sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 15 /CNN/. Аргентины шигшээ баг Колумбийг нэмэлт цагт 1:0-ээр хожсоноор Америкийн хөл бөмбөгийн цомын тэмцээнд /Копа Америка/ тэмцээнд түрүүллээ.


АНУ-ын Флорида муж улсын Майами хотын “Хард Рок” цэнгэлдэх хүрээлэнд болсон финалын тоглолт хөгжөөн дэмжигчид тасалбаргүй орохыг оролдсоноос үүдэлтэй аюулгүй байдлын асуудлын улмаас товлосон цагаас 1.5 цаг орчмоор хоцорч эхэлсэн байна.


Өмнөд Америкийн хөл бөмбөгийн холбооноос /КОНМЕБОЛ/ зохион байгуулсан тэмцээний финалд сүүлийн 61 тоглолтод хоёрхон удаа хожигдсон Аргентины шигшээ багийнхан 28 тоглолтод хожигдоогүй байсан Колумбийн багийг Лаутаро Мартинезийн 112 дахь минутад оруулсан гоолоор буулган авчээ.


Аргентины од Лионель Месси тоглолтын 64 дэх минутад хөлөндөө бэртэл авсан тул 66 дахь минутад Николас Гонзалес түүний оронд талбайд гарч ирсэн байна. Түүнчлэн тоглолтын завсарлагааны үеэр Колумбийн алдарт поп дуучин Шакира уран бүтээлээ толилуулжээ.


Энэ удаагийн тэмцээнд ялалт байгуулснаар Аргентины шигшээ 16 дахь түрүүгээ авч, тэмцээний түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн баг боллоо. Аргентинчууд өмнө нь 1921, 1925, 1927, 1929, 1937, 1941, 1945, 1946, 1947, 1955, 1957, 1959, 1991, 1993, 2021 онд “Копа Америка”-гийн цомыг хүртэж байсан билээ. 



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг