sonin.mn

Олон улсын математикийн 65 дугаар, биологийн 35 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож, амжилт үзүүлсэн багш, сурагчдыг Боловсролын сайд хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын үеэр "Биологийн олимпиад хамгийн төвөгтэй, хүнд байдаг" талаар багш, дасгалжуулагч нар ярьжээ.


Хими, физик, математикийн өндөр суурьтай хүүхдүүд биологийн олон улсын олимпиадад шалгарч амжилт үзүүлдэг. Улсын олимпиадын даалгаврыг олон улсын жишигт нийцүүлж, сурагчдын онолын мэдлэгийг ахиулахад анхаарч, улсын олимпиадын зохион байгуулалтад шинэ арга, технологи нэвтрүүлж ажилласнаар сайн үр дүнгүүд гарч байгааг дурдав.


Сүүлийн долоон жилийн хугацаанд Монголын сурагчид олон улсын математикийн олимпиадаас 6 алт, 10 мөнгө, 21 хүрэл, 3 тусгай байр эзэлсэн байна. Энэ хугацаанд оролцсон 42 сурагчаас 40 сурагч нь медальт болон шагналт байрт шалгарсан бол олон улсын биологийн олимпиадаас 1 мөнгө, 10 хүрэл медаль хүртэж, 1 тусгай байрыг эзэлсэн амжилтыг үзүүлжээ.




   

Боловсролын сайд П.Наранбаяр "Та бүхний мөрөөдөлд хязгаар үгүй гэдэгт итгэж байна. Олимпиадад амжилт үзүүлэх нэг зүйл. Математикийн шинжлэх ухаан, биологийн шинжлэх ухааны хөгжлийн талаар бодож, өөрийн хувь нэмрийг оруулаарай гэж хүсье. Та бүхнээр бахархаж байна. Дэлхийн томоохон их сургуулиуд та бүхнийг урих нь дамжиггүй" гэв.



Монгол Улс олон улсын математикийн олимпиадыг 2029 онд эх орондоо зохион байгуулах бол олон улсын биологийн олимпиадыг манай улсад зохион байгуулах санал тавьжээ.