирвэсийн сэгсгэр үстэй цээжнээс хоёр гар нь гулссаар түүний хэвлийд хүрэхэд овгор товгор янгинан хатуурсан мээм, зөөлөвтөр сүвэнд гар нь хүрэв. Гарт тэмтрэгдсэн тэр эрхтэнээс чангахан барьж татаад толгойгоо өндийлгөн цавийнх нь завсраар шурган урагшаа тэмүүлэн босохоор завдав. Тэгсэнээ хойшоо хальт эргэж одоохондоо нааш харж амжаагүй араатны зоо нуруунд нь ташуураар чангахан буулгаад авав. Ирвэсийн архирах дуутай нь зэрэгцэн урт сүүл нь исгэрэн мушгиралдсаар цааш үсэрч харайсаар холдон одов. Арысбай, хоёр ирвэс өөрийг нь салахгүй мөрдөн мөшгөж, хөөж яваа юм байна гэдгийг сая л ойлгов. Ирвэсүүд дадсан аргаараа эгзэгтэй газрыг дагаж ажиглаад, хоёул ээлжлэн хүн рүү довтлоод салахгүй байгаа ажээ. Арысбайн хөлс дусалсан зүүн талын хацар нь хорсож эхлэв. Нүүртээ хуруугаа хүргээд үзтэл час улаан цус урсаж буй ажээ.


Шархаа мэдрэхээр зүүн гарынхаа гурван хурууг хорсоод буй тэр хэсэгт хүргэхэд уртаашаа гурав дөрвөн хуруу орчим язарч зүсэгдсэн нь тэмтрэгдэх бөгөөд нүүрнээс нь гоожих бүлээн цус чихнийх нь урдуур эрүүг нь дагаж хүзүү рүү урсан оржээ.


Малгайгүй нүцгэн толгойн арьс нь ч маажих төдийд бас цус гарсаар байлаа. Цус тогтоох зав чөлөө хаа байх билээ?! Хамгийн зөв арга бол ирвэсүүд өөр нэг үйлдэл хийхээс урьтан цаашаа улам бүр хол зам туулах ёстой. Ийн бодсоор бас л уруудсаар гүйв. Одоо ирвэсүүд аль талаас гарч ирж дайрах бол оо? Ирвэст салаан дээр он удаан жилийн турш энэ амьтдын амьдралын хэв маягийг нь мөн хариулж яваа адууныхаа зан төрхийг мэдэхээс дутуугүй мэднэ хэмээн бардамнаж явсан минь бүр биш, их дутуу юм байжээ. Тэгж бодсон чинь ирвэс адуунаас огт өөр амьтан байх нь. Эд чинь өөрт нь заль мэх хэрэглэж мөшгөсэн этгээдүүдэд тун хялбархан алуулах ч, харин өөрсдийн өш хонзон санасныг хатуухан амсуулдаг, хүнээс дутуугүй хорлонтой амьтан юм байна аа. Ан гөрөө хийх мэдлэг туршлагагүй хүүхдэд хоёр зулзагаа хөнөөлгөөд олзлуулсан ирвэс одоо бол уул хадны нууцыг бүхэлд нь бүрэн мэддэг «тал нутгийн баатар»-ын аминд хүрэх аюул болсон нь энэ байна. Одоо хөөх нь үү, үгүй юү бүү мэд, хэрвээ хөөгөөд ирэх юм бол аль зүгээс гарч ирэхийг мэдэхийн аргагүй. Цорын ганц арга гэвэл энэ салаанаас гарч голын савд хүрэх, тэнд хүрч амжвал явах замын талыг нь авлаа гэсэн үг. Хүн хартай ч таарч мэднэ. Гэхдээ алдуул малын эрэлд гарсан ганц нэгэн болохоос, хүн болгон явдаггүй өвлийн отрын бүс, эзгүй энгэр газар. Айлууд ч гол өгсөн зусланд гарах цаг арай болоогүй. Аюулаас зугатсан аймшигийн нөлөө арилаагүй, тулааны улмаас бие нь халсан Арысбай хатирах мориноос дутуугүй хурд гарган гүйлээ. Олон ч удаа адуугаа уруудуулан доош буулгасан газруудын дов, хожуул, чулуу нь хүртэл танил болохоор эргэн тойрноо анзаарч явах, аюулаас болгоомжлоход ч бас ашигтай. Гэлээ ч энэ араатнуудын дайралт, аяглаж буй байдлаас үзэхэд юу ч яг таг онож баримжаалах боломжгүйг мэдэж байлаа. Харин, тодорхой мэдэж буй нь гэвээс тав зургаан тойруулгаас гарч амжвал салааны аманд хүрч, голын эрэгт дөхөж очно. Тэнд бол бүх юм нээлттэй, задгай тал, далд газар үгүй, араатнууд аль талаас гарч ирж дайрах бол оо гэж эргэлзэх явдалгүй, ядахдаа сэтгэл амар болоход нэн тустай юм.


Салааны ам ч харагдлаа. Ирвэс хойно хол хоцорсон биз гэх бодол төрж, сэтгэл ч тайвширав. Гүйхээ больж, зөөлөн алхаагаар сольж, хэсэг яваад зогслоо. Хацрынх нь цус гоожихоо больж хатаж эхэлсэн байна. Түрүүнээс цувсан хөлс ч багасаж, бүр гашуун хөлс нь шавхагдаж, барианы газарт ойртож ирсэн хурдан хүлэг мэт бие нь ч хөнгөрчээ. Нар аажим доошилсоор баруун зүгт байрлах хар уулс рүү хэвийжээ. Энэ чигээрээ явсаар байвал нар шингэхээс урьтаж гэртээ хүрч очих биз. Явсаар салааны амны хоёр талын босгон дээрх өвс ногоо ч үгүй, цагаан тоостой нүцгэн довын тушаа хүрч ирэв. Тэгтэл зүүн талын гүвээн дээр харагдах нүхнээс хошгирох тарваганы дуунаар тийш хальт хартал, урд талын үерийн усанд идэгдсэн гүн жалганаас үсрэн гарч ирсэн ирвэс Арысбайн яг эгц өөдөөс довтлов. Ташуураараа газар тулан намхан эрэг өөд гарангуут дов руу зугатав. Ирвэс ч мөн адил ар хөлөөрөө эрэг тулж тийрсэн биз, хүчтэй харайж ирээд хоёр гурван алхам ч зайлах боломж өгөлгүй, шилэн хүзүүн дээр нь наалдав. Дээд хоёр араа шүд нь дээлийг ханзлах нь мэдрэгдэж, тас тэвэрч наалдсан түүнийг эргүүлэн сэгсэрч арагшаа шидэх гэж оролдов. Хүчтэй сэгсрэлтэнд өөрийнхөө жингээр ганхсан ирвэс дээлийн захаас доошоо хага ярж хөндийрөн өөрөө аяндаа шидэгдэв. Дээлийн арыг урсан ирвэсийн шүд нь нурууны арьс маханд ч бас хүрч урсан нь хүчтэй хорсон өвдөж мэдрэгдэв.


«Энэ чинь ямар салдаггүй, аюулын амьтад юм бэ!» гэх уур омог өөрийн эрхгүй оволзож, дахин дайрахаас нь урьтаж ирвэс рүү өөрөө дайрахаар ташуураа далайн тэмүүлэв. Ирвэст үсрэх зай өгөлгүй, хоёр чихнийх нь хооронд ташуурын найман тасамт гүрмэл сур хүчтэй буулгав. Ирвэс ч энэ цохилтоор үсэрч буугаад цаашаа харайн зайлав. Дээш өргөсөн урт сүүлийнх нь доогуур хараад энэ удаа эрэгчин ирвэс нь дайран довтолсоныг мэдэв.


Ялимгүй хожимдвол эмэгчин ирвэс нь гараад ирэх вий гэж бодоод бөөн харагдах тарваганы нүхэнд хөлөө шааж бүдрэхээс болгоомжлон нүцгэн цагаан дэнжээс ойчих шахам гарч, газар руу хурдлан гүйсээр хормойд нь хүрэв. Хичнээн хол гүйлээ ч араатнууд хойноос мөшгин дагасаар, ер салахгүй юм байна гэдгийг сая баттай ойлгов.


Тэд юуны төлөө ингэж амь өрсөн хөөсөөр буйд гайхаш тасрав. Хэрвээ хүн мал барьж идэхээр довтлоод байгаа бол нэгэнт үхсэн хул морины тэнд үлдэцгээх байсан биш үү. Өшөө хонзонгоор ингэж байгаа юм бол адуучныг алахаар шийдсэн хэрэг үү?! Юутай ч гэсэн зугатаж байж амь аврагдахаас өөр арга чарга ер үлдсэнгүй бололтой. Зуслан орох машины зам хүрч, мориныхоос дутуугүй хурдан гүйв. Замын захаар хэвтэх үй олон цагаан бөөрөнцөг чулууд ар араасаа цувран хойно үлдсээр байлаа. Чулуудын завсар зайд ургасан өвс ногооны үнэр цулгай замын шороо тоостой холилдон хамар цоргиж амьсгаа улам ихээр задалж өгөв. Хүчтэй дэвслэх өөрийн хөлний чимээнд урамшин улам бүр хурдлан гүйв. Хагас бээр гаруй зайг туулахад ар талд бүдэгхэн сарчигнах чимээ чихнээ давтагдан дуулдахад өнөөх чинь дахиад л хүрээд ирсэн байхнээ гэж бодов. Хурдаа сааруулж түр зогтусан хүлээнгүүтээ эргэж харав. Уруудан гудайсан оройн нарны улбар туяанаар тоостой замаар улаан хумхийн тоос манаруулан, харайх бүртээ үсэрхэг цайвар цээж нь гялсхийн, хойноо чирсэн могой сүүл нь годойж, өмнө нь сунан буух сүүдрээ мөрдөн мөшгөсөөр айсуй ирвэс Арысбайн ар талд ирж амжжээ. Харайлт бүр нь тав зургаан алхмаас дутуугүй болохыг баримжаалан тулаад ирэхэд нь хэрхэн угтахаа хоромхонд бодов. Хүчтэй тийрэлтээр ирдэг болохоор ташуураар цохиж амжихгүй. Ташуурын ишээр цээжийг нь огцом нударч болох ч ирвэс хүнд жингээр тулдаг тул ташуурын иш хугарч мэднэ. Зугтаж ерөөс болохгүй, тэгвээс түүнд улам эвтэй, дахиад л ар хүзүүнд наалдана. Тэгвэл хамгийн илүү ашигтай ямар арга байх вэ?


Толгойд онцгой нэг сэдэл орж ирэв. Замын хажуугаар хэвтэх тогоон чинээ том чулууг баруун хөлөөрөө сайн тулж, зүүн хөлөө хойшоо хагас алхам тавьж, ташуураа хоёр гараараа атган цээжнийхээ өмнө хөндлөн барьж зогсов. Дөхөж ирсэн ирвэс эхний харайлтаар биед хүрэх нь тодорхой, шаргал нүд нь эгц өөдөөс харж, ангайсан амнаас нь чинжаал мэт дөрвөн араа шүд нь онц сүртэй ярзайж, халз тулсан ирвэсийн магнай дээрх дөрвөлжин тэмдэгээр нь эмэгчин ирвэс нь гэдгийг мэдэв. Хоёр араатан заавал ээлжлэн дайрдаг нь гайхмаар юм. Ээлжлэн амарч байгаад, өстөнөө ядрааж тамирдуулах арга нь ч энэ юм болов уу, бүү мэд. Түүний харайхад үүсэх хуй салхиар манарсан тоос, араатны архирах дуу чимээ амьсгаатай нь давхцан дайрахад ангайсан том ам руу нь ташуурын ишийг хөндлөнгөөр нь зуулгаж, гэдэс рүү нь хүчтэй өшөглөн түлхлээ. Ташуурын ишээр ам нь таглагдсан ирвэс агаарт дүүжлэгдсэн мэт харагдав. Эхлээд хоёр талын хүч тэнцэж, халз учирсан ч бадирун биетэй бөх хүн ирвэсийг түрсээр гэдийлгэн унагаалаа. Барилдаж буй хоёр бөх заримдаа зэрэг ойчдог шиг Арысбай ирвэсний аманд ташуураа зуулгасан чигээрээ хамт уналаа. Ирвэс ташуураас амаа сугалангуутаа хэвтээ чигээрээ Арысбайн ташуургүй сул байгаа гарыг зуухаар тэмүүлэн дайрав. Хүүхэд ахуй наснаасаа үе тэнгийнхэнтэйгээ барилдсаар, зэрэг ойчсон тохиолдолд нүд ирмэх зуурт босч хамт унасан хүнээс урьтаж мэх хийж сурсан болохоор суларсан ташуураа тулж босоод иртэл ирвэс зүүн гарынх нь шуунаас зууж амжив. Ирвэсийн сэлэм мэт араанууд Арысбайн судас нь гүрийсэн гарынх нь арьсыг урж, бүр хэсэг мах унжуулж хаяв. Арысбай годхийн босч ирэнгүүтээ ташуураа исгэрүүлэн эргүүлж ирвэсийн цээжнийх нь орчмоор баруун, зүүн тийш ороолгож гарав. Ташуураа эргүүлсэн чигээрээ ар тийшээ ухрахад ирвэс хөл доор нь өнхөрч, элэгээ даран хэвтээд өгөв. Арысбай түрүүнээс хойш ирвэстэй тулалдахад энэ араатны ийм нэг нууц залийг анзаарч авсан билээ.


Ирвэс чинь чоно юм уу бусад араатны нэгэн адил барьсан амьтантайгаа эцэс төгсгөлгүй ноцолддоггүй юм байжээ. Нэг удаагийн боломжтой дайралтаар л хийх гэснээ дуусгана, тэр нь бүтэлгүйтвэл дараачийн довтолгоонд бэлдэж, арга мэхээ өөрчилнө.


Арысбай халил хадны энгэрт буй янгирыг барьсан ирвэс дандаа аятай цэгээс анаж байгаад дайрахыг нэг бус удаа харснаа эргэн санав. Энэ хэвтэж буй амьтан дахин довтлохоос зориг мохсон нь мэдээж, дараачийнх нь хүрч иртэл зам хожих хэрэгтэй. Цус гоожиж буй зүүн гараа халаасанд байсан алчуураараа явдал дундаа боогоод цаашаа гүйв. Болоогүй л байна, багцаалвал арван хэдэн алхам урагшлахад замын баруун талд байгаа үхэр чулууны дэргэд хүрч ирэхэд баруун мөрт нь ирвэс наалдаж ирсэнийг сая мэдэв. Айн балмагдахаас илүүтэй санаанд нь нэн гайхах бодол төрөв. Энэ эрэгчин ирвэс нь энд хэдийдээ хүрээд ирсэн юм бэ? Замгүй газраар хөндлөн давхиж урагшаа гараад хажуу талаас дайрахаар шийдэж дээ! Ташуур нь ирвэсийн зуусан баруун гарт байгаа болохоор түүнийг хэрэглэх аргагүй. Ирвэс мөрөнд нь наалдчихаад урд хөлнийхөө хумсаар Арысбайн нүүр рүү нь балбаад эхлэв. Энэ хэцүү бэрх үеэр Арысбайд цэрэгт байхдаа буюу залуу насандаа сурсан аргыг хэрэглэх завшаан одоо л нэг хэрэг болох цаг нь ирэв бололтой. Боолттой шархтай зүүн гарынхаа нударгыг чангалж, мөрөнд нь наалдсан ирвэсний хоншоорт буулгав. Тэгэхдээ нэгэн зэрэг бас баруун хөлөөрөө гэдэс рүү нь өшиглөв.

Нудраганы хүчинд ирвэс шүдээ зуун гэдийж, өшиглөсний тийрэлт, өвдөлтөөр гэдрэг унахад дээлийн ханцуйны хэсэг тасарч гараас бүр мултарч араатны аманд зуугдан, ташууртай гар нь нүцгэрч үлдэв. Ирвэс амандаа зуусан ханцуйг олзуурхсан янзтай, урт сүүлээрээ газар шүргэн хойшоо эргэн зугатаж одов.


Ар тийшээ харахад нар уулсын хярд улайрсаар шингэх дөхжээ. Хойд зүгийн цөөхөн ой модтой бараан уул, зүүн талаар нь сунах улаан энгэртэй уул руу хальт хараад хаана хүрч ирснээ багцаалахад гэр хүртэл нь гурав орчим бээр ойртжээ.


Одоо эмэгчин ирвэс нь аль талаас гэнэт дүүлэн гарч ирэх юм бол оо? Ирвэсүүдийн айхтар арга залийг урьдаас таахын аргагүй юм даа. Арысбайн амьсгаа давхцаж, цээжинд нь лугшин булгилах зүрх нь «Зугтаарай, зугатаад бай!» гэж амь өршөөгдөх авралын тушаал буулгах мэт өөрт нь санагдав. Сагалдаргыг нь тэмтэрч үзээд, одоо ташуураа л алдаж болохгүй шүү гэж өөртөө хэлж, бариулыг нь чанга атгаж, хар хурдаараа гүйлээ. Тэрбээр оройн нарны улалзсан гэгээ тархсан машин тэрэгний нүцгэн зам дээр буусан урт сүүдрээ гишгэлсээр улам бүр урагшаа тэмүүлэн зүтгэв. Өвөл зунгүй шуугин шуурч исгэрсээр байдаг Алтайн салхи оройн сэрүүнээр хүчээ авах мэт сэвэлзээд эхэллээ. Арысбай гүйсээр хагас бээр гаруй зам туулав. Нарны сүүлчийн туяа хяраас замхартал эргэн тойрон үдшийн бүрэнхий наашилж нэлэнхүйдээ цайвар саарал өнгөөр солигдон, тэртээ алс дорно зүгт харагдах намхан уул хайрханууд хар бараан, тэнгэр цайвар цэнхэрдүү өнгөтэй болов. Төдөлгүй сүү буцлам хугацаа өнгөрөхөд харуй бүрий орно. Арысбай тэр болтол гэртээ дөхөхөөр хамаг хүчээ шавхан урагшлав. Голын сав дахь хамгийн захын айл өөрийнх нь гэр болохоор энэ хавиар хэн ч тааралдахгүй эзгүй хээр газар юм. Гэвч санаандгүй хэн нэгэн тааралдах юун магад хэмээн горьдох нь санасны гарз биз ээ. Тэрээр гэртээ хэдий хэр ойртож ирснээ багцаалахаар хоёр хажуу тийш дахин нэг хальт хараачлав. Харваас хагас бээр орчим газар үлджээ. Орчин тойрныг тодоос тодхон харуулж буй цайвар цагаан туяа аажмаар бөхөх шиг, зам дагуу буй хонин чулуудын баруун талын нүүр нь цайрч, зүүн тал нь харлан бараантаж, бүгэж хэвтэх ямар нэг аймаар амьтанг санагдуулна. Ар тийшээ эргэж нэг харав. Баруун зүгийн уул нуруудын хяраар улаан туяа бүдгэрээд, сааралдуу цайвар туяа шөнийн харанхуй руу тэмүүлэх мэт цайрчээ. Тэнгэрт шаргал өнгөтэй цорын ганц од гэрэлтэх нь «Баатар минь бүү айгтун!» гэж хэлэх мэт нүдэнд дулаан харагдана.


Салааны амнаас гарснаас хойшхи өнөөх эрч хүч сулран хөл нь хүндрэв бололтой, гүйлтээ бага зэрэг сааруулав. «За даа, ирвэс одоо ч хөөхөө больсон байлгүй...» гэх горьдлого өөрийн эрхгүй төрөх ч түүнийг нь таслах мэт муур лугаа чимээ аниргүй сэм хүрч ирсэн, ээжийнх нь хэлдэг мөнөөх «уулын бар» урагш алхсан хөлнийх нь доогуур шурган орж ирэв. Арысбай, ирвэсийн хүчтэй түрэлтээр гэдрэг ойчив. Сүйхээчлэн босох гэтэл огцом эргэсэн ирвэс зүүн талын гуянаас нь тасхийтэл үмхээд авлаа. Түүний зүүн талын нүд хавьд ташуураа буулгатал толгойгоо баруун тийш суга татан эргэсэн араатны хурц араанууд дан өмдтэй гуяных нь махнаас зуун татаад одов. Юутай ч хурдан босохоор хоёр тохойгоороо тулан, толгойгоо ялимгүй өргөтөл эмэгчинээ дагасаар хүрч ирсэн эрэгчин ирвэс амаа ангайсаар дээрээс харайн ирэхэд ташуураа түүний ам руу шааж, зүүн гараараа түшин, бүхий л хүч тэнхээгээрээ түлхлээ. Бариулд нь зэс, гууль ороомог хольж урласан хатуу иштэй шар алаг ташуур ирвэсийн хоолой руу гүн шигдэн ороход тэр хүний биед ам хүрэх боломжгүй болж, паливгар хүнд тавхайгаараа Арысбайн дээрээс гишгэсээр өнгөрөв. Сагалдарга нь тасарсан шар алаг ташуур ирвэсийн улаан хоолойнд зоолттой чигээрээ адуучнаас холдов. Зүүн хөл нь хүнд шархтсан ч шалавхан босож өвдөгөө тэнийлгэхэд зүүн тийш хазайсхийж гуйван байж зогсов. Тэглээ ч хүчээ хураан, шархтай хөлөө чирсээр замаас дөрөв тав алхам холдов. Гүйх тэнхээ барагджээ. Бүхий л бие нь янгинаж гагц баруун хөл л бүтэн. Цорын ганц зэвсэг болсон ташуураа ч араатны аманд зоож алдлаа. Уулын бар гэдэг амьтан амь тавихаас нааш бууж өгөхгүй юм байна гэдгийг ой тойндоо шингэтэл ойлгов. Гэлээ ч ирвэсүүдийн энэхүү «байлдаан» бол эрчүүдийн халз тулаантай тун төстэй, хүч тэнхээ, арга мэхийг сорих тулалдаан болохыг мэдэрч, энэ нь эцсийн халз тулаан болсон биз дээ хэмээн бодов. Баруун талын ханцуй нь урагдаж тасарсан, шилэн хүзүү, захаас нь авахуулаад бэлхүүс хүртлээ урагдсан хөвөнтэй хилэн дээлэндээ бүсэлсэн агсаргатай мөнгөн бүсний шар алаг хуйн доторх хэрэйт маягийн хутгыг шархтай зүүн гараараа тэмтрэн авч атгаад, баруун гараараа ишнээс нь барьж, хуйнаас нь сугалан авч чангахан атгав. Баруун мөрөнд барын шүд зүсээд өнгөрсөн шарх шархирч өвдөхийг сая л мэдрэв. Хазгананхан доголж гишгэсээр, биеэ цэх барьж эргэн тойрноо хараачлав. Харанхуй болжээ. Машины замын бараа ялимгүй цайран харагдахаас бус орчин тойрны чулуу, бут сөөг бүхэн бараантан, өнгө зүс нь үл ялгарах сүүдрээр халхлагджээ. Тэнгэр өөдөө хөөрсөн мэт болж, тэртээх алсад одод анивчина. Гэр рүүгээ харвал дорно зүг дэх шөнийн хөшигний доороос гялс манс хийх ялимгүй оч улалзав. Тэр бол гэрийн өмнө тал, хотны хоёр захад өлгөсөн керосинаар асдаг дэнлүүний гэрэл мөн хэмээн баримжаалав.


Алс холоос сүүмэлзэх гэрлээс өөрийн өрх гэрийнхээ илчийг мэдрэхдээ ядарч зовсон, шархадсанаа ч умартан «Бурхан тэнгэрийн ач буян, ивээлээр гэртээ эсэн мэнд ирлээ...» гэж өөрийн эрхгүй амандаа шивнэв.


Ийнхүү адуучныг бага зэрэг амьсгаа авч, сэтгэл уужирсаныг нь хүлээн азнаж байсан юм шиг, түнэр харанхуйд цээж нь цайвалзан, хоёр нүднээсээ ногоон оч цацруулсан ирвэс баруун талаас шурхийн үсэрч ирээд цамцны уранхай ханцуйтай нүцгэн бугуйгаар нь ноцов. Арысбай эхний тулаанаас хойш ирвэсийн ийм дайралтанд дассан бололтой, айж сандарсангүй, одоо чухам ямар мэх хийх нь дээр вэ гэж хоромхонд бодох болжээ. Уулын бар чинжаал шиг дөрвөн шүдээ бугуйнд нь нэгэн зэрэг шигтгэхэд «Аллаах минь!..» гэж шаналан хашгирах дуу амнаас нь гарсныг ч мэдсэнгүй. Гэвч гараас алдрах дөхсөн хутгаа шархадсан зүүн гартаа барьж авч амжлаа. Бар хазсан хэсгээс зулгааж авах гэсэн янзтай урд хөлөө жийн биеэрээ савлан чангаан татлаа. Бод мал төхөөрөхөд зориулсан том балиусыг араатны дээшээ өргөгдсөн хоолойн доод талаар ганц дүрвэл дорхноо муужирч унах нь гарцаагүй. Ингэх боломж ч бүрэн бүрджээ. Залуу багаасаа мал нядлахыг гарамгай сурсан болохоор одоо л энэ чадвараа гаргахаас ондоо аргагүйг ойлгож хутгаа далайв. Гэтэл сэтгэлийн гүнээс гэнэтхэн өөрөө эс мэдэх нэгэн гэгээхэн дуу «Битгий хөнөөгөөч ээ!» хэмээн сонсдоход далайсан хутгатай гараа хойш татлаа. Тэгээд хутганыхаа шовх хурц үзүүрийг ирвэсийн эрүүнийх нь яг доороос зөөлөн хатгаж орхив. Сануулга авсан араатан шүдээ султгаад амаа ангайхад доод шүд, хэлнийх нь тэг дундаас хоёр гурван хуруу цухуйн гарч ирсэн хутганыхаа үзүүрийг харж амжив. Ирвэс араа шүдээ бугуйнаас салгаж, хойшоо шидэгдэхэд түүний эрүүнд шаагдсан хутгаа сугалж авав. Эмэгчин ирвэс «Тулалдаан үүгээр өндөрлөв!» гэсэн аятай амнаасаа цус гоожуулсаар цаашаа огцом эргэхэд урт сүүл нь ташуурын адил исгэрч анчины гуяар нь нэг шавдчихаад цааш зайллаа. Энэхэн үеэр гэрэл сүүмэлзсэн гэрийнх нь тэндээс Халтар, Цагаанаа нэртэй хоёр догшин нохдых нь чоно үзээд хөв хөв хуцах дуу цуурайтан наашлах дуулдав.


Арысбай саяхан бугуйнд нь бий болсон гүн шархыг уранхай ноорхой болсон ханцуйгаараа боож цусыг нь тогтоож, улмаар цааш зугтахаар зэхэн сэтгэл хямран түр саатсанаа, «Яамай даа, ноход маань мэдэж ээ!» гэж сэтгэл уужрав. 


Зүүн гарынх нь шуу, баруун гарын бугуй шархтай болохоор одоо цорын ганц зэвсэг нь болсон хутгаа аль гартаа барих нь зохилтой билээ гэж бодон хоёр гардан бариад цээжин тушаагаа өргөв. Ирвэсийн ширүүн тулалдаанаар халсан, шингэн цус болсон, хэт шунахайран зуухад нь гоожсон шүлс наалдсан хутганаас нэг эвгүй нясуун үнэр ханхална. Хутгаа хоёр гараараа атгаж урагшаа хазганан, тал талаа ээлжлэн сэжигтэйхэн харан харсаар гэлдрэв. Нохдынх нь хуцах чимээ улам ойртлоо. Тэд эзнийхээ урдаас хамаг эрчээрээ гүйн айсуйг анзаарлаа. Одоо араатнууд ч нохдоос нуугдах юм уу, эсвэл амь өрсөн зугтсан биз ээ. Арысбайн бие нь хөнгөрч, гүн санаа алдав. «Бүтээж хүн болгосон аугаа их Эзэн минь аюулаас авран ивээлээ шүү!..» хэмээн дотроо залбирав. Хуцах дуу нь, газрын хөрсөн дээгүүр харайхад гардаг хөлнийх нь саржигнах чимээ давхцан шөнийн харанхуйгаас тодрон харагдсаар ноход нь ар араасаа гүйн ойртож ирлээ. Тэд хар эрчээрээ давхиж явсан болохоор эзнийхээ хажуугаар зөрж өнгөрөөд, сая эргэж буцан тойрсноо хоёр талаас нь ноцон үнэрлэсээр зогтусав. Тэгснээ аливаад гавшгай, сурамгай ноход эзнийхээ гар хөлийг дахин дахин үнэрлэн «Эзэн минь шархдав шив дээ!» гэж гоморхох янзтай гиншин байснаа гэдэргээ эргэн харж хөв хөвхийн хэдэнтээ чангахан хуцав.

       

Мөрдөн байцаалт

      

Арысбай хаврын авсаархан сууцныхаа хаалгыг нээн, өндөр босгоор алхаж ороход гэр дотор саруулхан, дулаан агаар пүнхийн угтав. Энэ халуун дулаан байдал өдөржин туулж өнгөрүүлсэн аймшигт тулалдааны зовлонг хөөн зайлуулж, бас буцалж бэлэн болсон хоол, шар тос самарсан өтгөн аагтай цайны сайхан үнэр удтал өлбөрч явсан түүний шүлс асгаруулж, бүх биеийг нь хоромхонд сэргээх мэт болов. Адууны бэлчээрээс ч, аян замаас ч буцаж ирэхэд ийнхүү хоол ундаа ямагт бэлэн зэлэн болгож угтдаг гэргий Батимагаа харангуут сэтгэл нь тайвширч тэнийдэг билээ. Одоо эхнэрийнхээ баярлан харах нүд, инээмсэглэх улаахан уруулынх нь завсраар хонгор сэтгэлийг нь сэм илтгэдэг цав цагаан шүдийг харваас түүний бүх бие гал халуун тэврэлт, хайрын жаргалд умбах мэт болдог. Гэвч энэ удаад тэгсэнгүй. Зоог бэлтгэдэг гал тогооны зүгээс үүд нээгдэх чимээгээр хальт эргэж харсан Батимаагийн нүд нь орой дээрээ гарах шахан бүлтийж, улаан хацар нь дорхноо цагаан ямбуу мэт цайж, гартаа барьсан халбага нь ханхийн газар ойчихтой давхцан «Пөөх, хөх тэнгэр минь, юу тохиох нь энэ вэ, чамд минь?!» хэмээн хашгирах дуу нуруу руу нь хүйт оргитол цангинан цочоов. Арван зургаан жил ханилахдаа эхнэрийнхээ ингэж чанга хашгиран цочсоныг, үнгэлцэгээ хагартал айсныг анх удаа харж байгаа нь энэ билээ.


Өөрөө ч бас сандарч, «Юу болсон байна вэ?» гэсэн шиг эхнэрийнхээ нүүр өөд харахад тэр нь нөхрийнхөө бүх биеийг хөлөөс толгой хүртэл хараа салгалгүй ширтэхдээ айх гайхах хоёрыг хослуулан буйг анзаарлаа.


Ингэхэд Арысбай ч бас өөрийнхөө биеийг сая л нэг анзаарахад толгой нүцгэн, зүүн талын хацар руу нь цус урсаж хатсан, хилэн хар дээл нь ар нуруунаасаа хага ярагдан тал бүрээсээ урагдсан, товчнууд нь тасарсан, баруун ханцуй нь сугаараа салж, гарынхаа бугуйг нэл цустай цамцаараа ороосон, өмднийх нь зүүн талын шуумаг урагдаж, цусаар будагдан эрээн алаг болсон, гуя нь бүр нүцгэрсэн, ер нь байгаа байдал кинонд гардаг дайчин эрсийн амь дүйсэн ширүүн тулалдааны үйл явдлаас ч аймшигтай харагджээ. Эхнэрийгээ тэр даруй аргадан тайтгаруулахын тулд арайхийн хүчлэн байж сулхан инээмсэглэн, «Батимаа минь, бүү ай! Зүгээр ээ, сүртэй юм болоогүй, мориноос ойчиж чирэгдсэн юм. Алив, бушуухан шарханд иод түрхэж боож аль...» гэж хэлээд гутлаа үүдэнд тайлангаа хоймор гарч, цэвэрхэн ширдгэн дээр сууж нуруугаа тэнийлгэн юм түшиж суув. Батима эл үгийг дуулмагц үг дуугүй шуурхайлан ажилд орлоо. Төрөлхийн шалмаг чанар, түргэн хөдөлгөөнөөрөө бүсгүй хүний уран зөөлөн эв дүйгээр нөхрийнхөө багагүй зовиуртай биенээс нь урагдан шороо тоос болсон хувцас хунарыг эвтэйхэн тайлж, шархнуудын захаар иод түрхэж, цэвэр самбайгаар нямбайлан ороож боогоод сая нэг уртаар амьсгаа авлаа. Шархнууд нь хүчтэй өвдөж байсан ч эхнэрийнхээ сэтгэлийг бодож шүд зуун хэвтэхдээ Арысбай «Тлеу хаа байгаа вэ?» гэж асуув. Батимагийн ямагт баяртай, тайван харагддаг царай нь цонхийсноо «Сургуульд байгаа дүү нараа эргэхээр өглөө эрт явсан...» гэв. «Тэгээд өдий болтол хаа яваа юм бол? Ирэх цаг нь болсон юм биш үү?» гэсэн асуултанд хариулсангүй, хэсэг дуугаа хураан сууснаа гэнэт уйлав. Арысбайн сэтгэлд базаахгүй санаа орж ирэнгүүт зүрхэн тушаа нь ёгхийн «Хэл л дээ тэгээд, юу болсон бэ?!..» гэж чангахан дуугарч, тэгэхдээ эхнэрээ өрөвдлөө ч зориг гарган, болсон явдлыг нэг бүрчлэн хэлэхээр шийдэж «Энэ шархнуудыг хараа биз дээ, ирвэсүүд өдөржин намайг хөөж барьж, зууж зулгааж тамлалаа ч би амьд гарч ирлээ! Гэтэл энд хэн нэгэн арай үхээгүй биз!» гэж түгшин асуув. Батима улам бүр уйлсаар ор руугаа эргэв. Хэсэг уйлж, ялимгүй тайтгарсан авч нүднээс нь урсах нулимсаа толгойнхоо алчуурын булангаар шудрангаа хоолны дугуй ширээн дээр идээ будаа, хоол авчирч тавихад, зөвхөн үнэрээр нь амны цангаа тайлам аагтай амтат цайг улаан эрээн шаазанд аягалж нөхөртөө барив. Арысбай цайгаа балгахдаа энэ насандаа ингэтэл цангаж байгаагүйгээ анх удаа мэдрэх шиг болж, яаран дахин дахин балгасаар хоёр гурван аяга цай уухад магнайнаас нь бүлээн хөлс чийхарч бие нь тавирч, хүч тамир нь сэргэх шиг болов. Өдөржин их насны морины уралдааныхтай тэнцэх хол замыг явган туулснаа, түүгээр үл барам хүч тэнцвэргүй хоёрын хоёр араатантай тулалдсанаа цай уух зуурт бодоход тийм их хүч чадал өчүүхэн хүмүүний биед хаанаас хэрхэн орж ирсэнд гайхан, эхнэрийнхээ гунихрал дүүрэн нүүр өөд сэм харан, цааш юу хэлэхийг нь догдлон хүлээж суув. Тэгтэл Батима «Тлеуг үдийн алдад машинтай хоёр сэргийлэгч хүрч ирээд аваад явсан...» хэмээн дуугаа хурааснаа, «Амбаарт байгаа ирвэсийн зулзаганы хоёр арьсыг ч бас авсан...» гэв. Арысбайн биеийн бүх шарх гэнэт шархиран өвдөж зовиурлахад шүд зуун «Хөх тэнгэр биднийг дайрчээ! Эл аюул бүхэн тэрний л харгай...» гэж шивнэх төдий хэлэв.


Батима нөхрийнхөө энэ үгэнд цочисхийж «Тэгж бүү хэл, хүүхэд юм чинь, сониучлан шохоорхоод л буудсан байлгүй! Тэд чинь чамайг бас сураглаад байсан, буугий чинь бас эрж, гэр нэгжсэн...» гэж чичирхийлсэн хоолойгоор хэлээд дахин уйлагнав.


Арысбай, эхнэрийнхээ үгийг сонсож, огт юу ч болоогүй юм шиг сэтгэл нь тайвширч, ханатлаа цайнаас ууж, харин хоол идэх дур хүрсэнгүй тул цуцаж ядарсандаа гэрийн хойморт хажуулдсан чигээр хэвтэн нойронд дийлдэж эхлэв. Батима, нөхрөө сэгсэргэн дээлээр нь хучиж өгөв. Шөнө дундын алдад сэрэхэд бүх бие нь дагжин чичирч шархнууд нь янгинан, хорсон өвдөж, халуурч буйгаа мэдсэн ч эхнэрээ босгохоос өрөвдөн шүдээ тас зуун, үг дуугүй хэвтсээр байлаа. Модон байшингийн бүгчим агаарт амьсгаа нь бачимдаж, хэдхэн хоногийн дараа зуслан руу нүүнэ гэхээс эсгий гэрийн хаяагаар нялх ногооны үнэр тээн ирж, сэтгэл санааг ариусгаж өгдөг зуны урин дулаан салхийг санагалзан хүсэмжлэв. Эсгий гэрийн үүдний өмнө гараад ирэхэд тоос шороогүй цэвэрхэн өнгө татсан ногоон зүлэг, тэртээх энгэр дээрх бут сөөг, ногоон арцны анхилуун үнэр, тэр бүгд яг одоо нүднийх нь өмнө харагдах мэт болж цээж дүүртэл амьсгаа аван, толгой өндийлгөхөд гэрийн гадна машины хүнгэнэх дуу сонсдов. Батима мал хараа эргэхээр гадагш гарсан байв.


«Энэ юун улс юм бол?» хэмээн гайхасхийн, дээлээ мөрнөөсөө гулсуулангаа, шарханд зовиурлан өвдсөн биеэ арайхийн хөдөлгөж, завилан суух ч тэнхээгүй, хөлөө жийн үүд рүү харав. Хаалга чахиран нээгдэж, босгоор хагас түрийтэй ботинктой хүн, хойноос нь дугариг ногоон оройтой, улаан бүслүүр бүхий саравчтай малгай өмссөн сэргийлэгч эр орж ирэнгүүт хойморт суугаа гэрийн эзэнд хандан, «Амар сайн байна уу?» гэж мэндэллээ. Мөрөн дээрх мөрдсөнд нь дөрвөн таван хошуу харагдах нь ахмад цолтой нэгэн байв. Энэ сэргийлэгч өөрийг нь авч явахаар ирсэн биз гэж бодоход Арысбай дотор хүйт оргиж, дуу хоолой нь ялимгүй чичирхийлэн «Сайн сайн, өөдөө суугтун...» гэж хариу хэлэв. Сэргийлэгч толгой сэгсрээд, «Та хувцсаа өмсөөд бидэнтэй цуг явна аа. Цагдан сэргийлэх хэлтсийн даргын тушаал. Таны хүү хориотой ан агнасантай холбоотой хэрэг. Буугаа авч явна шүү!..» гэж сануулав. Энэхэн үеэр эрээн цэнхэр халаад өмссөн Батима ч үнээгээ саагаад, хувинтай сүү гартаа барьсаар нээлттэй хаалгаар орж ирэв. Сэргийлэгч толгой дохин мэндлэв. Эхнэрийнх нь царай хувхай цайн нөхөр рүүгээ харав. Арысбайн шархнууд нь шархирч өвдөн, зовиурлан янгуучлах дуу гарсан ч шүд зуусаар суудлаасаа босч, «Батима, намайг хуцаслаад аль! Дуудсан гэнэ, очоод ирье. Гайгүй биз, их л болж торгууль тавина. Санаа бүү зов оо. Харин нүүдэл суудалдаа бэлдэж байгаарай...» гэж эхнэрээ тайтгарууллаа. Энэ үеэр сэргийлэхийн цагдаа гадаа гаран хүлээж байв. Батима үг дуугүй, нүднээсээ тунгалаг нулимс бөмбөрүүлсээр хурдан хөдөлж хойморт хураалттай байсан улаан хурган дээлийг авч шархыг нь аль болох хөндөхгүйгээр хоёр гарыг нь ханцуйнд нь эвтэйхэн шургуулан өмсгөж, цаханд өлгөөстэй мөнгөн тоногтой бүсийг нь бүсэлж өгөв. Толгойд нь зуны годон малгайгий нь тавьж, үүдэн дээр очиж гутлыг нь түрийнээс нь хоёр гараар татсаар өмсгөв. Арысбай гадаа гарахад бараг гэрийн хаалганд тулсан хөнгөн тэрэгний хажууд зогсох мөнөөх ахмад өөрийг нь нүд нь бүлтийтлээ ширтэж байгааг анзаарав. Машины жолооч ч бас тийм маягийн ногоон малгайтай эр өөрийг нь өнгийн харж суулаа. Зүүн зүгт униар татсан намхавтар уулсаас нар эгц дээшээ хөөрчээ. Бууцны үнэр ханхалсан хотны орчимд мал үлдээгүй, ганц хоёрхон хэнз хурга, ишиг үсэрч харайн тоглон тонгочиж байлаа.


«Танд юу тохиолдсон вэ, мориноос ойчив уу?» гэж цагдаагийн ахмад эргэлзэнгүй нүдээр харангаа гайхасхийн асуув. Арысбай «Тийм ээ, өчигдөр алдуул адуу хайж яваад мориноос ойчсон. Морь үхэж ууланд хоцорсон. Буу ч тэнд үлдсэн...» гэхдээ болсон бүх явдлыг очсон хойноо яръя гэсэн янзтай байв. Тэрээр машины арын суудалд нуруугаараа налж суув. Хуучин тэрэг бензиний үнэр ханхлуулсаар ассан хойноо хотод ойр нүцгэн цагаан замд орж, зүүн зүг рүү хотын төвийг чиглэн давхилаа. Урд талын суудалд суугаа хоёр залуу түрүүний дутуу орхисон яриагаа цааш залгуулан үргэлжлүүлсэн янзтай хоорондоо ярилцан


«Үгүй дээ, ноднингийн цоохрыг өнөө жил уяж сойхгүй шүү, Батаагаас намар худалдаж авсан бор үрээгээ барьсан, өвөл хавар тарга тэвээрэг сайтай гарсан, эхлээд сойж хатаагаад хэд хоног унамаар байна. Наадам хүртэл сар хагасын зай бий. Харин хурдан цоохрыг наадам дөхүүлөн байж болно, түүнийг намар нэлээд унасан болохоор туранхай харагдсан». Ахмад ч мөн адил өөрийнх нь ахын хурдан морины тухай хууч хөөрсөөр эцэс сүүлдээ «Аймгийн наадам, цагаан сарын баярын барилдаанаар түрүүлсэн Дорж одоо энэ жилийн наадмаар арслан цол хүртнэ байх аа...» хэмээн хоорондоо үе үе марган, яриа нь улам цааш өрнөсөөр байвай. Хоёр цаг явж төв хотхоны бараа харагдлаа. Энд тэнд ургасан хэсэг хэсэг дэрс, цайвар харганатай, зүлэг ширэг нь тааруу нүцгэн тал газар дахь суурингийн хамгийн захын шохойдсон жижиг цагаан байшингууд, гэр хороолол, тэрний цаад талын улиас, бургасан дундах төмөр дээвэртэй байшингууд бол захиргаа, сургууль, эмнэлэг, бусад албан байгууллагын барилгууд юм.


Машин хот дотор ормогц Арысбай урд талд суугаа ахмадад «Намайг эхлээд эмнэлэгт хүргэвэл ямар бэ, шарх их өвдөж зовоогоод байна» гэж сөөнгөдүү нам дуугаар хэлэв. Цагдан сэргийлэхийн офицер малгайныхаа саравчийг гараараа барингаа хойшоо эргэж «Ах минь, эхлээд цагдан сэргийлэх хэлтсээр ороод гарна, эмнэлэгт дараа нь очно, бидэнд хурдан ирэхийг даалгасан...» гэж аргаа барсан янзтай өгүүлэв. Хүрэн өнгөөр будсан хоёр давхар, ногоон дээвэртэй албан байгууллагын үүдэнд хүрээд машин ч зогсов. Ахмад яаран бууж машины арын хаалга нээж өгөв. Арысбай эхлээд хоёр хөлөө нэгэн зэрэг буулгаад газарт хүргэснээ, гараараа машины хатавчийг түшсээр аяархан хөдөлж, ахмадын «Ийшээгээ» гэж эрүүгээрээ дохьсон зүг рүү явж гаднах том хаалгаар дотогш оров. Үүдний өрөөний жижүүрийн ширээний дэргэд суугаа харуул “Цааш явж болно...” гэсэн янзтай толгой дохив. Арысбай ахмадын хойноос дагахад банзан шалыг гутлын төмөр тах тас тас хийн доргиосоор, агаар нь бүгчим байшингийн эвгүй үнэрийг илт үл таашаан бүгшүүлэн ханиалгасаар цааш явав. Хоёр давхарт гарч иртэл уртаашаа олон хаалгатай хонгилоос цагдаагийн дүрэмт хувцастай залуу цагдан сэргийлэгчид, мөн сэргийлэгчийн хувцастай мөртлөө богино хормойтой саарал цамц өмсөж, гэзэг үсээ тайрсан бүсгүйчүүд хөдөөний хувцастай Арысбай руу сониучлан нүд гүйлгэн харцгааж хажуугаар нь зөрсөөр байв. Хонгилын хамгийн мухарт харагдах цонхонд хүрэхэд баруун тийш эргэсэн бас нэг өргөн, тусгаар хонгилд өөд өөдөөсөө харсан хоёр хаалга харагдав. Зүүн талын хаалганы хажууд урт сандал тавьжээ. Ахмад, Арысбай өөд хараад «Энд суугаад хүлээж байя...» гэсэн дохиогоор тэр сандал руу зааж, өөрөө дотогшоо орж явчихав. Хэсэг зуурын дараа мөнөөх ахмад хаалгыг хагас нээж «Та наашаа ороод ирнэ үү!..» гэв.

 

АБАЙ МАУХАРА

 

Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн. 1980 онд АУДС төгсөж Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Баян-Өлгий аймгийн Алтай, Булган сумуудад их эмчээр ажиллаж байгаад 1991 онд Казахстан улсад хөдөлмөрийн гэрээгээр нүүж, өдгөө Алмата хотод амьдарч байна.


Казахстаны Зохиолчдын Эвлэл, Монголын Казах зохиолчдын Холбооны гишүүн. 1984 онд Д.Мягмарын «Үер» тууж орчуулж Өлгийд хэвлүүлсэн, мөн О.Дашбалбарын «Уулс минь», Баабарын «Бүү март!» зэрэг зохиолыг орчуулсан. Монголын Ардчиллын ахмад зүтгэлтэн.  


Ерээд оноос Казахстаны «Шалхар» сонинд Монголын казахуудын тухай «Зуун жилийн нүүдэл суудал» нэртэй түүхэн эссе, мөн улсын «Ана тили» (Эх хэл), улс хоорондын «Казах ели», «Zaman-Казахстан» сонин болон «Ансар» шинжлэх ухаан, танин мэдэхүйн (1995-2007) сэтгүүлд редактораар ажиллахдаа үндэсний ёс заншил уламжлал, харь орнууд дахь казах түмний түүхэн амьдралын болон монголын тухай олон арван нийтлэл, угсаатны зүйн өгүүллүүд нийтлүүлжээ. Лувсанданзангийн «Алтан товч»-ыг орчуулж 1998, 2009 онд Алмата хотод, 2004 онд «Сувашид» зохиолыг Астанад, 2010 онд Ц.Доржготовын «Улаан орхимжны давалгаа» роман, 2018 онд Зян Руны «Чонон сүлд» зэрэг романыг казах хэлнээ орчуулж тухайн улсын уран зохиолын сэтгүүлүүдэд хэвлүүлж, 2013 онд Түрк гаралтай эрдэмтэн Саид Нурсийн Гэгээн Кураны тайлбар болох «Гүн утгатай үгс» хэмээх томоохон зохиолыг орчуулж Улаанбаатар хотноо хэвлүүлэн Ислам шашныг сонирхдог олны хүртээл болгожээ. 2006 оноос «Фейз», «Нур Мүбарак» зэрэг хэвлэлийн газруудаас гарсан Исламын танин мэдэхүйн ном судрын редакторын алба хашиж иржээ. “Алтайн бартай тулалдсан Арысбай” тууж нь амьдралд тохиолдсон бодит үйл явдал дээр үндэслэгджээ. Туужид зохиолын гол баатар Арысбайн туулсан зам, түүний адуучин ахуй амьдрал, Алтайн нуруунд тархсан уулын бар болох ирвэс хэмээх ховор араатны онцгой аж төрх болон тухайн газар нутагт зохицсон адуун сүргийн байдлыг сонирхолтой дүрслэжээ. Тууж өмнө нь Казахстаны «Мадениет порталы» (Соёлын портал), уран зохиолын бусад сэтгүүлд нийтлэгдэж, 2021 онд Алмата хотод казах хэлээр тусгай ном болон хэвлэгдэж уншигчдаас өндөр үнэлэлт авсан байна.



Зохиолч, орчуулагч Х.Хангайсайхан