Токио- 20/21 олимпын тамирчин, ОУХМ
Холимог хосын төрөлд Хятадын Ван Чучин- Сүн Инша нарын хос, ганцаарчилсан төрөлд Чэнь Мэн (эм), Фан Зэдон( эр) нар түрүүллээ. Тэд багийн аваргын алтан медаль л авах үлдлээ. Эмэгтэй нэгбүрчилсэн төрөлд Хятадын хоёр теннисчин финалдаж, Чэнь Мэн нутаг нэгт Сүн Иншаг /Sun Yingsha/ -г 4:2 харьцаагаар хожиж олимпын хоёр дахь алтан медалиа авлаа. Ингэснээр тэрээр олимпод дараалан түрүүлсэн гурав дахь тамирчин боллоо. Тэд гурвуулаа Хятадын тамирчид юм.
- Дэн Япинг( Deng yaping) 1992, 1996
- Занг Ининг ( Zhang yining ) 2008, 2012
- Чэнь Мэнг (Chen meng ) 2020, 2024 ( Токио, Парис)
Чэнь Мэний хувьд дээрх хоёр тамирчинтай зэрэгцэхийн тулд дор хаяж дэлхийн аваргад хоёр удаа түрүүлэх шаардлагатай. (Занг Ининг хоёр, Дэн Япинг дэлхийн гурван удаагийн аваргууд юм.) Энэ бол Чэнь Мэний хувьд хатуу болзол. Учир нь Токиогийн олимпоос хойш Чэнь Мэний амжилт буурч, байр сууриа Сүн Иншад алдсан. Энэ жилийн олимпод Сүн Иншаг түрүүлнэ гэдэгт Хятадын ширээний теннисний ертөнц итгэлтэй байсан. Түүнийг нь Чэнь Мэн эвдлээ. Магадгүй өөр итгэж байсан хүн түүний хүүхэд ахуй цаг болон шигшээ багийнх нь дасгалжуулагч Ма Лин байсан ч байж болно. Хятад улс хоёр тамирчнаа олимпын нэгбүрчилсэн төрөлд сойх шийдвэр гаргахад Чэнь Мэнг дэмжсэн хүн бол Ма Лин гэдэг. Ялангуяа Ван Манюг дэмжигчид энэ шийдвэрийг ихээхэн эсэргүүцэж байсныг санаж байна. Гэвч тэд алдсангүй.
Олимпын хошой аварга болсны дараахан:
-"Энэ бол ялагдагчгүй финал. Учир нь бидний хэн нь ч түрүүлсэн Хятад улсын далбаа мандах байсан. Тиймээс нэг талаас сэтгэл амар, нөгөө талаам маш их хүч шавхсан финал боллоо. Би өөрийгөө хожно гэж огт төсөөлөөгүй. Насны зөрүү, сүүлийн гурван жилийн үзүүлэлтээ тооцсон ч, би аль ч талаараа дутуу байсан. Хоорондын тоглолтод ч би ердөө л ганц нэг удаа хожсоноос цаашгүй. Тоглолтын ур чадвар, техник, арга барил гээд бүх талаараа надаас илүү тоглогч. Хэдий тийм ч өмнө нь аварга болж үзсэн надад алдах юм байгаагүй. Тиймээс биеэ барилгүй, сурсан бүхнээ гаргаж, өрсөлдөгчийнхөө давуу талыг дарж, зоригтой тоглосны хүчинд ялалт байгууллаа.
Би ийм том өрсөлдөгчөө ялж чадсандаа туйлын баяртай байна. Олимпод дахин оролцох боломжийг олгож, намайг дэмжсэн шигшээ багийн хамт олон, фанатууддаа туйлаас баярлалаа" гэж Чэнь Мэн ярилцлага өглөө.
Харин Парис-2024 олимпын ганцаарчилсан төрөлд ногт ганзгалж ирээд, мөнгөн медаль дээр буусан Сүн Инша "Юуны өмнө Чэнь Мэн эгчдээ олимпын аваргаа хамгаалсанд баяр хүргэе. Төрмөл аварга гэдгээ харууллаа. Миний хувьд маш том сургамж болов. Тав дахь өргийг тэргүүлж яваад хожигдсоноос тоглолт бүрэн эргэлээ. Цаашид улам хичээх болно" гэж сэтгэл дундуур үлдсэнээ хуваалцлаа.
Харин Өмнөд Солонгосын Шин Юбиныг ялж, олимпын анхны хүрэл медалийн эзэн болсон Японы тамирчин Хина Хаяата "Сүн Иншатай тоглох үедээ бугуйндаа бэртэл авсан. Бэлтгэл хийх байтугай үсээ ч сэнсдэж хатаах чадваргүй болсон. Хүрэл медалийн тоглолтын өмнө өвчин намдаах тариа хийлгэж, талбайд гарсан. Өвчнөө бага мэдрэх болсон тэр боломжийг ашигласан. Мөрөөдөлдөө хүрч чадсандаа баяртай байна.
Токиогийн олимпод Мимо Итогийн бие халаагчаар оролцох үеэс нэг зүйлийг ухаарсан. Тэдний өмнө гишгэх ёстой юм байна гэдгийг. Учир нь Миу Хирано Дэлхийн цомын аварга, Мимо Ито олимпын аварга болцгоосон. Нэг үеийн тэдгээр тамирчдаас илүү гарахгүй бол насаараа дарагдах аюул ойрхон байсан. Тиймээс өөртөө зорилго тавьж, багшийн хамт маш их хичээсэн. Дасгалжуулагч багштайгаа 10 жил хөдөлмөрлөсний үр шимийг өнөөдөр л амслаа.Сайхан байна" гэж хэллээ.
Э.ЛХАГВАСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл2
Хөршөөсөө сурлцмаар юм.
Khynees surakh bish, eeriigee daichilj sur.