sonin.mn

“Парис-2024” олимпын наадам айсуй. Дэлхийн өнцөг булан бүрд олимпын эрх олгох тэмцээнүүд үргэлжилж байна. Одоогийн байдлаар Монгол Улсаас 15 тамирчин эрх аваад байгаа. Тэднээс энэ удаад байт харвааны төрөлд олимпын эрхээ өвөртөлсөн Б.Отгонболдын тухай “Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа онцолж байна.  

 

Азийн аварга

 

Байт харвааны тамирчин Б.Отгонболд өнгөрсөн жил Азийн наадамд оролцсон Монголын тамирчдаас анхлан алтан медалийг хүртэж, Парис хүрэх замаа нээсэн юм. Тэрээр Азийн наадмын үеэр олимпын медальт Такахару Фүрүкава, Тан Чи Чун нарыг дараалан ялсан нь хэдийнэ дэлхийн хэмжээний, шилдэг харваач болсныг нь илтгэсэн. Б.Отгонболдын хувьд үүнээс өмнө Улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж, 2015 онд дэлхийн цэргийн Их наадмаас холимог багийн төрөлд алтан медаль, 2018 онд Азийн цомын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль, Азийн наадмын сорилго тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байсан юм. Түүний хичээллэдэг “recurve” төрөл өмнө нь дөрвөн зайнаас харвадаг байсан бол одоо олимпын зай буюу 70 метрээс харвадаг болжээ. 70 метрийн гадаа талбайн харвааны бай нь 1.3х1.3м хэмжээтэй. Харин заалны зай 18 метр байдаг юм байна. Анх сурч байгаа хүмүүст бай их амархан харагддаг ч хичээллээд эхэлбэл тамирчнаас тэвчээр, хараа, сэтгэлзүй шаардсан хүнд спорт гэж Б.Отгонболд онцолсон юм. Байт харвааг буруу техникээр харавбал гэмтэх магадлал өндөр ажээ. Өөрийн нас, биеийн жиндээ тохирсон нумаар харвах нь эрсдэлээс хамгаалах хамгийн зөв арга гэнэ. Нум 2-3 кг жинтэй. Хөвчөө татахаар 20 кг ачааг өргөж байгаатай дүйцдэг юм байна. Тамирчид өдөрт дээд тал нь 500 сум харвадаг гэж бодохоор энэ нь өдөрт 10 тонн ачаа өргөсөнтэй тэнцэх ажээ.

 

Хоёр дахь олимп

 

Б.Отгонболд анх 2009 оны хоёрдугаар сард “Алдар” спорт хороонд хөл тавьжээ. Тухайн үед Ю.Ганзориг дасгалжуулагч байт харваагаар хичээллэх сонирхолтой хүүхдүүдийг хайж сургуулиудаар явж байсан аж. Тухайн үед Б.Отгонболд Нийслэлийн 53 дугаар сургуулийн сурагч байжээ. Ингээд хүүхдийн сониуч зангаар ямар спорт байдгийг нь мэдэх хүсэлдээ хөтлөгдөн анх байт харвааны секцэнд бүртгүүлсэн гэдэг. Анх дунд сургуулийн сурагч байсан тул өглөө хичээлдээ сууж, өдөр нь бэлтгэл рүүгээ яаран очдог байсан гэнэ. Ингээд орой болтол бэлтгэл хийгээд, гэртээ хариад даалгавраа хийдэг байжээ. Ийнхүү дунд сургуулиа төгсөөд 2013 онд ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуульд геодезийн мэргэжлээр суралцаж эхэлсэн байна. Гэтэл 2014 оноос амжилт сайжирч эхэлсэн тул сургуулиасаа чөлөө авч, бэлтгэлдээ шамдах болсон байна. Б.Отгонболдын хувьд энэ удаагийн олимп хоёр дахь боломж нь. Учир нь тэрээр 2016 онд олимпын эрхээс атгаад алдсан бол 2020 оны Токиогийн олимпод оролцож, тамирчныхаа хувьд арвин туршлага хуримтлуулжээ. Харин энэ удаагийн олимпод өмнөх алдаагаа давталгүйгээр Парисын тэнгэрт төрийн далбаагаа мандуулах болтугай. 



Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин