sonin.mn

“Зууны мэдээ” сонин “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох тамирчдыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа жүдо бөхийн ОУХМ, үндэсний шигшээ багийн -100 кг-ын тамирчин Б.Гончигсүрэнг онцолж байна.

 

Түүний амжилт үргэлжилсээр


Б.Гончигсүрэн нь бөхийн ертөнцөд амжилтын богц дүүрэн яваа тамирчдын нэг. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард Турк улсын Анаталья хотод зохион байгуулсан жүдо бөхийн “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Их дуулга тэмцээнээс хоёр дахь удаагаа медаль хүртсэн нь энэ. Түүнийг бөх сонирхогчид олимпын итгэл найдвар хэмээж итгэл хүлээлгэж, дээлийнх нь захыг мушгиж суугаа. Тэрээр олимпын дэвжээнд -100 кг-ын жинд эх орноо төлөөлөн хүч үзнэ. Б.Гончигсүрэнгийн амжилт тасралтгүй үргэлжилсээр яваа. 2022 онд гэхэд Казахстаны Нурсултан хотод зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Мөн өнгөрсөн онд Азийн наадмаас хүрэл медаль авч бэлтгэл сайтай байгаагаа баталсан. Өнгөрсөн хоёрдугаар сард “Оны шилдэг оюутан тамирчин”-аар шалгарсан удаатай. Б.Гончигсүрэн дэвжээнд гараад өөртөө итгэлтэй, санасан бодсноо хийж, дайчин барилддаг. Залуу нас нь чимж, бэлтгэл нь чамбайрсан хөдөлмөрч, зорилготой бөх гэдэгтэй хэн ч маргахгүй. 

 

Үндэсний бөхийн аймгийн начин



Б.Гончигсүрэн бөхийн өлгий нутаг Архангай аймгийн Хотонт сумын харьяат. Жүдо бөхөөр хичээллэхээс гадна үндэсний бөхөөр чамгүй сайн барилддаг аймгийн залуу начин юм. Тэрээр цолгүй бөх байхдаа Бөхийн өргөөнд сумын заан болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд гурван удаа түрүүлсэн. Энэ үеэс бөхдөө хайртай монгол түмэн түүнийг таньдаг болж, итгэл хүлээлгэсэн. Өнгөрсөн жилийн Говьсүмбэр аймгийн наадмыг зорьж тав давж начин цолны эзэн болсон. Мөн он гараад нэгдүгээр сард аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаанд түрүүлж үндэсний бөхийн амжилтаа ахиулсан. Жүдо суурьтай учраас үндэсний бөхөөр давуу талаа ашиглаж барилддаг гэж хэлж болно. Түүнийг олон наадам хүлээж буй. Удахгүй том цолонд хүрч нутаг ус, монгол түмнийхээ магнайг тэнийлгэх өдөр айсуй.


Баатарын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин