Аргентины Спортын дэд сайд Хулио Гарро-г албан тушаалаас нь огцруулсан тухай Ерөнхийлөгч Хавьер Милейгийн Тамгын газраас нийгмийн сүлжээн дэх хуудсандаа мэдээлжээ.
Учир нь, францчуудын талаар арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай дуу дуулсан Аргентины хөл бөмбөгийн шигшээ багийн хэд хэдэн тоглогчдын өмнөөс уучлал гуйхыг дэд сайд Гарро багийн ахлагч Л.Мессид хандан уриалсан байна.
Болсон явдлыг өгүүлвээс, Аргентины шигшээ багийнхан даваа гарагт шилжих шөнө болсон финалын тоглолтонд Колумбын багийн 1:0 харьцаагаар ялсныхаа дараа Аргентины шигшээ багийн хөгжөөн дэмжигчдийн зохиосон дууг дуулсан байна. Уг дууг 2022 оны ДАШТ-ний Аргентин-Францын шигшээ багуудын хооронд болсон финалын тоглолтын өмнө зохиожээ. Дуунд өгүүлснээр, Францын шигшээгийн бүх тоглогч Ангол гаралтай бөгөөд трансжендерүүдтэй хамтран амьдардаг ажээ. Энэ дууг хэд хэдэн тоглогч дуулж буй бичлэг Инстаграмм хуудсаар цацагдсан нь шүүмжлэлд өртсөн байна.
Лхагва гарагийн өглөө дэд сайд Гарро Urbana Play радиод ярилцлага өгөх үеэрээ, багийн ахлагч Л.Месси, Аргентины хөл бөмбөгийн холбооны тэргүүн Клаудио Тапиа нарт хандан уучлал гуйхыг уриалжээ. Үүний дараахан тэрбээр ийм уриалга гаргаагүй хэмээн Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн боловч үүнээс хэдхэн цагийн дараа түүнийг огцруулсан тухай мэдэгдэл гарсан байна.
“Дэлхийн аварга, Америк тивийн хошой аварга Аргентины шигшээ багийнханд эсвэл хэн нэгэн иргэн хүнд юу бодож, юу хийхийг зааж зааварлах эрх аливаа засгийн газарт байхгүй” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэгдэлд дурджээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл2
Үнэний ортой дуу байж, даанч ардчилсан коммунистуудын хавчлагад өртөж
Энэ тэгээд тийм чухал мэдээ юм уу ? МАНГАР Амьтан.