sonin.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв.


Хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотлоод өнгөрөгч сард АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр яригдсан зүйлүүдийг ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй санал солилцож, дараах тохиролцоонд хүрэв.



Тухайлбал, монголын англи хэлний багш нарыг мэргэшил дээшлүүлж, чадавхжуулах мэргэжлийн төвийг Улаанбаатар хотноо нээхээр тохиролцов. Түүнчлэн Монгол Улс, АНУ-ын Эрчим хүчний яриа хэлэлцээг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцохоор болов.





Мөн 2020 онд байгуулсан Монгол Улс, АНУ хоорондын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г 2025 он хүртэл сунгахаар шийдвэрлэв.




Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хамтарсан мэдээлэл хийв.



АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад 8 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм.



Хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хамтарсан мэдээлэл хийх үеэр Энтони Блинкен: "АНУ нь Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд хоёр орны харилцаанд онцгой анхаардаг.

Өнөөдөр манай хоёр улс бүх талаар нягт харилцаатай болж байна. Бид эдийн засгийн замын зураглал гаргаж, нийлүүлэлтийн сүлжээ болон эдийн засгийн хамааралтай байдлыг бууруулах, ажлын байрыг шинээр бий болгоход хамтран ажиллах болно.

Мянган сорилтын сангийн гэрээний дагуу түншлэлээ улам өргөжүүлнэ гэж найдаж байгаа илэрхийлье. Энэ гэрээний дагуу Монгол Улсын усны хангамжийн нөөцийг 80 хувиар нэмэгдүүлнэ. Ингэснээр манай хоёр орны бизнесийн түншлэл шинэ шатанд гарна гэж бодож байна.  

Өнгөрсөн долоо хоногийн айлчлалын үр дүнд хийсэн гэрээгээр хоёр улсын худалдаа, аялал жуулчлалын салбар илүү өргөжинө.


Мөн манай улсад хэдэн мянган Монголчууд ажиллаж, суралцаж байна. Үүний нэг жишээ нь танай Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ билээ.


Тиймээс Монгол Улсад англи хэл сурах боломжийг нэмэх нь чухал. Үүнтэй холбоотойгоор Монголд англи хэлийг төгс эзэмших санаачилгыг зарлаж байна. Энэ хүрээнд ахлах сургуулиудад англи хэл заах, их дээд сургуульд англи хэл заах багш, хүний нөөцийн асуудалд анхаарна. 

Мөн их сургуультай хамтран англи хэлний сургалтын төвийг шинээр байгуулна. Энэ төвийг бид Их Британи, Австрали, Канад болон "Google"-тэй хамтран хэрэгжүүлнэ.

Монгол Улс нь 35 жилийн өмнө сонгууль зохион байгуулж, Ардчиллын замыг сонгосон. Бид ардчиллыг илүү бэхжүүлэхэд нь туслана. Үүний хүрээнд сайн засаглал, хууль дээдлэх ёс, авлигалалтай тэмцэхэд болон хүний эрхийн суурь эрх чөлөөний асуудал дээр дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлье.


Энэ хүрээнд шашин шүтлэг, эмзэг бүлэглэлийн эрх ашгийг хамгаалахад цаашид анхаарна. Тэр тусмаа хүний наймааны хохирогч болсон болсон хүүхдүүдийг хамгаалах зайлшгүй шаардлагатай. 

Тиймээс ирэх жилүүдэд хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ." гэсэн юм.