Ирэх долоо хоногт Францын нийслэлд нээгдэх Олимпын наадмын задгай усан санд явагдах тэмцээнүүдийн шаардлагыг Сена мөрний ус хангаж байна гэдгийг батлан харуулахын тулд Парис хотын дарга Анн Идальго уг мөрөнд сэлжээ. Өмнө нь хийсэн усны шинжилгээгээр бактерийн бохирдлын түвшин өндөр байсан бол өнөөдөр мөрний ус эрс цэвэршсэн байна. Үүнийг батлахын тулд өдгөө 65 настай хатагтай Идальго сэтгүүлчид ба олон нийтийн өмнө 100 м зайг чөлөөт сэлэлтээр туулсан бөгөөд ингэхдээ зарим хэсэгт усан доогуур шумбаж байжээ.
“Голын усыг цэвэршүүлэхийн тулд бид маш их зүйлийг хийж, шаргуу ажиллалаа. Үүнийг зөвхөн хамтдаа сэлэхийн төлөө бус харин гараг дэлхийнхээ сайн сайхны төлөө, гол мөрөн, тэнгис далайгаа хамгаалахын төлөө хийсэн” гэж Парис хотын дарга онцлон хэллээ.
Үзүүлэх сэлэлтэд “Парис-2024” Олимпын наадмын зохион байгуулах хорооны дарга, каноэ завины төрөлд Олимпын 3 медаль хүртэж байсан Тони Эстанге оролцсон байна. Тэрбээр хэлэхдээ “одоо бид Сена мөрөн дээр Олимпын уралдаан тэмцээнийг зохион байгуулахад бэлэн болсон” гэв.
Бохирын хоолойнуудаас Сена мөрөн рүү ус асгах явдлыг зогсоохын тулд Парис хотын захиргаа 1,4 тэрбум евро зарцуулсан хэдий ч усыг цэвэршүүлэхэд цаг хугацаа хангалтгүй байсан гэж зарим хүмүүс үзэж байна.
Хотын мэрийн үзүүлэх сэлэлтийг 6 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч усан дахь бактерийн бохирдлын хэмжээ нь зөвшөөрөгдөх түвшнээс 10 дахин их байсан тул сэлэлтийг хойшлуулжээ. Энэ удаад хотын даргатай хамт Сена мөрөнд сэлэхээр төлөвлөж байсан Ерөнхийлөгч Э.Макрон саяхан болсон парламентын сонгуулийн дүнгээс шалтгаалан ажил ихтэй байгаа тул сэлэлтэд оролцох боломжгүй гэдгээ сүүлчийн мөчид мэдэгдсэн байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл2
Cena meren ikhe bohir s dee!haana ni baisan yum boldoo?....
Маш бохир устай Сена мөрөнд сэлж дээ Идальго.