sonin.mn

“Зууны мэдээ” сонин “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох тамирчдыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад жүдо бөхийн ОУХМ, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин Ё.Басхүүг онцолж байна.

 

Түүнийг олимпын дэвжээ хүлээж байна

 

Ё.Басхүү нь дэлхийн хошой медальтан болсон Монголын гурав дахь эрэгтэй жүдоч. Түүний хувьд 2019 онд анх удаа ДАШТ-д зодоглохдоо тавдугаар байр эзэлсэн. Одоогоос гурван жилийн өмнө Азийн аварга болсон. Анх улсын аваргад барилдахдаа хүрэл медалиас мултарсан нь илүү хичээх шалтгаан болсон гэхэд хилсдэхгүй. Түүний амжилт тасралтгүй үргэлжилсээр. ДАШТ болон азийн наадам, их дуулга барилдааны амжилтаараа өнгөрсөн онд “Бөртэ чоно” наадмын шилдэг тамирчнаар шалгарсан. Тэрээр удахгүй болох “Парис-2024” олимпод 66 кг-ийн жинд хүч үзнэ. Сонирхуулахад, 107 орны 357 бөх жүдогийн татамид өрсөлдөхөөр болжээ. Ё.Басхүү “Токио-2020” олимпын шөвгийн наймд Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан. Энэ удаа алдаагаа давтахгүйгээр олимпын медаль атгана гэдэгт бөх сонирхогчид итгэж буй. Гавьяат тамирчин ч өөрийгөө дайчилж амжилт гаргахын төлөө зоригтойгоор олимпын дэвжээнд барилдана.

 

Бага насны мөрөөдлөөрөө тамирчны замналыг сонгожээ

 

ОУХМ Ё.Басхүү Завхан аймгийн Нөмрөг суманд төрж, өссөн. Түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарди М.Баяржавхлан. Гарди Ё.Басхүүгийн өвөөгийн ойрын хамаатан гэдэг. Харин жүдогийн анхны багш нь аймгийн заан Г.Батцэрэн. Хотод ирэхдээ “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багшид шавь оржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын удирдлага дор бэлтгэлээ базааж байна. Багаасаа барилдах дуртай байсан Ё.Басхүү жүдогоос гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Уйгагүй хичээл зүтгэл, мөрөөдлөөрөө жигүүрлэж яваа тамирчны нэг билээ. Гаргасан амжилтаасаа урам авч урагшилдаг онцлогтой нэгэн. Түүний барилдааныг үзэхэд огшихгүй, бахархахгүй байхын аргагүй. Сахилга баттай тамирчин гэдгийг нь олон хүн хэлдэг. Ямар ч үед бэлтгэлээ тасалдаггүй, тууштай жүдочийн өмнө олон дэвжээ хүлээж байна. Тэр хичээсээр...

 



Баатарын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин